Хөгжмийн зохиолч, найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат “АНУ-ын “Disney on ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарсандаа баяртай байна. Мөн дэлхийд алдартай 104 жилийн түүхтэй алдарт “Ringling Brothers & Bailey” циркийнхэн домогт “Greatest show on earth”-оо тодорхой хугацаанд хаагаад, дахин нээхээр ажиллаж байгаа юм. Үүний хөгжмийн зохиолчоор ажиллах амаргүй бөгөөд хариуцлагатай ажилтай болжээ. Монгол хөгжмийн зохиолчийн хөгжим дэлхийн тайзуудаар сонсогдох нь. Маш их баяртай байна” гэж тэрбээр сэтгэгдлээ олон нийтийн сүлжээнд хуваалцсан юм. Энэ талаар хөгжмийн зохиолчоос тодрууллаа.
-Танд баяр хүргэе. Таныг бүдүүлгээр хэлэхэд олон улсын томоохон “тендер”-т яллаа гэж ойлгож болох уу?
-Сонирхолтой зүйрлэл байна. Ямартаа ч маш олон хөгжмийн зохиолч дундаас сонгогдчихлоо. Бас Америкийн нэг хөгжмийн зохиолч бий. Хоёул ажиллах юм.
-“Disney on ice-2023” нь есдүгээр сараас ирэх оны хавар хүртэл үргэлжлэх юм байна. Олон ч газар зохион байгуулах нь. Тэр болгонд хөгжим зохионо гэсэн үг үү?
-Тийм ээ. Америк, Европ даяар зохион байгуулдаг юм. Тэгэхээр тухайн шоу болгонд зориулж хөгжим зохиох байх.
-Цоо шинээр үү. Эсвэл өөрийн бүтээлүүдийг тохируулаад ашиглаж болох юм уу?
-Янз янз. Шинээр бичих нь дийлэнх байх болов уу. Эцсийн шийдвэрийг ерөнхий продюсер гаргана. Энэ шоу бол маш олон компани, продакшнуудын хамтын ажил байдаг.
-Гэхдээ л шалгаруулалтыг хэрхэн давж, сонгогдсон тань сонирхол татаад байна. Эсвэл өмнө нь Америкт олон жил амьдарч, ажиллах хугацаандаа тарьсан үр нь энэ хэрийн ургац өгч байна уу?
-Яг. Тэр үед Америкийн шоу ертөнцийнхөнтэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны үрээр өнөөдөр ийм хариуцлагатай ажилд томилогдлоо. Түүнээс биш Монголын хөгжмийн зохиолч байна, ийм бүтээлүүдтэй, ийм ажил хийх хүсэлтэй гэж төсөл бичээд, шалгаруулалтад өрсөлдөхөөр материал өглөө гэж бодоход бүтэхгүй. Тоохгүй. Би чинь тэгж байгаад “азтай туучий” шүү дээ.
-Ажлаа хэзээ эхлэх вэ?
-Шоуны нээлт есдүгээр сард болно. Тэгэхээр ажлаа удахгүй эхлэх байх. Хамгийн түрүүнд найруулагч нартайгаа тулж ажиллана.