Хайр гэж юу юм бэ, бид хайраас татгалзаж болно гэж үү. Гэр бүлийн харилцаанд хүүхэд хэр чухал вэ.
Найруулагч М.Батболд бидний толгой дээр дахиад л цахиур хагалж орхив. Энэ удаад найруулагч залуу Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” зохиолыг “барьж” авчээ. Хайртайгаа хэлж, илэрхийлж чадахгүй, сэтгэлийн мухартаа торлочихоод, өөрөө хүн дүрстэй араатан болж буй нэгний тухай жүжигт өгүүлнэ. Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус, эд хөрөнгө, хөнгөн жаргал, хүсэл шуналдаа дөрлүүлсэн Хавхыг хараад үзэгчдийн сэтгэл хоосорч мэдэх юм. Зарим нь лавтай үзэн ядах биз. Нөгөө талдаа үзэсгэлэн гоо, уянга ялдам, уян налархай хөдөлгөөнөөрөө мянга мянган эрийн зүрх сэтгэлийг соронзодсон ч ганцхан Хавхад л буй бүхнээ зориулж, түүнтэй л хамт байж, гэрлэж, хүүхдийг нь тээхийг хүссэн Шубиратай үзэгчид танилцахдаа сэтгэл нь эмтэрсэн биз.
Хавхын дүрд УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн тоглож, түнэр харанхуйг илэрхийлжээ. Хүмүүс ихэнхдээ түнэр харанхуйд дурлаж, тачаадан зүтгэдэг мэт. Харин Шубирагийн дүрийг УДЭТ-ын залуу жүжигчин Д.Асардарь бүтээж, орчлон чинь ийм гэрэл гэгээтэй бил үү гэх уужралыг авчирна. Өөрийг нь нөмөрсөн түнэр харанхуй, атаа хорсол дундуур туучаад гарахад бэлхэн, турьхан хонгор эмэгтэйн хүсэл хийгээд хүрэх эцсийн цэг ердөө л Хавх юм. Аа гэхдээ хэтэрхий их хүслийг хясал үргэлжид сүүдэрлэх нь бий. Эгзэг нь таарвал хань хамсаатан хийгээд хамгийн дотнын нэгэн чинь чамаас урваж, ар өврөөр чинь гэтэж, асга хавцлын оройгоос ангал ёроол руу түлхчихдэг түүх үеийн үед давтагддаг нь гашуун үнэн. Их хотын залуус өнгөрсөн өдрүүдэд энэ л үйл явдалд хөтлөгдөн “Улаанбаатар” зочид буудлын их танхимыг зорьж, “Шөнө дундын бүжиг”-т саатсан юм. Их танхимын голд тансаг тайз засжээ. Тойроод үзэгчдийн суудал. Жүжигчид харин найман зовхист харж, харилцаж, мэдэрч тоглоно. Дэлхийд энэ төрлийн тайз засалт элбэг л дээ. Гэхдээ Монголд энэ төрлийн тайз засалт, шоу анхдагч болж чадсаныг үзэгчид шивэр авир хийж, “Улаанбаатар” зочид буудал, “Орфей” театр хамтраад шинэлэг санаачилга гаргажээ гэлцэнэ. Шинэлэг болоод соньхон жүжгийн тасалбар нь эрэлт хэрэгцээтэй, сүүлдээ олдохоо больсон сураг дуулдсан.
Одоо Дудраг та бүхэнтэй танилцуулъя. Энэ Дудра гэгч Шубирад дурлачихсан юм. Бүр хайртай ч болчихсон юм уу, бүү мэд. Үйлдэл нь ихээ алсуур. Зайдуухан дагаад, аргадаад, гуниглаад л. Жүжигчин С.Батзориг эл уймарсан нөхрийн дүрийг чамбай гаргажээ. Од нь таарахаар шүүрч үл чадах нэг тийм, “цөсгүй” нөхөр. Бүр Амигогийн далайлт дор орхичихоод зугтчихсан. Амиго гэж хэн бэ гэж үү. Хавхын заналт дайсан тэрбээр хөрөнгө мөнгөтэй, танил талтай, уурга нь урт, ухаан нь гүн, товчхондоо ихээхэн хор, хартай этгээд. Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар атаа жөтөөгөө далдалж, ар нуруундаа үүрчихээд, аядуу зөөлөн дуугарах Амигог уртай бяртай л бүтээж гэхээс өөр юү гэх вэ. Дээр дурдсан тодорхойлолтод дурдсаны дагуу ямар нэг хор, хов хутгаад, сүүдэрт үзэгдэж, наранд нугдайж, Хавхын “Midnight dance club”-ыг булаахаар сэм төлөвлөж буй нэгэн. Тэр ч бүү хэл, Хавхыг тасар тасчаад, дээр нь хонгор Шубираг нь өөрийн болгоод, адаг сүүлд нь мөн л хад асган дээрээс халиачихъя гэх далд жатгатай. Энэхүү хорон төлөвлөгөөндөө Дудраг хавчуулсан яваа юм. Өөрт нь ухаангүй хайртай гэж итгэж явсан Шубира түүнийг урвагч, биш ээ бууны нохой гэдгийг мэдвэл яах бол. Хавхад хайртай Анка Шубирагийн ар өврөөр болж буй дээрх бүх үйл явдлыг зүгээр хараад суухгүй нь мэдээж. Өөрийн хүсэл тачаалдаа нийцүүлээд Шубирагийн чихэнд юу шивнэчихээ мэднэ. Аргагүй шүү дээ, Шубирагаас өрсөж, Хавхын хүүхдийг тээж чадсан Анка “Midnight dance club”-ын хатан хаан болохын тулд өрсөлдөгчөө хяхан хавчиж, багтрааж, галзууруулж, багалзуурдахын тулд юу эсийг сэтгэх билээ. Эз нь хатгаад хүсэл нь унтарч мэдэх юм. Залуу жүжигчин Н.Нархажидад олон хүн баяр хүргэж харагдсан. Дүрээ чадварлаг бүтээснийх биз ээ.
Амиго яагаад өс зангидав. Учиг нь загвар өмсөгч С.Төгсийн бүтээсэн дүр байх болно. Бүдгэрч мартагдсан эртний явдлыг Хавхад сануулсаар С.Төгс гарч ирдэг. Цааш үйл явдал хэрхэн өрнөх вэ гэж үү. “Улаанбаатар” зочид буудлын их танхимд бороо шаагина. Усан бороо уйтайхан шавшиж, Шубира нимгэн даашинзтай ч дагжиж чичрэхийг үл мэдэн, бас цуцаж эцэхээ мэдэхгүй гүйнэ. Хаашаа тэр яарна вэ, хэн рүү тэмүүлнэ вэ. Үзэгчид харин амьсгал даран адал явдал хэрхэн өрнөхийг хүлээх нь даажинтай. Бороо, дарс, үнэртэн. Гарт байсан цэцэгс газарт унана. Тэгээд цус...
Цагаан бүтээлгээр ороосон цогцос тэвэрсэн Дудра тайзнаас гуйвж дайван бууна. Хэн ч юм харанхуйгаас “Яв, зугтаа. Энхрий хонгор түүнийг минь намайг марттал хайрлаарай” хэмээн цурхирах. Гаслангийн дууны араас Амиго гарч ирчихээд газарт хэвтээ Хавхын цээжин дээр гишгэлж, “Үгүйрсэн бүхнээ нэхэн санаж, хайртай байсан болгоноо санан дурсаж, хачин ихээр харуусаж, амьтай, амьгүй завсар харуусаж амьдар. Чи үхэх ёсгүй” хэмээн шүднийхээ завсар сийгүүлэх нь нуруу хүйт оргимоор. Харанхуйд шигдсэн Хавхыг шорон орон ч, зовлон шаналал ч, хайр сэтгэл ч аварч чадсангүй. Хүслээ гүйцээсэн Амиго ч сэтгэлээ амарлиулж дийлсэнгүй. Ялсан, ялагдсан хоёр яг адилхан. Сэтгэлийн мухартаа шаналантай. Гэхдээ хувь тавилан хаашаа ч эргэж болно. Харанхуй хэзээ ч гэрлийг бөхөөдөггүй.
Дахин мэндэлсэн “Шөнө дундын бүжиг” 11 үдэш үзэгчдийг ийн байлдан дагуулаад уржигдар хаалтын тоглолтоо хийв. Үзэгчид жүжгийн төгсгөлд “Би хэн юм бэ”, “Юуны төлөө амьдарч ирээ вэ”, “Амьдралын утга учир юу сан билээ” гэдгээ лавтай ухаарсан болов уу. “Шөнө дундын бүжиг” дуусаж, “Улаанбаатар” зочид буудлын их танхимаас гарахад урдаас түнэр харанхуй угтав. Харих зуур сар нэг алсарч, эс бөгөөс ойртох шиг. Чи учрах ёстой хүнтэйгээ учирсан уу. Учирсан бол хожим нь харамсахгүйгээр хайрлаж чадсан уу. Замын дундаасаа буцсан уу. Хосын тухай, хайрын тухай, харилцааныхаа тухай бодож хариа даа, үзэгчид.
Эцэст нь дурдахад, жүжгийн ерөнхий продюсероор зохиолчийн хүү Ж.Билгүүн, Т.Ариунчимэг,ерөнхий зураачаар Л.Батбилэг нар ажиллажээ. Жүжгээ амжилттай тавьж дуусгасан хамт олонд баяр хүргэе.