Зургадугаар сарын 26-ний 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдлаа. Тодруулбал, тухайн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гарч булчирхайн төрлийн тарваган тахал гэдгийг тогтоогоод байна. Аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг зургадугаар сарын 27-ны өдрийн 02 цагаас хойш бүрэн хязгаарлах, Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Аймаг руу орох гарах хөдөлгөөнийг нээсэн бол аймгийн комиссын маргаашийн хурлаар Бугат сумын хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Өвчтөний биеийн байдал сайжирч, бусад эрхтэнд хүндрэл гараагүй байна. Мөн тус өвчтөний нэгдүгээр хавьтлыг бүрэн хяналтад авчээ. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа юм. Мөн булчирхайн төрлийн халдвар хүндрэлгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд илэрхийллээ. Одоогийн байдлаар цэргийн ангийн малын хэсэг, Бугат сум болон сумын эрүүл мэндийн төв, аймгийн төв гэсэн гурван газрыг анхааралдаа аваад байна.
Говь-Алтай аймаг нь тарваган тахлын голомт өндөртэй, эрсдэлтэй бүс учраас ард иргэд тарвага агнахгүй, өөр төрлийн мэрэгчид үхсэн байвал сэг зэмийг нь оролдохгүй байхыг анхааруулж байна.