Үндэсний их баяр наадмын хүрээнд “Дээлтэй Монгол-2023” наадмыг долдугаар сарын 9-ний өдрийн 11:40-22:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар Нийслэл Улаанбаатар хотыг Олон Улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход энэхүү наадам чухал үүрэгтэй. “Дээлтэй Монгол” наадамд 9 дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуурын Дээд Монголчууд хүрэлцэн ирж өөрийн угсаатны хувцасны онцлогийг үзүүлэхээр төлөвлөжээ. Тус наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын аялал жуулчлалын холбоо болон Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монгол костюмс” ХХК ажиллаж байна.