Монголын хөлбөмбөгийн спортод амжилт гаргаж яваа олон залуус бий. Тэдний нэг нь “Хангарьд” клубийн тоглогч З.Тэмүүлэн. Тэрбээр 2017-2019 онд зохион байгуулсан аймгийн АШТ-д багийнхантайгаа оролцож, аваргаар шалгарч байв. Улмаар Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд лигт хүрэл медаль хүртэхдээ клубийнхээ нэрийн өмнөөс гоолын самбарт нэрээ гаргасан хамгийн залуу тамирчнаар тодорсон. З.Тэмүүлэн хөлбөмбөгийн ногоон талбайд үргэлжилж буй “Mobi premier league 2022-2023” тэмцээнд өрсөлдөж, улирлын 23 тоглолтын дараах байдлаар багийнхнаасаа 14 гоол оруулсан юм. Лигийн мэргэн буучдын жагсаалтын зургадугаарт бичигдсэн түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Энэ спортод хөл тавьсан түүхээ сонирхуулаач.
-Би Орхон аймгийн унаган иргэн. Хүүхэд байхаасаа спортод сонирхолтой, гүйж харайх дуртай. Өдгөө “Хангарьд” клубт тав дахь жилдээ тоглож байна. “Mobi premier league 2022-2023” хөлбөмбөгийн улирлын хаалтын тоглолт ойртож, Холбооны цомын тэмцээн эхэлсэн болохоор завгүй байгаа. Зургадугаар ангийн сурагч байхдаа зурагтаар гарсан хөлбөмбөгийн ДАШТ үзээд хичээллэх хүсэл төрж, тоглож эхэлсэн. Ямар ч спорт хүнд зөв хүмүүжил, төлөвшил олгодог. Тиймээс энэ спорттой нөхөрлөөд муу зуршлаасаа салж, бусдыг хүндэлж сурлаа. Мөн тэсвэр хатуужил, тууштай байдалд суралцсанаар эерэг өөрчлөлтүүд гарсан. Хамгийн зөв дадал нь өглөө эрт босож сурсан даа.
-“Mobi premier league 2022- 2023” тэмцээний тоглолтод олон дасгалжуулагч багаас ойж байгаа. “Хангарьд” клубийнхэн хэний удирдлагад оролцож байна вэ?
-Манай клубийн ахлах дасгалжуулагчийг А.Эрдэнэбаяр гэдэг. Тэрбээр 2020 он хүртэл “Хангарьд” клубт тоглодог байсан юм. Дасгалжуулагч маань багийн тамирчдадаа сайн зөвлөдөг, хариуцлагатай нэгэн. Зан чанарын хувьд нийтэч, хүн бүртэй сайхан харилцдаг багш бий.
-Хөлбөмбөг бол багийн спорт. Амжилт гаргах үндэс нь юу вэ?
-Тамирчин бүр өөр хариулт хэлэх байх. Миний хувьд хийж буй бэлтгэлийн техникээ өөрийн болтол эзэмших хэрэгтэй гэж боддог. Олон удаа бэлтгэл хийсний үр дүнд бүх зүйлийг нэг л мэдэхэд сурсан байдаг юм.
-Тэмцээнд оролцох үед, эсвэл бэлтгэл сургуулилалт хийхэд хүндрэлтэй зүйл гардаг уу?
-Дуртай болоод ч тэр үү, хэцүү санагддаггүй. Хамгийн гол нь бие, сэтгэл зүйгээ сайн бэлдэх нь чухал. Хожил, хожигдол спортын талбарт байдаг энгийн зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар ч нөхцөлд гэрийнхэнтэйгээ ярилцах нь хамгийн зөв гэж боддог.
-Та гэр бүлтэйгээ ярилцах хэрэгтэй гэлээ. Ингэхэд хэр дэмждэг вэ?
-Аав, ээж, эмээ, өвөө бүх талаар дэмжиж тусалдаг. Аав эхэндээ тийм ч таатай хүлээж аваагүй. Тууштай, идэвхтэй хичээллэх тусам хүлээн зөвшөөрч эхэлсэн. Амжилт гаргахад тууштай байдал их нөлөөлдөг.
-Тоглолтын үед сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ. Багийнхан тань сэтгэл зүйчтэй хамтарч ажилладаг уу?
-Сэтгэлзүйчтэй байнга хамтарч ажилладаггүй. Гэхдээ дасгалжуулагчид багийнхаа тоглогчдод анхаарал хандуулдаг. Тухайн өдрийн тоглолтын өмнө биеийн байдал, сэтгэл зүйд нь төвлөрч, зөвлөгөө өгдөг болохоор тэмцээний үед нэг их хүндрэл гардаггүй. Миний хувьд бэлтгэл хийхдээ сэтгэл зүйгээ ч сайтар бэлддэг.
-Шигшээ багт хөл тавьсан тэр өдрийн мэдрэмжээсээ хуваалцаач?
-Сэтгэл догдлоод маш их баярлаж байлаа. Хамгийн түрүүнд гэрийнхэндээ дуулгасан. Эх орныхоо өмнөөс олон улсын тэмцээнд оролцох нь сайхан ч үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагддаг. Тэр үед бэлтгэлээ өмнөхөөсөө илүү хийж, ур чадвараа ахиулах ёстойг ойлгосон юм. Миний хувьд шилдэг тамирчин, дасгалжуулагчдын олонтой харилцах харилцаа, сахилга бат, мөн бусад орны багийн тоглогчдоос хэрэг болох олон зүйл мэдэж авдаг. Шигшээ багт шилдгүүд л дуудагддаг болохоор туршлага, чадвараас нь суралцах боломжтой.
-Бэлтгэл хийхдээ юунд анхаардаг вэ?
-Өөрийгөө нээж, амжилтын төлөө илүү хичээхээс гадна цагаа зөв төлөвлөж, нойр, хооллолтдоо анхааран, гэмтэл бэртлээс сэргийлэх шаардлагатай байдаг.
-Тамирчин хүнд чөлөөт цаг ховор гардаг юм билээ. Таны хувьд хэрхэн үр дүнтэй өнгөрүүлдэг вэ?
-Тэмцээний товлосон хугацаа ойртсон үед бэлтгэлийн ачаалал улам нэмэгддэг. Тоглолтгүй үед ч байнгын бэлтгэлтэй байхын тулд тогтмол хийдэг. Зөвхөн амралтын өдрөөр гэртээ өнждөг юм. Чөлөөт цагаараа найзуудтайгаа гадуур гарч, тархиа сэргээх дуртай. Мөн гэртээ тэмцээний бичлэг үзэж өдрийг өнгөрүүлдэг дээ.
-Хөлбөмбөгт сонирхолтой хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч.
-Ямарваа нэгэн зүйлээр хичээллэж, түүндээ амьдралаа зориулахад маш их золиос шаарддаг. Хүнд хэцүү, бууж өгмөөр санагдана. Гэхдээ тэр бүхнийг даван туулаад, шантралгүй зүтгэвэл амжилт ойрхон байдаг гэж боддог. Хамгийн гол нь бэлтгэлээ чин сэтгэлээсээ хийгээрэй. Битгий эргэж буцаарай гэж зөвлөе.
Бэлтгэсэн: Н.Болоршүр