Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ахуйн осол эрс нэмэгддэгтэй холбогдуулан ГССҮТ-өөс сэрэмжлүүлэг түгээлээ. Тус төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн их эмч М.Өлзийдэлгэр “Иргэд аялал зугаалгаар явахдаа ахуйн хүрээнд архидан согтуурах, тулгарч болзошгүй аюулд бэлтгэлгүй байх, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулах зэрэг нийтлэг шалтгаанаас үүдэн гэмтэж бэртдэг. Энэ оны эхний зургаан сарын байдлаар хурдан мориноос унаж бэртсэн 28 тохиолдол бүртгэгдсэн. Хүүхдээр хурдан морь унуулахдаа хамгаалалтын хувцас өмсүүлж хэвших хэрэгтэй байна. Сүүлийн үеийн үер усны байдлаас үүдэн хөрсний бохирдол ихэссэн учир ил шархны гэмтэлтэй үед эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай. Түүнчлэн авто ослын тохиолдол нэмэгддэг тул тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурдаа тохируулан зорчихыг анхааруулъя” гэсэн юм.
Бэлтгэсэн: П.Анимаа