Нийслэлд хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, хоршоод Эрх чөлөөний талбайд эрт ургацын, 10 гаруй төрлийн нарийн ногооны дээжээс өчигдөр худалдаж эхлэн, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нарийн ногооны үнэ бусад дэлгүүр, худалдааны төвийнхөөс хямд буюу өргөст хэмхийг кг-ыг нь 6000, салатны навч нэг уутыг нь 1500 төгрөгөөр борлуулж буй аж.
Энэ жил салбарын яамнаас хүнсний ногоочдоо дэмжих зорилгоор төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 417 иргэн, аж ахуйн нэгжид 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Хүлэмжийн аж ахуй байгуулахад долоон иргэн, аж ахуйн нэгжид 4.76, зоорийн аж ахуй эрхлэхэд зориулж 13 аж ахуйн нэгжид 6.91 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгон, хаврын тариалалтыг технологийн хугацаанд эхлүүлэх нөхцөл бүрдүүлсэн аж. Мөн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор ил талбайн болон хүлэмжийн 13 төрлийн ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосныг ХХААХҮЯ-наас дурдлаа. Түүнчлэн 690 иргэн, аж ахуйн нэгжийн өнгөрсөн намрын ургацаас зах зээлд борлуулсан 40.1 мянган тонн, 10 төрлийн хүнсний ногоонд 4.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон бөгөөд урамшууллыг цахим системээр тасралтгүй өгч байгаа гэнэ.