Монгол хөгжимд дурласан, судалж, эрдмийн зэрэг хамгаалсан Жосеф Леранжис хэмээх монголоор сайн ярьж, бичдэг америк залуутай ярилцсан юм. Нью-Йорк хотод төрж, өссөн тэрбээрманай улсад зургаан жил амьдраад нутаг буцсан юм билээ. Эдүгээ АНУ-ын Корнеллийн их сургуулийн дэд профессор, ерөнхий хормейстерээр ажилладагаж. Хэдхэн хоногийн өмнө Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг Америкт тоглуулах ажил хөөцөлдөхөөр иржээ. Түүнтэй ийнхүү хөөрөлдөв.
-Та хаана мэргэжил эзэмшсэн юм бэ?
-Би хятад хэл, соёл судлаач, хөгжмийн гэсэн хос мэргэжилтэй. Симфони найрал хөгжмийн болон найрал дууны удирдаач мэргэжлийг “Rochester” их сургуулийн дэргэдэх “Eastman school of music”-д суралцаж эзэмшсэн юм. Тэнд магистр хамгаалаад, дараа нь Иелийн их сургуульд “Б.Шаравын туурвисан бүтээлүүд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
-Маш сонирхолтой юм.
-Тийм ээ. Түүний 1981 онд бичсэн “Замбуутивийн наран” магтуу, 1987 онд зохиосон II симфони, шилжилтийн үеийн дараах туурвилаас нь “Чингис хаан бат оршиг” магтуу гэсэн хөгжмийн гурван зохиолыг нь түшиглэж судалгаа хийсэн л дээ. Эдгээрийг хөгжмийн онолын зүгээс шинжилж, ажилласан юм.
-Энэ талаар тусад нь ярихаар үлдээе. Монголд яагаад ирэх болсон, яаж амьдарсан талаараа сонирхуулаач.
-Миний ах 2010 онд төрсөн өдрөөр минь надад хөөмийн бүтээл бүхий цомог бэлэглэсэн юм. Ах минь хөгжимчин. Азийн соёлын талаар “а” ч үгүй. Нью-Йоркоос бараг гарч үзээгүй байх. Тийм байж юу бодсон юм, надад ийм бэлэг өгдөг юм байна. Тэр цомгийг би бараг бүтэн жил сонссоны эцэст хөөмийд татагдсан. Сонсох бүртээ ямар сонин, содон авиа, аялгуу, ертөнц вэ гэж бодоод байлаа. Тэр цагаас хойш монгол хэл, соёл, хөгжим сонирхож эхэлсэн. Улмаар “Фулбрайт”-ын тэтгэлэгт хөтөлбөрт чухам энэ чиглэлээр суралцаж, судлахаар хамрагдаж чадсан юм. Бүтэн жил шахам бэлтгэж, материалаа өгөөд, хүлээж байхдаа бараг залбирч байв. “Энэ бол миний Монгол рууявах цорын ганц боломж байх шүү” гэж маш хүчтэй боддог байлаа. Тэгээд ч тэр юм уу, ямар ч байсан бүтсэн. Монголд ирсэн. Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагсад тухайн орондоо тодорхой хугацаанд англи хэл заах ёстой. Тиймээс би АШУҮИС-д долоо хоногт 20 цагийн хичээл зааж байлаа. Үүний зэрэгцээ “Эгшиглэн” сургалтын төвд морин хуур сурах болсон. Бас долоо хоногт 2-3 удаа монгол хэлний хичээл заалгадаг байсан.
-Ачаалал ихтэй байжээ. Тэгэхэд хэдэн настай байв?
-Би 21-тэйдээ Монголд ирсэн.
-Ямар улс оронд ирэхээ төсөөлж байвуу. Зарим нь мал, малчин хоёроос өөр юмгүй шахам орон гэж бодож ирдэг.
-Наашаа ирэх болоход нэгэн монгол найз минь “Чи заавал Монгол явах ёстой юм уу. Их хүйтэн шүү дээ. Улаанбаатарын амьдрал хэцүү. Халаасны хулгайч байдаг. Зодож ч магадгүй. Чи явна гэдэгтээ итгэлтэй байна уу” гэсэн. Би тухайн үед сонсоод л өнгөрсөн. Угаасаа явах болчихсон юм чинь, юу хэлэх вэ дээ. Гэтэл ирээд долоо хоноогүй байхдаа яг тэр найзынхаа хэлсэнчлэн хулгайд юмаа алдсан. Бас өвөл нь нүүр, нүдгүй зодуулсан. Шөнө замаас унаа авах гээд гараа өргөтөл машинаас 4-5 согтуу залуу гарч ирээд учир шалтгаангүй зодчихсон. Анхны жил энэ мэтчилэн хэцүү өнгөрлөө. Гэртээ харимаар ч боллоо. Гэтэл тэтгэлэгт хөтөлбөрөөр ирчихээд буцъя гэлтэй биш, юутай ч тэвчихээр болсон юм. Тэгж амаргүй нөхцөлд амьдарч байхдаа монгол хэл, морин хуураа сурсаар л байсан. Тэр согтуу залуучуудын тухай үе үе боддог юм. “Монгол бол адилхан л хүний соёлт ертөнц шүү дээ. Залуус яагаад ийм байна вэ. Харийн хүн соёлыг нь судлах гээд ирчихсэн байдаг. Гэтэл эндхийн хүмүүс ийм байдаг” гэх мэтээр бодно. Тэгэхдээ яах вэ, жилийн дараа сэтгэл цайрсан.
Удалгүй Улаанбаатарын гудамжаар аз жаргалтай алхдаг болсон шүү. Надад Монголын дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн янз бүрийн угсаатан хүмүүс, бас гадаадынхан Улаанбаатарт хэрхэн хамтаар амьдардаг нь сонирхолтой санагддаг юм.
АШУҮИС-ийн оюутнуудад англи хэл нэг жил заасны дараа “Америк сургууль”-д хөгжмийн багшаар ажилласан. Дунд, ахлах ангийнханд хичээл заасан юм. Тус сургууль Канад улсын нэгэн мужийн дунд сургуулийн хөгжмийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд гадаадаас янз бүрийн хөгжмийн зэмсэг захиалж авчруулсан байв. Сурагчид бага ангидаа сонгосон зэмсгээрээ ахлах анги төгстөлөө тоглоход, дараагийн шатны буюу их, дээд сургуульд ороход нь их хэрэг болдог. Их, дээд сургуульд хөгжмийн хамтлагт тоглох, багаар ажиллах чадвараа нэмэгдүүлэх, ер нь аливаад эерэг хандах зэрэгт тустай. “Америк сургууль”-ийн сургалтын энэ зорилго нь миний боддогтой таарч байсан тул их дуртай, идэвхтэй ажилласан. Эхлээд үлээвэр хөгжмийн анги бий болгосон. Дараа нь хийл, морин хийл зэргээс бүрдсэн утсан хөгжмийн баг үүсгэсэн. Найрал дуутай ч болов. Хүүхдүүд маш дуртай сурсан нь урамтай байлаа. Монгол хүүхдүүд хөгжмийг хурдан сурдаг, бас аливаад хурдан дасдаг юм байна лээ.
-Хаана ч, ямар ч ачаалалтай ажилласан, морин хуураа орхиогүй бололтой. Одоо эрдмийн зэрэг хамгаалсан сэдвийнх нь талаар ярья. Хөгжмийн зохиолч Б.Шаравын зохиолуудыг шинжлээд ямар дүгнэлт гаргав?
-Нийгэм солигдох явцад Б.Шарав гуайн хөгжмийн зохиол туурвих хэв маяг яаж өөрчлөгдсөнийг гаргаж ирэх зорилго тавьсан юм. Ялгаа ажиглагдсан. Хөгжмийн зохиолч уран бүтээлийн эхэн үедээ нэлээд орчин үеийн байдлаар бичдэг байсан бол 2000 оноос хойш, лав “Чингис хаан бат оршиг” магтуугаас нь харахад амьдарч буй нийгмийнхээ онцлогийг тусгах гэдэг болсныг олж харсан. “Энэ цаг үед хүмүүс юу сонсохыг хүсэж байна вэ” гэж өөрөөсөө асуугаад, пентатоник буюу монгол хэв маяг давамгай бүтээл төрүүлэх ёстой юм байна гэж бодсон юм шиг. Сүүлд гарсан намтрын номыг нь уншсан л даа. Түүнд Шарав гуайг аливаад яардаггүй, нэлээд бодож байгаад гол зүйлийг нь олж харсны дараа хөдөлдөг гэсэн утгаар бичсэн байсан. Одоо яг тийм хэмнэл үгүйлэгдэж байна шүү дээ. Өнөөдөр дэлхий даяар бүх юм маш хурдтай болчихсон. Болсон ч, болоогүй ч ажил, алжаал тайлах, гоо сайхан байх, дахиад ажиллах, амрах гээд бүх зүйлдээр дээрээсээ давхацсан нийгэм журам хаа сайгүй тогтжээ. Ийм цаг үед эсрэгээрээ Шарав гуай шиг аливаад аажуу, аливаа зүйлийн арга, ухааныг нь сайтар олж байж хөдөлдөг хэв маяг үгүйлэгдэж байх шиг. Түүний хөгжимд нийгэм талаас нь хандвал энэ мэтийг олж харахаар. Б.Шарав гуай I симфонио бичихэд нь үзэгчид төдийлөн хүлээж аваагүй гэсэн. Тэгэхэд нь тэр ямар нэгэн юм болсонгүй гэж үзээд, шалтгааныг өөрөөсөө хайснаар, эцэст нь өөрийгөө түүхий байна гэж үзсэн тул Монголоо тойрч аялсан, судалсан юм билээ. Орост сурч байсан сургуулиасаа чөлөө аваад явсан. Үр дүнд нь хоорондоо эрс ялгаатай бүтээлүүд төрүүлж. Миний судалсан гурав гэхэд тус бүртээ онцлогтой. Гурван өөр хөгжмийн зохиолч бичсэн юм шиг ялгаатай. Эндээс хөгжмийн зохиолч алхам тутамдаа амьдралаас, ард түмнээсээ, өв соёлоосоо суралцаж байжээ гэж харсан. Дараагийн сурах зүйлюу вэ гэж дандаа боддог байсан шиг санагдсан. Түүний энэ чанар бол Монголд, Америкт, ер хаана ч сургамж, үлгэр жишээ юм. Тийм хүн учраас хамгийн гоё хөгжмүүдийг зохиож, Монголын орчин үеийн сонгодог хөгжмийн хэв маягийг бий болгосон байх. Маш мундаг. Би үнэндээ тохирох тэмдэг нэр олж чадахгүй байна.
-Та яагаад Б.Шаравын бүтээлүүдийг судлахаар сонгосон юм бэ?
-Морин хуурт тоглож сурсан анхны бүтээл минь түүний “Сэтгэлийн эгшиг” байсан юм. Монголд ирсэн анхны жил сэтгэлээр унаж, буцахдаа тулаад байсан үед юу намайг тогтоосон бэ гэхээр морин хуур, хөгжим, тэр дундаа “Сэтгэлийн эгшиг” бүтээл байлаа. Гунихарсан хүн хар хүйтэнд морин хуураа чирээд л, автобусанд сууж гэртээ харина. Ороод хэсэгтээ хуураа тоглож байгаад босоход муу, муухай бүхнийг мартсан мэт уужирчихсан байдаг байв. Б.Шарав гуайн сэтгэл татам хөгжим намайг Монголд үлдээхээр чангааж байсан юм болов уу. Нэг л мэдэхэд 2017 он болсон. Би гэртээ хариад, сураад, төгсөөд, хоёр жилийн дараа дахиад л Монголыг зорин нисэж явлаа. 2019 онд эрдмийн зэрэг хамгаалах сэдвээ тодорхойлохоор ирсэн. Хөгжмийнхөнтэй уулзаж, ярилцаж явсаар ДБЭТ-ын ерөнхий хормейстер Н.Дашбямбатай учирсан юм. Түүнд хэрэг зоригоо хэлэхэд чиглүүлж өглөө. Хэлснийх нь дагуу Б.Шарав гуайн бүтээлүүдтэй танилцаад гайхсан. Ноотыг нь нээхэд л миний төсөөлж байснаас хамаагүй илүү байв. Жижиг, сажиг гэхээр атал маш нарийн, бодож, боловсруулсан арга, ажиллагаа харагдсан. Өмнө минь бүхэл бүтэн цоо шинэ ертөнц нээгдэх шиг боллоо. Би хөгжим рүү нь шумбаад орчихсон. “Энд ямар гамм хэрэглэсэн бэ, уртын дуу яваад байна уу даа, энэ юу вэ, гийнгоо юм уу” гээд л хаана, юу байгааг нь олж тогтоох гэж улайрч эхэлсэн. Тэгж би хайснаа, өөрөөр хэлбэл, юу судлахаа олсон юм.
-Тэр ямар бүтээлийнх нь ноот байсан бол?
-“Замбуутивийн наран” магтуу нь. Сонирхолтой нь, монгол ардын уртын дуунаас сэдэвлэсэн мэт авч, энэ бүтээлд ийм нэртэй уртын дууны ая, аялгуу байдаггүй. Б.Шарав гуай санаа, сэдвийг тэр уртын дуунаас авсан байж болох чая, аялгууг нь ашиглая гэж бодоогүй юм шиг. Ард түмний дуугаар хувийн бүтээл хийе гэж бодоогүй юм болов уу.
-Та Б.Шарав судлалаар “өвчилжээ”.
-Эрдэм судлалын ажлаа өргөжүүлэх шаардлага бий. Нэгэнт би Б.Шарав гуайн бүтээлүүдийг судалж эхэлсэн юм чинь цаашид гүнзгийрүүлмээр байна. Шинжилгээ, судалгааны бүтээлүүд хэвлүүлнэ. “Шарав судлал”-аараа ном гаргахыг зорьж байгаа. Бас Америк болон Монголд монгол, америк уран бүтээлчдийн хамтарсан хөгжмийн тоглолтын төсөл хэрэгжүүлэхийг хүсдэг. Энэ төсөлд Америкт амьдардаг төгөлдөр хуурч Э.Мөнхшүртэй хамтарч ажиллах юм.