АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа. Тэрбээр тус намаас Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх саналыг нэгтгэн боловсруулсан ажлын хэсгийн ахлагч юм.
-Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд танай намаас ямар санал оруулсан юм бэ?
-АН-аас 50 гаруй санал бэлтгэн, тусгуулахаар хүргүүлсэн юм. Бас төслөөс хасах шаардлагатай заалтуудыг ч нэрлэсэн. Эдгээрээс цөөхнийг нь шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна. Мөн шинэ нөхцөл байдал үүссэнийг харгалзах ёстой. Өөрөөр хэлбэл, уг төслийг өргөн барих үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй байсан. Иймд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эргэж харах шаардлагатай.
НЭР ДЭВШИГЧИЙНХЭЭ ЖАГСААЛТЫГ ХЭРХЭН ГАРГАХ НЬ ЯМАР НЭГЭН ЗОХИЦУУЛАЛТГҮЙ БАЙНА
-Эргэж харах ёстой зохицуулалт нь юу вэ?
-УИХ-ын сонгуулийг пропорциональ хувилбар бүхий холимог тогтолцоогоор явуулж, нам, эвслээс нэр дэвшигчийн хаалттай жагсаалт гаргахаар боллоо. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хамгийн эхний үе шат буюу намууд нэр дэвшигчийнхээ жагсаалтыг хэрхэн гаргах нь хуулийн ямар нэгэн зохицуулалтгүй байна. Энэ талаар Улс төрийн намын тухай хуульд тусган, тодорхой болгох шаардлагатай. Уг хуулийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэхтэй холбоотойгоор байгуулсан ажлын хэсгийнхэн төслийг санаачлагч Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, эл саналыг оруулах ёстой.
-Жагсаалтаар төдийгүй тойрогт нэр дэвших хүмүүсийг юуны түрүүнд ямар шалгуураар сонгох ёстой вэ. Та ямар байр суурьтай байдаг бол?
-Улстөрч хүн бодлого боловсруулах, олон нийттэй сайн харилцах, бусдыг дагуулах, багаар ажиллах гэх мэт олон чадвартай байх хэрэгтэй. Хамгийн гол нь улсынхаа хөгжлийг ахиулахад илүү хувь нэмэр оруулж чадах хүнийг л сонгож, дэвшүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, үүнд нийцүүлэн шалгуур тавих хэрэгтэй. Харин аль ч нам мөнгөний болон насны босго, шалгуур битгий тавиасай. Боловсрол, мэдлэг, ур чадварыг илүү харах нь зүйтэй.
-Ер нь Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхэд АН-ын зүгээс баримталж буй гол зарчим нь юу байв?
-Юуны түрүүнд иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг хангах баталгаа болох ёстой гэж үзэж байгаа. Иргэний улс төрийн эрхийг боомилсон, хязгаарласан зохицуулалт байх учиргүй.
Хоёрдугаарт, намын хатуу гишүүнчлэлээс татгалзах цаг нь болсон. БНХАУ-ын Коммунист нам 93 сая гишүүнтэй гэдэг. Монгол Улсад бүртгэлтэй бүх намын гишүүдийн тоог нийлүүлээд сонгуулийн насны хүн амд ногдох үзүүлэлтээр нь Хятадынхтай харьцуулбал бараг гурав дахин их болчихоод байгаа юм. Манай нийгмийн талцал, хуваагдал нь намын гишүүнчлэлтэй ихээхэн холбоотой.
Гуравдугаарт, дотоод засаглалыг сайжруулахгүйгээр намын нэрээр төрд ажиллаж байгаа хүмүүсийг хянаж чадахгүй. Тухайлбал, намын бодлогын шийдвэрийг гаргадаг, удирдах бүрэлдэхүүнийг сонгодог бүтцийг ардчилсан зарчмаар сонгож байгуулдаг механизм бий болгох шаардлагатай. Эрх баригч намын төлөөллийн төв байгууллага буюу Бага хурлынх нь тогтолцоог харъя. Бага хурлын гишүүнийг сонгохдоо намын дарга, Удирдах зөвлөлөөс санал болгон баталж байгаа нь ардчилсан зарчим биш. Намынхаа даргыг огцруулах нь битгий хэл, шүүмжлэх чадавхтай бүтэц, бүрэлдэхүүн тэнд алга. Хэрэв намуудын дотоод засаглалыг сайжруулахгүй бол өнгөн дээрээ олон намын тогтолцоотой мэт харагдавч энэ нь Монголд ардчилал устах хөрс суурь болно.
Ер нь намуудын төлөвшил эл хуулиас шалтгаална. Тиймээс ч энэ чиглэлээр нэлээд санал хүргүүлсэн. Мөн намын гүйцэтгэх удирдлага буюу ерөнхий нарийн бичгийн дарга, бусад нарийн бичгийн дарга нь төрийн улс төрийн албан тушаал хашиж болохгүй. Тухайлбал, намаа сонгуульд ялуулах үүрэг хүлээсэн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нөгөө гартаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайдын тамгыг атгаж байгаа нь ашиг сонирхлын асар том зөрчил юм шүү. Энэ нь төрийн бүхий л нөөц, татвар төлөгчдийн хөрөнгийг сонгуульд ашиглахад бэлтгэж буй хэрэг. Үүнийг таслан зогсоох ёстой. Уг нь МАН-ын дүрэмд ерөнхий нарийн бичгийн дарга нь өөр албан тушаал хашихыг хориглодог ч нэг хүнд зориулаад өөрчилчихсөн. Хуулиар зохицуулаагүй харилцаа ийм л байдаг.
Түүнчлэн сүүлийн үед төрийн захиргааны албан тушаалтнууд сонгуулиас зургаан сарын өмнө ажлаа өгөөд нэр дэвших явдал газар авч байна. Сонгуулийн бүтэн циклээр тооцвол ажлаа өгөхөөс өмнөх 3.5 жилд тухайн албан тушаалтан нэр дэвших бэлтгэлээ базааж байсан болж таарах нь. Хугацааны хязгаарлалтыг нь чангатгахгүй бол авлига, албан тушаалын хэрэг хэзээ ч буурахгүй. Сонгууль дахь мөнгөний нөлөөлөл ч багасахгүй.
ХЯНАЛТЫН МЕХАНИЗМ НЬ НАМУУДЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ АРГА ЗАМ БИШ
-Иргэний эвлэлдэн нэгдэх эрхийн эсрэг, одоогийнхоос дордуулсан ямар заалтууд байна вэ?
-Олон заалт бий. Сайн дураараа эвлэлдэн нэгдээд, нам үүсгэн, байгуулсан хүмүүс төлөөллийн төв байгууллагаа зөвхөн их хурлаасаа байгуулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, намын анхан, дунд шатны байгууллагын оролцоогүйгээр бий болгоно гэсэн үг. Энэ бол МАН-ын дүрмийг хуульчлах гэсэн оролдлого. Тэд их хурлаасаа төлөөллийн төв байгууллага болох Бага хурлаа байгуулдаг шүү дээ.
Хоёрдугаарт, намд төрөөс олгох санхүүгийн дэмжлэгтэй холбоотойгоор тавьж буй хяналтын арга замууд нь эвлэлдэн нэгдэх эрхийн эсрэг байна. Тухайлбал, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй бол сонгуульд оролцох эрхийг нь хязгаарлах, үйл ажиллагааг нь идэвхгүй болгох, татан буулгахаар байгаа юм. Эдгээр заалтыг хуулийн төслөөс хасах саналаа манай намаас илэрхийлсэн. Ер нь намуудын төлөвшил нь тасралтгүй үргэлжлэх амьд үйл явц байх ёстой. Одоогийн төслийг харвал намыг хянаж байж төлөвшүүлнэ гэж үзэж байгаа бололтой. Хяналтын механизм нь тэднийг төлөвшүүлэх арга зам биш. Жишээ нь, төрөөс санхүүгийн дэмжлэг, урамшуулал олгох нэрээр намын үйл ажиллагааг Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг төрийн хяналтын байгууллагын мэдэлд аваачих гэж байна. Энэ нь иргэний эвлэлдэн нэгдэх эрхээс гадна институцийн хувьд нам төлөвшиж, хөгжихийн эсрэг зохицуулалт юм. Улс төрийн намд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийн дор хэдэн төгрөгийг үйл ажиллагааны ямар чиглэлээр зарцуулахыг хуульчилж, түүнийгээ хянах нэрээр төрийн байгууллагуудын хараан дор байж болохгүй. Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих нь зөв ч дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалт, сонгуульд нэр дэвшүүлэх үйл явц нь төрийн биш, олон нийтийн хяналтын дор байх ёстой. Өөрөөр хэлбэл, аудитын дүгнэлтийг олон нийтэд ил болгох ёстойгоос бус, хэн нэгэн даргын харьяанд байдаг байгууллагаар хянуулж болохгүй. Энэ бол төр намын үйл ажиллагаанд оролцож буйгаас өөрцгүй хэрэг.
-АН төлөөллийн төв байгууллагаа яаж бүрдүүлдэг юм бэ?
-Манай нам анхан, дунд шатны байгууллагуудаасаа шууд сонгох зарчмаар Үндэсний бодлогын хороогоо байгуулж ирсэн.
-Олон нийтийн хяналт гэдгийг тодруулахгүй юу?
-Тухайлбал, санхүүгийн үйл ажиллагаагаа хөндлөнгийн аудитын байгууллагаар хянуулсан байх ёстой. Улмаар санхүүгийн төдийгүй өөр бусад тайлан, хүний нөөцийн мэдээллээ олон нийтэд ил тод, цахим хуудсандаа заавал байршуулж болно. Тухайн нам хэдий хэмжээний хандив, гишүүдийн татварын мөнгөөр юу хийсэн нь тэндээс ил тод харагдах учиртай. Сонгогчид аль намыг дэмжих вэ гэдгийг төрийн хяналтын байгууллага бус, олон нийт өөрсдөө шийдэх нь чухал.
ТӨРӨӨС ХЭТ ИХ САНХҮҮЖҮҮЛЭЭД ЭХЭЛБЭЛ НАМУУД “ХИЙМЭЛ” БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ
-Төрөөс олгох санхүүгийн дэмжлэгийг АН дэмжиж байгаа юу. Уг нь одоо ч парламентад суудалтай намуудад авсан санал болон УИХ-ын гишүүдийнх нь тоогоор төсвөөс санхүүгийн дэмжлэг өгч байгаа.
-Манай нөхцөлд нам байнгын үйл ажиллагаа явуулахад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ үүнийг хандивтай уялдуулах нь зөв. Тодруулбал, санхүүжилтийнхээ дийлэнхийг хандиваар бүрдүүлэх нь зүйтэй. Ингэж байж нам төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулна. Төрөөс хэт их санхүүжүүлээд эхэлбэл намууд “хиймэл” болох эрсдэлтэй. Цаашлаад эрх барьж байгаа нь санхүүжилтийн хэмжээг ихэсгэх замаар бусад намыг удирддаг болох ч эрсдэл бий.
Иргэдийн улс төрийн эрхээ эдлэх хэлбэр нь янз бүр. Зарим нь сонгуульд нэр дэвшиж байхад нөгөө нь нам, эвсэлд саналаа болон хандив өгч дэмждэг. Олон нийтийн хүсэн хүлээж байгаа хүнийг төрийн улс төрийн албан тушаалд томилох гүүр нь нам. Шударга, ил тод ажиллахыг иргэд тэднээс хүлээдэг. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаснаар намд хандив өгөгчийг урьдчилан тодорхойлчихсон. Өөрөөр хэлбэл, ийм байгууллага, хүнээс хандив авч болохгүй гэсэн заалт бий. Тухайлбал, сүүлийн дөрвөн жилд төрийн тендерт оролцсон компанийг намд хандив өгөхийг хориглохоор тусгасан. Мөн хугацаа хэтэрсэн өртэй байгууллагаас хандив авахыг хориглосон байгаа юм. Аливаа байгууллага хугацаа хэтэрсэн өртэй, эсэхийг нам шалган тогтоох боломжгүй. Ингэж намын хүлээх хариуцлага мэтээр тусгасан нь эвлэлдэн нэгдэх эрхийн эсрэг заалт юм. Мөн 100 төгрөг хандивласан байлаа ч бүхий л мэдээллийг нь шаардахаар тусгасан нь буруу. Дэмжиж буй намдаа хандив өгөхийн тулд хувийн мэдээллээ дэлгэхээс өөр аргагүйд хүрэх нь. Мэдээж томоохон хандивлагчдын өгөх мөнгөнд хязгаар тогтоохоос авхуулаад энэ мэт босго, болзол тавихыг үгүйсгэхгүй.
-Судлаачдын зүгээс хуулийн этгээдийн хандивыг бүр мөсөн хориглох санал тавьдаг. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Миний бодлоор тэднээс хандив авах нь буруу биш. Харин хандивт нь дээд хязгаар тавьж болно. Ер нь нам аль болох олон эх үүсвэрээс бага хэмжээний хандив авбал үйл ажиллагаа нь хариуцлагатай, тунгалаг байх нөхцөл бүрдэнэ. Үнэндээ аж ахуйн нэгжүүд хандив өгдөг бус, бизнесийн үйл ажиллагаанд нь төр халддаг, дээрэмдэн булааж авдаг улстөрчдийн эрин үед бид амьдарч байна шүү дээ. Тэднийг шоронд хийж байгаад сонгууль явуулдаг, нэр дэвшүүлэхгүй байх арга зам хайдаг болчихож. Манайх залуучуудын орон, тэдний эрх чөлөөний мэдрэмж сэргэж байгаад нь найдаж сууна.
-Намын гишүүнчлэлийн хувьд төсөлд хэд хэдэн янзаар ангилж тусгасан нь зүйтэй юм биш үү. Хэдийгээр АН, МАН хэдэн зуун мянган гишүүнтэй гэдэг ч бодит байдлаас хол зөрж мэдэх юм.
-АН-ын зүгээс дэмжигч болон сонгуульт гишүүн гэсэн хоёр статустай байх санал дэвшүүлж байгаа. Дэмжигч гишүүн татвар төлсөн, эсэхээс үл хамааран намын анхан шатны байгууллага буюу үндсэн нэгжээ байгуулахад оролцох эрхийг нь хязгаарлаж болохгүй. Өөрөөр хэлбэл, татвар төлөөгүй гэдэг шалтгаанаар эрхээ хасуулах учиргүй гэж үзээд байгаа юм. Нам нь бүх шатны сонгуульт байгууллагын гишүүдийнхээ мэдээллийг цахим хуудсандаа ил тод байршуулах ёстой. Ингэснээр тухайн сонгуульт гишүүн хаана, ямар албан тушаал хашиж байна, эзэмшдэг компани нь төрийн худалдан авах ажиллагаанд оролцсон уу гэдгийг олон нийт мэдэх боломж бүрдэнэ. Ингэж байж үр дүнд нь төр ч, нам ч цэвэршинэ.
Манай нийгэмд авлига, албан тушаалын хэрэг ихсэж байна. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн бүрэлдэхүүний хэдэн хувийг намын сонгуульт ажилтан эзэлж байна вэ гэдэг нь ноцтой түвшинд хүрсэн. Жишээ нь, МАН-ын Бага хурлын хэчнээн гишүүн тэнд ажиллаж байгаа бол. Цаашид ажиллуулсаар л байх уу. Улс төрийн эрх мэдлээр дамжуулж төрийн өмчид халддаг явдлын үндэс, суурь нь энд бий. АН-ын хувьд намын сонгуульт гишүүнийг Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд ажиллуулахыг бүр хориглох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Эрх баригч намыг шүүмжлээд буйдаа бус, ийм байдал даамжирвал Монголын ардчилал устана.
-Засгийн газраас УИХ-д өргөн барьж, хэлэлцэж эхлээд буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг баталбал УИХ-ын гишүүн аливаа тендерт оролцдоггүй, хамаарал бүхий этгээдээ албан тушаалд томилоход нөлөөлдөггүй байх зэрэг олон хязгаарлалттай нүүр тулах юм билээ. Зарчмын хувьд үүнтэй агаар нэг саналыг танай намаас дэвшүүлээд байна уу?
-Энэ бол эрх баригчдын хийж буй сонгууль угтсан популизм. Улс төрийн албан тушаалтантай хамаарал бүхий байснаараа тухайн хүн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, бизнес эрхлэх эрхээ хязгаарлуулж болохгүй, Үндсэн хуульд ч нийцэхгүй. Ийм хууль баталбал Үндсэн хуулийн цэц дээр “унана”. Үүнийг ч эрх баригчид мэдэж байгаа. Харин намын хэмжээнд сонгуульт албан тушаалыг сайн дураараа хашихаар болбол хийхийг зөвшөөрсөн ажлыг нь тодорхой заах ёстой гэж бид үзэж буй.
Ер нь өнөөгийн эрх баригчид хоёр зүйлийг ойлгохгүй, хольж хутгаад байгаа юм. Төрөөс зарласан тендерт оролцохдоо хууль зөрчин, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулиар зохицуулна. Тусгайлсан хуультай, хууль, хяналтын байгууллага хариуцдаг асуудал шүү дээ. Гэтэл төрийн худалдан авах ажиллагаанд шударгаар оролцож, олсон ашгаасаа дэмждэг намдаа итгэл үнэмшлийнхээ дагуу хандив өгөх нь өөр хэрэг. Гэмт хэрэг үйлдсэн, эсэхээс нь үл хамааран эрхийг нь хязгаарлавал бидний бүтээх гэж зорьж байгаа эрхзүйт нийгэмд харш. Өнөөгийн эрх баригчид тухайн асуудлынхаа мөн чанарыг ойлгож шийдвэрлэхээс илүү олон нийтэд таалагдахын тулд үйл ажиллагаа явуулж, дураараа авирлаж байна.