Хөдөө аж ахуйн их сургуулийн зөвлөх багш, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Р.Бүүвэйбаатартай ярилцлаа. Тэрбээр тус сургуульд 40 гаруй жил багшилж буй бөгөөд 1991 онд анх улаан буудайн үрийн чанарыг дээшлүүлж, ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд цахилгаан орон ашиглах талаарх судалгаа хийн техникийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Улмаар дээрх судалгаагаа гүнзгийрүүлэн 2022 онд Шинжлэх ухааны академиас техникийн шинжлэх ухааны докторын зэрэг авчээ.
-Та улаан буудайн чанарыг дээшлүүлэх, ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд цахилгаан орон ашиглах талаарх судалгааг 40 гаруй жил хийн, эрдмийн зэрэг хамгаалжээ. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Улаан буудай бол стратегийн хүнс. Чанар сайтай, ургацын хэмжээ их байх тусам л эдийн засагт өгөөжтэй. Манай улсад аль ч төрлийн таримал тариалахад хими технологийн арга ашиглаж хэвшсэн. Бордоо, хөрсний шим тэжээлийг сайжруулагч зэргийг хэрэглэдэг гэсэн үг. Тэгвэл физик технологийн аргаар үрийн чанар, ургацын хэмжээг нэмэгдүүлж болно. Энэ нь улаан буудайн үрийг цахилгаан, ионоор үйлчилнэ гэсэн үг. Ийм цахилгаан, ион үүсгэдэг “ҮТЦБМ-7”-г(үр тарианд цахилгаан боловсруулалт хийх машин) зохион бүтээсэн. Энгийнээр хэлбэл, үрийг машинд хийн, цахилгаан гүйдэл өгнө. Гүйдлийн тусламжтайгаар ион бүхий орчин үүсэн, үрийг ионжуулна гэсэн үг. “ҮТЦБМ-7” ньцагт долоон тонн үрийг цахилгаан боловсруулалт хийх хүчин чадалтай. Үүгээр боловсруулсан үрийн чанар харьцангуй дээшлэхийн зэрэгцээ га-гаас авах ургацын хэмжээг 30 гаруй хувиар ахиулж буй. Туршилтаа цөөнгүй аж ахуйн нэгжийн талбайд хийсэн.
-Манай улс га талбайгаас дунджаар хэдэн центнер ургац авч байна вэ. Энэ нь дэлхийн жишигтэй харьцуулахад ямар бол?
-Манайхтай цаг агаарын нөхцөл ойролцоо Канадад га талбайгаас 19.6-21, Буриадад 13-14 центнер ургац авдаг гэсэн судалгаа бий. Харин Монголд 2020 онд 10.8, 2021 онд 15 центнер ургац авсан. Ер нь сүүлийн таван жилд жил бүр дунджаар 11 центнер ургац авсан. Тэгвэл үрийг ионжуулснаар лабораторийн соёололт 2.9, хээрийн соёололт 1.3, буудайн амьдрах чадвар 2.3 хувиар нэмэгддэг. Улаан буудайн амьдрах чадвар гэдэг тун чухал үзүүлэлт. Энэ нь100 ширхэг үр суулгахад хэд нь соёолж байгааг илэрхийлдэг үзүүлэлт юм. Мөн нэг удаа ионжуулсан үрээр гурван жил дараалж тарьж болно. Гурван жил тутам нэг удаа ионжуулна гэсэн үг. Хаврын тариалалт эхлэхээс 20 орчим хоногийн өмнө таримлын үрийн соёололтыг дээшлүүлхээр нарлуулж, сэлгэдэг. Тэгвэл энэ хугацаанд бидний зохион бүтээсэн машинд үрийг хийх хэрэгтэй. Улаан буудайн үрийг 0.5-2 секунд цахилгаан гүйдэлд байлган, түүнээс хойш 10-20 хоногийн дотор суулгах нь тохиромжтой гэж дүгнэсэн.
Цахилгаан ионы технологи улаан буудайн ургацын бүтцэд хэрхэн нөлөөлж байгааг хээрийн туршилтын үр дүнгээс харахад хүчтэй нөлөөлж, буудайн бүтээгдэхүүнт бутлалт 9.2, ургамлын урт 4.1, түрүүний урт 16.2, түрүүн дэх үрийн тоо 10 хувиар өссөн. Мөн үрийн жин 1.1 грамм, түрүүний урт 0.8 см, түрүүн дэх үрийн тоо 2.2-оор нэмэгдсэн байсан. Энгийнээр хэлэхэд, хүмүүс ионжуулсан ус эрүүл мэндэд сайн, мөн зарим эд эрхтнийг цахилгаан гүйдлээр цохиулбал сэргэж, идэвхэждэг гэдэг. Үүнтэй л адилхан. Химийн бодис хэрэглэхгүйгээр физик аргаар үрийг өдөөж, чанарыг нь сайжруулж байгаа хэрэг. Үрийн үе давхарга бүрт бичил цахилгааны орон үүсэн, цэнэглэгдэнэ. Энэ нь ургацын талбайн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зөвхөн үр болон ургацын хэмжээ, чанарыг ахиулж болох зөв шийдлийн нэг. Нэг машин 6200 га талбайд тарих үрд цахилгаан боловсруулалт хийх хүчин чадалтай. Тэгвэл нэг машинд зөвхөн улаан буудайн үр боловсруулахад 774 орчим сая төгрөгийн ашиг олно. Улсын хэмжээнд 340 000 га талбайд буудай тариалан, бүх үрийг нь ионжуулбал нэг жилийн ургацын ашиг 42 тэрбум төгрөгөөр өсөх боломжтой.
-Бусад таримал, хүнсийг ионжуулж болох уу?
-Болно. ШУТИС-ийн зарим багш махыг ионжуулж, хадгалах хугацааг нь уртасган, чанарыг нь алдагдуулахгүй байх судалгаа хийсэн. Миний хувьд бүх төрлийн таримлын үрийг цахилгаан ион бүхий орчинд оруулах буюу ионжуулбал чанарт нь сайнаар нөлөөлж, ургацын хэмжээг өсгөнө гэж дүгнэж буй.
-Олон улсад ийм арга технологи хэрэглэдэг үү?
-Ийм аргаар таримлын үрийг боловсруулбал үр дүнтэй байхыг анх 1961 онд ОХУ-ын эрдэмтэд судлан, газар тариалангийн салбарт ашиглаж эхэлсэн. Би тэднээс санаа авч, Монголд ийм технологийг хэрхэн нутагшуулах, юу хийж болоход анхаарч 1991 онд анх судалгааны ажлаа тайлагнаж байв. Улмаар манай орны цаг уурын нөхцөл, үрийн шинж чанарт нийцсэн машин бүтээсэн.
-Машины эд ангийг хаанаас авдаг вэ. Үнэ ханш нь хэдтэй байдаг бол?
-Одоогоор нэг машиныг 9-12 сая төгрөгөөр угсрахаар байна. Гэхдээ бараа, түүхий эдийн үнэ өдөр ирэх тусам өсөж байгаатай холбоотойгоор үнэ нь нэмэгдэж магадгүй. Урд хөршөөс төмөр болон бусад материалыг авдаг. Ганцаараа эл машиныг хийгээгүй, цөөнгүй инженер, зохион бүтээгчтэй хамтран ажилласан.
-Машиныг одоо хэрэглэж буй аж ахуйн нэгж бий юү. Үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэрхшээл тулгарч байна уу?
-Хонгорын сангийн аж ахуйгаас гадна ганц хоёр аж ахуйд ашиглаж байгаа. Мөн өрхийн аж ахуйтнууд цөөнгүй хэрэглэдэг. Машиныг захиалгаар нийлүүлж, ажиллуулах арга, технологийг зааж өгдөг. Заавал машин гэхгүйгээр ионжуулагч төхөөрөмж суурилуулан, ашиглавал илүү хямд тусна. Ионжуулагч төхөөрөмжийг мөн бид угсарч, нийлүүлэх юм. Нийтийн хэрэглээнд төдийлөн ашиглаж эхлээгүй л байна. Уг нь цахилгаанаар ажилладаг, энгийн бүтэцтэй машин. Механикийн цехтэй, токарь, гагнуур, өрмийн машинтай байхад болдог.
-Туршилтаа хаана хийсэн бэ?
-Бид 40 жил л туршилт, судалгаа хийсэн гэсэн үг. Хувийн, сургуулийнхаа болон аж ахуйн нэгжүүдийн талбайд туршсан. Түүнчлэн эрдмийн ажлаа ОХУ-ын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлүүлж, Монголд сүүлийн жилүүдэд найман удаа илтгэл тавьж, танилцуулсан. Хамгийн сүүлд ШУА-ийн эрдэмтдэд бүтээлээ тайлагнан, докторын зэргээ хамгааллаа.
-Та хөдөө аж ахуйн салбарт олон жил ажиллажээ. Салбарынхаа хөгжлийг хэрхэн дүгнэх бол?
-Төрийн дэмжлэгтэй л салбар юм аа даа. Төр, засгаас нэлээд харж үзэн, зээл тусламж олгодог. Мөн шаардлагатай үрийг импортоор авдаг болж. Уг нь өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан, сайн үр нутагшуулж, их хэмжээний хөрөнгө зарахгүйгээр аж ахуйгаа аваад явах боломжтой. Ганд тэсвэртэй, түргэн болцтой сорт л нутагшуулах хэрэгтэй. Манайд зарим сортыг 2-3 жил тариалаад чанар нь муудаад байна. Үрийн чанарыг дээшлүүлэхэд ганц, хоёр төрлийн арга ашиглаад байж болохгүй. Олон арга турших хэрэгтэй. Мөн эрдэмтдийн саналыг төрийн бодлогод тусгах шаардлагатай байна. Ахмад эрдэмтэн, инженерүүдэд олон жил боловсруулсан, туршиж баталсан инновац, санаа шийдэл олон бий. Ахмадуудын үгийг төдийлөн тоохгүй, хийж бүтээснийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжихгүй байна л даа.
-Манай улс хүнс экспортлогч орон болох зорилт тавьсан. Боломж хэр бий гэж харж байна вэ?
-Бүрэн боломжтой. Манай улс өргөн уудам газар нутаг, төдийлөн эвдэрч сүйдээгүй хөрстэй, хөдөө аж ахуйн орон. Хүнсний бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг өсгөн, хангамжийг л нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний тулд заавал тариалангийн талбайн хэмжээг ахиулахгүйгээр хими, физикийн аргаар үр, хөрсөө тордон, ургацын чанар, хэмжээг өсгөж болно. Ялангуяа бид тосны ургамал, улаан буудай, гурилын экспортоос их орлого олох боломжтой.
-Аль сургуулийг ямар мэргэжлээр төгсөн хөдөө аж ахуйн салбарт ажиллаж эхлэв?
-МУИС-ийг 1979 онд хөдөө аж ахуйн цахилгаан хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Тухайн үед манай улс атар газар эзэмшээд 20 жил ч болоогүй байсан үе. Хөдөө аж ахуйн салбарт цахилгаанжуулалтыг нэвтрүүлж, олон тоног төхөөрөмж шинээр ашиглаж эхлэн, ажил ид бужигнаж байсан үе. Тэр цагаас л хөдөө аж ахуйн цахилгаан хангамжийн мэргэжилдээ улам дурлан, сургуулиа төгсөөд тухайн үеийн Хөдөө аж ахуйн дээд сургуульд багшилж эхэлсэн. ХААИС-д цахилгаан хангамжийн мэргэжилтэн бэлтгэдэг болгох гэж мөрөөдөж явсаар 2002 оноос ийм мэргэжил олгож эхэлсэн. Өдгөө 20 жил өнгөрч, 1000 гаруй цахилгааны инженер төгсгөсөн байна.
-Та бас өрхийн аж ахуй эрхэлдэг гэсэн үү?
-Улаан буудай, овьёос, арвай, төмс, хүнсний болон нарийн ногоог Төв аймгийн нутагт тарьдаг. ХААИС-ийн зөвлөх багш учраас шаардлагатай үед л хичээл заадаг. Ихэвчлэн эрдмийн ажлаа хийхийн зэрэгцээ зун сургууль амармагц л талбай дээрээ ажилладаг. Хөдөө аж ахуйн цахилгаан хангамжийн мэргэжилтэй учраас өөрөө газар дээрээ ажиллаж байж л туршилтаа хийнэ шүү дээ. Үрээ Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийнхнээс авдаг. Мөн ургацаа өөрийн зохион бүтээсэн техникээр хадаж, тармаж, боогчоор боон борлуулдаг.
-Хадуур, тармуур хийдэг юм уу. Бусад үйлдвэрийнхээс юугаараа ялгаатай вэ?
-Давуу тал нь хямд юм даа. 300-400 мянган төгрөгийн хямд үнээр хийчихэж байгаа юм. Багаж, тоног төхөөрөмжийнхөө стандарт эд ангийг худалдаж аваад л өөрсдөө гагнаад хийдэг. Нэг хадуурыг гэхэд энэ хавар бараг хоёр сая төгрөгөөр импортолсон юм билээ. Тэгвэл стандартынх нь тоног төхөөрөмжийг аваад өөрсдөө угсарч, гагнаж хийвэл үүнээс 30-40 хувиар хямд, эдэлгээ сайтай багажтай болно. Нэмж хэлэхэд, хөдөө аж ахуйн багаж болон ионжуулагч машин бүтээх арга техникийг суралцах хүмүүст туслахад бэлэн. Эдгээрийг ашиглан бүтээгдэхүүний чанар сайжирч, ургацын хэмжээ нэмэгдээсэй л гэж бодож явдаг даа.