Ардчилсан намын Стратеги, бодлогын судалгааны хүрээлэнгийн тэргүүн З.Нарантуяатай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш АН дотооддоо нэлээд зөрчилтэй байлаа. Хоёр хуваагдаж, зөрчилдсөөр сүүлийн үед эвлэрэх шатандаа орж байна. АН-ын дотоод ардчилал, уур амьсгал ер нь ямархуу байна вэ?
-Сонгуулиас хойш АН дотооддоо эв нэгдлээ хангах, үйл ажиллагаагаа боловсронгуй болгоход чиглэсэн ажлуудыг хийж байна. АН-ын даргын шийдвэрээр Стратеги, бодлогын судалгааны хүрээлэнг байгууллаа. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарын хямралууд, ардчиллын хөгжилд тулгарч байгаа сорилт, бэрхшээлийн суурь шалтгаан, хүчин зүйлсийн талаар шинжлэх ухааны олон эх үүсвэртэй судалгаанд тулгуурласан, үнэн зөв ойлголттой болж, алдаа, оноогоо эхлээд хүлээн зөвшөөрөх шаардлагатай байна. Өнгөрсөнд нэгийгээ буруутгах гэхээсээ илүү хаана, хэзээ, яаж алдаж вэ гэдгээ дүгнэх нь чухал. Ардчилалд хандах дэлхий нийтийн чиг хандлага, хөгжил, дэвшил, үнэт зүйл, үзэл санааны өөрчлөлтүүд, идеологиудад баримжаалж, дүн шинжилгээтэй, бодит мэдээллээр АН-ын удирдлага, нийт гишүүн, цаашлаад иргэд, олон нийтийг тогтмол хангаж байх тинк танк институцтэй болгох зорилгоор энэ ажлыг хариуцаж байгаа. Ардчилсан нам гэдэг томоохон институц нэг дээвэрт орж, нэгдсэн бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх болж байгаа нь маш том алхам юм. Намын шинэ дарга үүнийг хийх зорилгоор багаа нэгтгэн ажиллаж эхэлсэн.
-Монголд нэг намын тогтолцоо бий болоод удлаа. Сөрөг хүчин АН-ыг хүчтэй байгаасай, буцаад өндийгөөд ирээсэй гэж олон нийт хүсэж байгаа. Та бүхэн 2024 онд энэ хүлээлтэд хүрч чадах уу?
-АН бодлогын хувьд эрх баригчдаас ялгагдах талаа харуулах зорилготой. Бид үүнийг хийж чадна. Ардчилсан нам нийгмийн шинэчлэл, өөрчлөлтийг хамгийн зоригтой хийдэг улс төрийн хүчин байсан учраас АН-ыг сэргээсэй гэсэн хүлээлт иргэдэд байдаг. Ялангуяа өрхийн орлого буурсан, халаасанд байгаа 100 мянган төгрөгийн 13-14 мянга нь инфляцад идэгдэж, алга болоод байгаа учраас хүмүүсийн худалдан авах чадвар доройтож, ядуурал руу гулсаж, бухимдал их болсон. “Сант марал” сангийн судалгаагаар нийт иргэний 45 хувь нь одоогийн төр, засагтаа итгэхгүй, 83.7 хувь нь төрийн үйл ажиллагаанд бүрэн шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзсэн байна. Улс төрийн нам эрх барих үедээ ард түмнийхээ сайн сайхан амьдрах нөхцөлийг хангаж, аюулгүй орчныг нь бүрдүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь, улс төрийн хүчнүүд үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгааг судалгааны үр дүн харуулсан.
Ардчилсан нам иргэдийн итгэлийг эргүүлж олж авахын тулд дотоод зохион байгуулалтаасаа эхлээд үйл ажиллагаа, хөгжлийн бодлого, загвар гээд бүх зүйлээ шинэчлэх алхмыг зоригтой хийж байгаа. АН сайжирч, өнөөгийн Монголын иргэдийн амьдралд тохирсон ардчиллын шинэ брэндийг бий болгох шаардлагатай байна. Үйл ажиллагаагаа цэгцлэх, цаг үеийн шаардлага, хэрэгцээндээ нийцүүлж, бодлогын болон бүтэц, зохион байгуулалт, зарчимдаа шинэ өнгө төрх оруулах, дотоод соёлоо өөрчлөхөд тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Хямралын хоёр жилд намын үе үеийн лидер, гишүүд, идэвхтнүүд үүнийг маш сайн ойлгосон.
Намын аппаратыг мэдлэг, чадвартай, улс төрийн мэдрэмжтэй, шинэ үеийн төлөөллөөр сэлбэж, хурдтай ажиллах шаардлагатай учраас өөрийн төлөөний хүнийг тэнд томилуулах гэж жижигхэн зөрчил үүсгэхийг бодлогын хувьд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаагаа би нуухгүй. Судалгаа, шинжилгээ, шинэлэг санаа, загвар хөгжүүлэхэд олон хүний оролцоо, оюун ухаан, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, цэгцтэй ажиллагаа, зохион байгуулалт дутагддаг. Энэ намын үүсгэн байгуулагчдаас эхлээд залуу үеийн төлөөлөл бүрийн санаа бодлыг сонсох хэрэгтэй. Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан холимог тогтолцоо улс төрийн намуудыг төлөвшилтэй, хариуцлагатай, хөгжлийн загвар, концепц нь маш тодорхой байхыг шаардаж эхэлж байна. Ер нь намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөрөөр, улс төрийн хүчний хувьд боловсронгуй болж байнга шинэчилж, өөрчилж байх хөгжлийн стратеги зураглалгүй явж ирснээс эрх мэдэл, мөнгөтэй хүмүүсийн халаасны нам болтлоо дампуурч, дотоод зодоондоо туйлдаж, хүний нөөцийн хувьд ч тамирдсан байна.
Иргэд эх орондоо эрх чөлөөтэй, хувийн өмчтэй болж, бүтээж, үйлдвэрлэн сайн сайхан амьдрах энгийн зүйлийг л хүсэж буй. Гэвч одоо хүртэл зах зээлийн эдийн засаг нь бүрэлдэж чадахгүй, дундаж давхаргаа бий болгоогүй, ядуурал нь даамжирсан, орлогын тэгш бус байдлын зааг ялгаа улам холдсон. Улс төрийн намууд нь төлөвшөөгүй, ардчиллын зарчмаар сонгогдсон төрийн түшээд нь ч улсаа удирдаж чадахгүй, Засгийн газар, парламент нь чадавхжаагүй, авлигач, хулгайчдаар дүүрчихээд байна. Өөрөөр хэлбэл, төсөөлж байсан ардчиллын чанар нь биеллээ олоогүй болохоор иргэдийн итгэл алдарч эхэллээ.
-Хэдэн жилийн талцалдаа цэг тавьж, намын даргаа сонгосон. Гэвч Л.Гантөмөр даргыг Боловсролын зээлийн сангаас эрх мэдлээ ашиглаж зээл авсан гэсэн мэдээлэл гарлаа. Түүнийг намын дарга хийх ёс зүйгүй хүн учраас огцруулна гэсэн байр суурьтай гишүүд бас байх шиг байна.
-УИХ-ын сонгууль болоход нэг л жил үлдлээ. Одоо бидэнд дотоод зохион байгуулалтаа дахин өөрчлөх, буцах, бутрах эрх байхгүй. Үүнийг манай намынхан сайн ойлгосон. Иргэд биднийг хурдан нэг дээвэр дороо орж, цаашаа хөгжлийн үе шат руугаа яваасай гэж хүсэж байна. Манай намын зуу зуун гишүүн ч ингэж хүлээж буй. Тиймээс бид богино хугацааны үйл ажиллагааны стратегиа тодорхойлно. Энэ бол 2024 оны УИХ-ын сонгуульд баримталж орох мөрийн хөтөлбөр юм. Дунд хугацаандаа манай нам тогтсон институц болж хөгжихөөр төлөвлөөд ажиллаж байна. Тиймээс намын даргыг солих тухай яриа байхгүй. Үндэсний бодлогын хороо 400 орчим гишүүнтэй, тэдний дунд янз бүрийн өөр үзэл бодолтой хүн байхыг үгүйсгэхгүй. Хоёр жилийн турш үргэлжилсэн тэмцлийн үр дүнд бий болгосон нэгдлээ задлах нь энэ улс оронд шинэ бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй намын хувьд зорилгоосоо буцсан үйлдэл шүү дээ.
БЭЛТГЭГДЧИХСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД УЛС ТӨРД МАНЛАЙЛАХАД 40 ХУВИЙН КВОТГОЛ ДЭМЖЛЭГ БОЛНО
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд анх удаа аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувь байх заалт тусгаж, эхний хэлэлцүүлгээр дэмжлэг аваад байна. Хэрэв энэ саналаасаа ухарчихгүй л бол томоохон дэвшил болох нь.
-Энэ бол маш том дэвшил. Эрх баригч болон парламентад суудалтай бүх намын эрэгтэй гишүүд нийгмийн шаардлагыг сонсож, мэдэрч байгаа нь яах аргагүй дэвшил мөн. Аль нэг нам гэхээс илүү Монголын улс төрд өөр үе ирж, шинэ салхи үлээж буйг харуулж байгаа явдал. Энэ саналаасаа ухрахгүй батална гэж найдаж байна.
Эмэгтэй боловсон хүчин хангалттай байхгүй гэсэн яриаг эрэгтэйчүүдээс гадна бүсгүйчүүд ч заримдаа гаргадаг. Нийгэм, эдийн засаг, улс төр, хүмүүнлэгийн салбар болон төрийн албанд ямар олон эмэгтэй бэлтгэгдчихсэн байгааг олж хараагүй, мэдэхгүй хүмүүс л ийм яриа үүсгэж буй юм. Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын 77-78 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгааны дүн бий. Эмэгтэйчүүд өнгөрсөн хугацаанд маш их суралцаж, боловсролоо дээшлүүлчихсэн. Дэлхийн нэр хүндтэй, том их, дээд сургуулиудад зөвхөн хүмүүнлэгийн биш, цөмийн эрчим хүч гэх мэт нарийн мэргэжлээр суралцаад ирсэн. Монгол Улсыг хөгжүүлэх, ажиллах хүчний цөм болсон 30-45 насны эмэгтэйчүүд байна. Тэд олноороо тус тусынхаа салбарт амжилттай ажиллаж байгаа. Нийгмээ өөрчлөх, зөв шийдвэр гаргахын тулд улс төрд орж ирэхэд нь 40 хувийн квот маш том дэмжлэг болно. Уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн намууд эмэгтэйчүүдэд үүд хаалгаа илүү өргөн нээж өгөх ёстой. Аль хэдийн бэлтгэгдчихсэн тэдгээр эмэгтэй ч бас үзэл баримтлалтайгаа нийцэх улс төрийн намуудыг сонгоод, зоригтойгоор УИХ-ын сонгуульд өрсөлдөөсэй гэж хүсэж байна.
-Ирэх оны сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулна. Мажоритар тогтолцоогоор тойрогт өрсөлдөх эмэгтэйчүүдээс илүү ур чадвар, хүч хөдөлмөр шаардана. Тэднийг намууд хэрхэн сонгох хэрэгтэй бол?
-Аль нам илүү олон эмэгтэйг сонгуулж чадах вэ гэдэг нь стратеги, тактикаас хамаарна. Тойрогт өрсөлдөөд сонгогдох магадлалтай, чадварлаг эмэгтэйчүүдээ олон нийтэд хэрхэн зөв таниулж, сонгуулийн кампанит ажлыг яаж амжилттай удирдах нь чухал. АН-ын хувьд бид үүн дээр ажиллаад эхэлчихсэн. Олон эмэгтэйг судлаад, тойрогт нь ажиллуулж, хувь хүнийг нь бэлдэх “30-300” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.
-Эмэгтэй хүнрүү нийгмийн зүгээс илүү дайрдаг хандлага бий. УИХ-ын болон шат шатны сонгуульд өрсөлдөхөд бүсгүйчүүдээ яаж зоригжуулах вэ?
-Эмэгтэйчүүд эвлэлдэж нэгдээд, бүсгүйчүүдээ улс төрд амжилттай оролцоход хамтран ажиллах нь маш чухал. Бие биеийнхээ эсрэг дайрдаггүй, сошиал сувгаар ямар нэг сөрөг контент цацахгүй, сурталчилгааны үед буруу, худлаа зүйл түгээхгүй байх хэрэгтэй. Өөрөө сонгуульд өрсөлдөөд ялагдсан ч нөгөө бүсгүйдээ боломж олгодог, араас нь зогсож буй мянга мянган эмэгтэйн урмыг мохоохгүй ажиллахад анхаарах хэрэгтэй. Тухайн нэр дэвшигч эмэгтэйчүүдийн ёс зүйн асуудал л даа. Ийм хэмжээний ёс зүйн төлөвшилтэй бүсгүйчүүд олноороо байсан цагт манлайлах зорилгодоо хүрнэ. Тиймээс бүсгүйчүүд минь улс төрд орох шийдвэрээ зоригтой гаргаарай. Улс төрд эмэгтэй хүн оролцоход маш олон саад бэрхшээл байдаг. Гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөхөөс эхлээд нийгмийн хандлага, доромжлолыг даах сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал. Нэгэнт улс төрд зүтгэе, хүч, мэдлэгээ зориулъя гэж шийдсэн бол ухрах зам байдаггүй.
АЛДАХ НЬ АЛДААД, ХИЙХ НЬ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙТАЛ НИЙГЭМ АЯНДАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ
-Нэг эмэгтэй гишүүн алдаа гаргахад зөвхөн тэр хувь хүнийг биш, нийтэд нь хамааруулж ярьдаг. Гэтэл эрэгтэй гишүүдэд тэгж ханддаггүй. Та УИХ-ын сонгуульд нэр дэвшээд, парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж, энэ замыг биеэрээ туулсан хүн шүүдээ. Хийгүй эмэгтэй гишүүдийн нэг байсан учраас тан руу нийгмийн дайралт бараг ирээгүй байх. Гэхдээ эмэгтэй улс төрчид иймэрхүү хандлагыг яаж даван туулах вэ?
-Улс төрд өөрийгөө бэлдэнэ гэдэг их чухал. Өнөөдөр бодоод л маргааш нь улс төрд орохоор гэнэт шийддэг хүн бараг байхгүй. Би хаана очиж, юу хийх гэж байгаа билээ гэдгээ юуны өмнө сайн ойлгох хэрэгтэй. Ямар зорилго хэрэгжүүлэхээр бодлогын түвшинд ажиллах гэж байгаа билээ гэдгээ тодорхойлчихсон хүмүүс л улс төрд хэрэгтэй нийгмийн зүтгэлтэн болдог. Үүний төлөө ёс зүй, мэдлэг, мэргэжил, үг үйлдэл гээд бүх зүйлээ анхаарч ажиллана.
Намууд улс төрд орж буй залуу хүмүүс, эмэгтэйчүүд, дараа үеийнхнээ туршлагажуулж, мэдлэг олгон бэлддэг академик сургалтын байгууллагатай байх учиртай. Сүүлийн үед АН, МАН ийм сургалтын байгууллагатай болж, хүмүүсээ бэлддэг боллоо. Алдаа гаргахаас сэргийлэхийн тулд үг хэллэг, үйлдэл, гадаад үзэмждээ анхаарч ажиллахаас эхлээд удаан хугацааны бэлтгэл хэрэгтэй байдаг. Ийм бэлтгэлгүйгээр улс төрд орж ирсэн хүмүүс алдаа гаргах тохиолдол бий. Иргэдийн жендерийн талаарх мэдлэг, боловсролтой ч бас холбоотой. Эрэгтэй гишүүдийн алдааг томруулж хардаггүй атлаа эмэгтэйчүүд рүү илүү дайрдаг. Тиймээс аль болох олон эмэгтэй гишүүн парламентад сонгогдож, алдах нь алдаад, хийх нь хийгээд явж байтал нийгэм аяндаа хүлээн зөвшөөрдөг болно.
-Таны хувьд улс төрд орохын тулд өөрийгөө хэдий хугацаанд бэлдсэн бэ?
-Миний ажил, амьдралын туршлага намайг улстөрч болгоход бэлтгэж өгсөн гэж ойлгодог. Монгол Улсын банк санхүү, эдийн засгийн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн төсөл боловсруулах “гал тогоо”-ны ажлыг Төвбанканд 10 гаруй жил хийсэн. Монголбанк бол Монгол Улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг гол байгууллага. Тэнд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй олон хуулийн төслийг боловсруулахад ажилласан. Хуульч мэргэжлээсээ гадна эдийн засагч болж, дараа нь төрийн удирдлагаар мэргэшсэн. Энэ явцдаа төрийн дээд байгууллагад хэрхэн ажиллах, цаашлаад яаж оновчтой бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх шаардлагатай талаарх туршлага хуримтлуулсан.
-Шат дамжлагаа туулаад, туршлага мэдлэг хуримтлуулсаар УИХ-ын түвшинд хүрч ирэх нь бас чухал. Гэтэл намын жагсаалтаар нэр дэвшүүлэхэд төрийн ажлын туршлагагүй, мөнгөтэй хүнд боломж нээдэг сул талтай. Бүрэн бэлтгэгдэж амжаагүй хүмүүс ороод ирнэ гэсэн үг.
-Холимог тогтолцоо нь улс төрийн намуудыг хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгт бодолтой хандаж сургадаг. Нийгмийн бүх давхаргын төлөөлөл парламентад орж ирэх нь ардчиллыг бэхжүүлэхэд чухал. Гэхдээ сонгогдсоныхоо дараа дуу хоолойгоо хүргэж, нөлөө бүхий улстөрч байж чадах, эсэхэд бэлтгэгдсэн байдал, туршлага хамаардаг. Тиймээс улс төрд орох бодолтой л байгаа бол биеэ эртнээс бэлтгэх хэрэгтэй.
-2012-2016 оны парламентад 11 эмэгтэй сонгогдож, албан бус бүлэг байгуулаад маш сайн ажилласан гэж боддог. Тэр үед АН олонх, эмэгтэй гишүүд нь ч тоогоор илүү байсан. Тамхины болон Архины хяналтын тухай хуулийг тэд санаачлан батлуулж байлаа. Сүүлийн хоёр парламентын эмэгтэй гишүүд тэдний дайнд хүрч ажиллаж чадахгүй байх шиг. Үүний шалтгаан нь юу юм бол?
-2012-2016 онд АН-аас парламентад зургаан эмэгтэй УИХ-д сонгогдсон. Үүний өмнөх гурван жилд АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос бүсгүйчүүдээ бэлтгэх хөтөлбөр, сургалтууд зохион байгуулсан нь маш их тусалсан. Тэр үед одоогийн Иргэний оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл АЭХ-ны тэргүүн, би дэд дарга нь байлаа. Бид эмэгтэйчүүдээ үе шаттайгаар, удаан хугацаанд бэлдсэний хүчинд зургаан бүсгүйг УИХ-д сонгуулж чадсан. Улс төрийн намууд хүний нөөцдөө анхаарч, дараа дараагийн хүмүүсээ сайн бэлдвэл үр дүнд хүрдгийн жишээг АЭХ-ны тэр үеийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа харуулдаг л даа.
НЭМЭЛТ ОРЛОГЫГ ТАРААХ БИШ, ИРЭЭДҮЙД УЧИРЧ БОЛОХ ЭРСДЭЛД ЗОРИУЛАН ХАДГАЛАХ ЁСТОЙ
-Парламентаар ирэх оны төсвийг тодотгохоор хэлэлцэж байна. Анх удаа төсвийн орлого давж биелсэнтэй холбоотойгоор тодотгол хийж байгааг онцолсон. Эдийн засгийн нөхцөл байдал цар тахлын өмнө үед хүрч сэргэлээ гэж буй ч иргэдийн амьдрал улам л хэцүү болоод байна. Энэ өсөлт яагаад иргэдэд бодитоор мэдэгдэхгүй байна вэ. Эдийн засаг ч хүний хувьд та ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
-Эрх баригч нам, Засгийн газрын тэргүүний мэдэгдэлд эдийн засаг 7.9 хувиар өслөө, нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.доллар давлаа, төсвийн орлого анх удаа нэмэгдлээ гэж дүгнэж байгаа. Цаасан дээр бол энэ тоонууд эдийн засгийн хямрал, нийгмийн амьдралын шийдээгүй олон асуудалд нөлөөлөх бодитой үр дүн мөн үү гэвэл үгүй. Энэ нь зөвхөн арванхоёрдугаар сараас хойш гаргаж буй нүүрсний хэмжээ тав дахин өссөнтэй холбоотой орж ирсэн орлогын л тоон үзүүлэлт юм. Манай эдийн засгийн нөхцөл байдал эрсдэлийн ирмэг дээр байгаа хэвээр. Экспортолсон нүүрснийхээ орлогыг бүгдийг нь оруулж ирж чадахгүй байгаа учраас төлбөрийн тэнцэл алдагдалтай явна. Тиймээс улсын валютын нөөц хангалттай биш байна. Үүнээс болоод инфляц өндөр, түүнд эзэлж буй гадаад хүчин зүйл хэвээр байхад бид олсон мөнгөө тараах биш, ирээдүйд учирч болох эрсдэлд зориулан хадгалах ёстой.
-Гэтэл одоо нэмэлт орлогыг цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд голдуу зориулахаар төсвийн тодотголд тусгаж оруулж ирээд байна шүүдээ.
-Инфляц ийм өндөр байхад түүнд нөлөөлж буй гол хүчин зүйлээ улам өдөөж, халамжийн бодлого явуулж, цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөнд зарах гэж байна. Өнөөдрийн хувьд цалин багатай иргэд, хүүхдийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг хүмүүст энэ шийдвэр таалагдана. Сүүлийн гурван жил цалин нэмж чадаагүй Засгийн газар амлалтаа биелүүлсэн мэт гоё харагдана. Гэвч эргээд гарах сөрөг үр дагавар их, инфляц буухгүй. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрнэ. Тэдэнд банк санхүүгийн байгууллагаар дамжиж очдог мөнгийг л тараагаад байна гэсэн үг. Ажлын байрыг олноор нэмж, хүн бүрт орлого олох боломж олгодог бодит сектороо дэмжих нь хэрэгтэй юү, нэг удаа мөнгө тараах нь илүү юү гэдгийг дэнсэлж үзэх хэрэгтэй. Гэвч үе үеийн Засгийн газар төсвийн орлого даваад ирэхээр ингэж мөнгө тараадаг алдааг давтсаар ирсэн. Энэ нь эргээд өнөөдрийн урагшлахгүй, хөгжихгүй, улсын төсөв байнга алдагдалтай гардаг, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өсөхгүй, бодит амьдралын чанарт өөрчлөлт гарахгүй байгаагийн суурь шалтгаан болж байна. Үүнийг арилгахын төлөө Засгийн газар ажиллах ёстой байтал улам өдөөх түр зуурын арга хэмжээ авах нь оновчтой биш. Засгийн газрын бодлого ярьж буй шигээ сайхан биш байна.