Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр ХХААХҮЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх цар тахлын дараах орчинд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой техник туслалцааны “Tа-10099” төслийн нээлт өчигдөр боллоо. Уг төслийг АХБ-ны хоёр сая ам.долларын санхүүжилтээр гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хүнсний хангамж, аюулгүй байдал, хариу арга хэмжээний мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлж, хүнсний нийлүүлэлтийн тогтолцоо, сүлжээний ложистикийг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын стратеги боловсруулах аж.
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем нь дөрвөн модулиас бүрдэнэ. Үүнд хүнсний бүтээгдэхүүний үнийн болон хангамжийн мониторинг, эрт сэрэмжлүүлгийн модуль, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн анхан шатны хяналтын мэдээллийн сан багтана. Мөн дээрх төслөөс Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 36 дугаар тогтоолд тусгасан цөөнгүй зорилтыг биелүүлэхэд ХХААХҮЯ-нд дэмжлэг үзүүлэх гэнэ. “Tа-10099” төслийн гүйцэтгэгчийг АХБ сонгон шалгаруулсан ба олон улсын зөвлөхүүд, зөвлөх үйлчилгээний компаниуд оролцсон олон талт уулзалт өчигдөр болж, эхний судалгааг танилцуулж, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцжээ.