Улаанбаатар хотод зохион байгуулсан Азийн физикийн 23 дугаар олимпиадаас манай улс нэг хүрэл медаль хүртсэн. Энэ нь олон улсын физикийн олимпиадаас 14 жилийн дараа хүртсэн хоёр дахь хүрэл медаль болсныг зохион байгуулагчид онцолсон юм. Нэр хүндтэй, томоохон уралдаанд оролцож, эх орныхоо нэрийг гаргасан нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч Л.Дөлгөөн болон түүнийг энэ амжилтад хөтөлсөн Ж.Хатанбаатар багштай ярилцлаа. Энэ удаагийн олимпиадад оролцсон сурагчдыг МУИС-ийн Д.Улам-Оргих тэргүүтэй дөрвөн багш дасгалжуулсан ч Л.Дөлгөөнийг физикт дурлах, тууштай хичээллэх, амжилтад хүрэх суурийг Ж.Хатанбаатар багш тавьжээ. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд түүнийг шавийнх нь хамт урамшуулсан юм.
-Юуны түрүүнд танд баярхүргэе. Ийм амжилт үзүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Нэг их итгэлтэй байгаагүй. Монгол Улс Азийн физикийн олимпиадаас өмнө нь тоотой хэдхэн хүрэл медаль хүртэж байсан юм билээ. Энэ олимпиадад эх орноо төлөөлөн оролцоно гэдэг нэр хүндийн хэрэг. Шилдэг 16 хүүхдийн нэг болж оролцсон нь л миний хувьд маш том амжилт байлаа. Тиймээс өөрийгөө хүчилж, дарамтад оруулаагүй. “Чадахаараа л хичээгээд үзье” гэж бодсон.
-Улс, нийслэлийн олимпиадад тогтмол оролцдог гэж дуулсан. Олон улсаас хүртсэн анхны медаль нь гэсэнүү?
-Азийн физикийн олимпиадад анх удаа орлоо. Өмнө нь Казахстаны олимпиадад хоёр удаао ролцсон. Энэ олимпиад цар хүрээ бага боловч зарчим, шалгуурын хувьд Азийнхаас ялгаагүй өндөр. Тэгэхээр надад нэлээд туршлага болсон.
-Хүмүүс хүрэл медалийг “дүү” дагуулдаг, өнгө хувиргах боломжтой гэж ихэд бэлгэшээдэг юм билээ.
-Тэгэлгүй яах вэ.
-Энэ удаагийн олимпиадын даалгаврууд хэр хүнд санагдсан бэ?
-Хүнд атлаа сонирхолтой бодлогууд өгсөн. Өмнөх олимпиадуудын бодлогыг бэлтгэлийн үеэр бүгдийг нь бодож байлаа. Тэдгээртэй харьцуулахад үнэхээр чанартай, чансаа сорьсон бодлогууд байлаа.
-Хэр хугацаа өгөв?
-Олимпиад онол, туршилт гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Эхний өдөр онолын гурван бодлогыг таван цагт бодох даалгавар өгсөн. Туршилтын ажил нь хоёр даалгавартай. Мөн ялгаагүй ийм хугацаа олгосон.
-Өгөгдсөн хугацааг үр дүнтэй ашиглаж чадах, эсэхээс их зүйл хамаардаг. Л.Дөлгөөн ямар тактик, арга барилаар даалгавраа гүйцэтгэсэн бэ?
-“Үнэхээр бодож чадахгүй бодлогоо нэг цагаас илүү хугацаагаар битгий оролд. Дараагийнх руу нь шилж. Хэрэв чадаж байвал үр дүн гаргахын төлөө хичээ” гэж багш нар минь захисан. Яг л энэ зарчмыг баримталлаа. Онолын эхний бодлогоо хоёр цаг гаруйн хугацаанд бодоод, дараагийнх руу нь орсон. Туршилтын даалгавар дээр эхний ажилдаа хоёр орчим цаг зарцуулсан боловч амжилттай болоогүй. Харин хоёр дахийг нь үлдсэн цагтаа багтааж гүйцэтгээд нэлээд боломжийн үнэлгээ авсан.
-Азийн олимпиадад оролцох багийг их сургуулийн багш нар давхар дасгалжуулсан нь та бүхний хувьд том боломж, үнэ цэнтэй хөрөнгө оруулалт байсан болов уу?
-Сургууль дээрээ байх хугацаандаа Ж.Хатанбаатар багштайгаа бэлдсэн. Үүний зэрэгцээ өнгөрсөн намраас их сургуульд бэлтгэл хийж эхэлсэн юм. МУИС-ийн Физикийн тэнхимийн Д.Улам-Оргих гэж мундаг багш бий. Олон хүүхдийг томоохон олимпиадуудад бэлтгэж, оролцуулсан туршлагатай багш. Түүнээс тактикийн гэмээр олон зүйл сурсан. Мөн МУИС-ийн М.Отгонбаатар, Д.Оргилболд, “Green school” сургуулийн Б.Түвдэндорж багшаас өчнөөн зүйл сурлаа. Б.Түвдэндорж багш биднийг сургуульдаа байрлуулж, эрчимтэй бэлдэх боломж олгосон. Ер нь Азийн физикийн олимпиадад оролцсон сурагчдыг маш туршлагатай, олон улсын олимпиадуудад амжилттай оролцдог багш нар дасгалжууллаа.
-Олимпиадын бэлтгэлийн үеэр хатуу мөрдлөг болгодог, хувийн зохион байгуулалтын гэмээр зарчим бий юү?
-Өөртөө нэг их хатуурхдаггүй. Олимпиад эхлэхээс сарын өмнөөс нэлээд эрчимтэй бэлдсэн. Бусад хичээлээс чөлөөлсөн учир өдрийн ихэнх цагийг зөвхөн бэлтгэлдээ зарцуулдаг байв. Харин олимпиадаас долоо хоногийн өмнө бөөнөөрөө нэг газарт байрлаж, өдөрт 12-13 цагийг бэлтгэлдээ зарцуулж эхэлсэн.
-Физикийг хэдийнээс илүү гүн гүнзгий сонирхож эхэлсэн бэ?
-IX ангиас юм байна. Өмнө нь цаад нарийн зүй тогтлыг нь ойлгохгүй, тоо, томьёо төдийхнөөр хүлээж авдаг байсан бол энэ үеэс арай өөрөөр харах болсон.
-Хүүхдүүд яагаад физикээс сүрдээд, халгаад байдаг юм бол?
-Цаад агуулгыг нь ойлгохгүй учраас төвөгтэй санагддаг болов уу. Би ч өмнө нь тэгж хардаг байлаа. Харин агуулга, илэрхийллийг нь ойлгоод ирэхээр илүү
сонирхол татдаг юм билээ.
-Онолын бодлого бодохоос гадна туршилт хийхэд хэр их цаг зарцуулдаг вэ?
-Дунд сургуулиудад багаж хэрэгсэл, лаборатори байдаггүй юм билээ. Тиймээс туршилтын ажилд төдийлөн цаг гаргадаггүй. Ихэнхдээ сурагчдаар онолын бодлого “нухуулдаг”. Би V ангиасаа Хүүхдийн урлан бүтээх төвийн электроникийн ангид элссэн. Тэр үед янз бүрийн туршилтууд хийлгэдэг байсан нь физик сонирхох бас нэг шалтгаан болсон гэж боддог юм.
-Тэгвэл Ж.Хатанбаатар багш физикийн хичээлээ хэрхэн заадаг бол?
-Багш маань зургадугаар ангиас хойш надад хичээл заасан. Физикийг маш сонирхолтой орно. Шимтэн сонирхох сэдэл төрүүлдэг. Туршилтууд ч нэлээд хийлгэнэ. Хэрэв ийм сайн багштай таараагүй бол физикт ингэтлээ дурлахгүй байж ч мэднэ.
-Ямар мэргэжлээр суралцахаар төлөвлөж байна вэ?
-Физикээр дагнана. Би квант физикт илүү сонирхолтой. Ерөнхий боловсролын сургуульд үүнийг үздэггүй юм билээ. Тэгэхээр цаашдаа энэ чиглэлээ лавшруулан судлах төлөвлөгөөтэй.
-Таны дараагийн зорилгыг сонирхож болох уу?
-Томоохон олимпиадад оролцож байгаагийн гол зорилго нь их сургуульд өөрийгөө бэлтгэх. Олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд тухайн чиглэлээрээ гадаадын нэр хүндтэй сургуульд суралцах эрх олгодог гэсэн. Тиймэээс дараагийнхаа үүд хаалгыг л нээхийг зорьж байна.
-Суралцахаар онилсон сургууль бий юү?
-“Зөвхөн үүнд л суралцана”
гэж товлосон зүйл алга. Технологийн чиглэл сонирхдог хүмүүсийн хувьд мөрөөдлийн сургууль нь Массачусеттсын технологийн их сургууль байдаг. Тэр үүднээсээ сонирхож байгаа. Мөн БНСУ дахь технологийн чиглэлийн томоохон сургуулиудыг ч судалж эхэлсэн.
Ж.ХАТАНБААТАР: Физик бол хамгийн адармаатай, сонирхолтой шинжлэх ухаан
-Бэлтгэсэн шавь тань олон улсын олимпиадад амжилттай оролцлоо. Танд энэ үед ямар мэдрэмж төрж байна вэ?
-Би Л.Дөлгөөний ангийнх нь багш. Мөн физикийн хичээл заадаг. Долоон жил миний удирдлагад хичээллэсэн шавь минь төгсөх жилээ Азийн олимпиадад амжилттай оролцсонд туйлын баяртай байна.
-Энэ удаагийнх багш, шавь хоёрын оролцсон, амжилт үзүүлсэн хэд дахь олимпиад байв?
-11 дүгээр сургуулийн хувьд олон улсын физикийн олимпиадаас авсан анхны медаль нь энэ байлаа. Казахстан зэрэг улсад зохион байгуулдаг, Азийнхаас арай бага хүрээний олимпиадад бид өмнө нь оролцож байсан туршлагатай. Миний шавь улсын физикийн олимпиадаас хоёр хүрэл, дүүрэг, нийслэлийнхээс цөөнгүй медальтай.
-Томоохон олимпиад учраас бэлтгэлд нэлээд цаг зарцуулсан болов уу. Та шавиа хэрхэн дасгалжуулсан бэ?
-Азийн физикийн олимпиад Монголд болно гэдгийг өнгөрсөн жил мэдсэн. Улсаа төлөөлүүлж 16 хүүхэд оролцуулах тухай дуулаад Л.Дөлгөөнийг тус багт багтах магадлал өндөр гээд бэлтгэлээ тэр үеэс эхлүүлж байлаа. Манай сургуульд эн тэнцүү өрсөлддөг, физикээр гүнзгийрсэн XI, XII ангийн хэд хэдэн хүүхэд бий. Тэднийгээ бүгдийг нь л энэ олимпиадад оролцуулах зорилгоор бэлтгэл, сургуулилалтаа анх эхлүүлсэн. Монголоос төлөөлж оролцох хүүхдүүдийг сонгон шалгаруулахад чухал үүрэгтэй улс, нийслэлийн томоохон олимпиадуудад сурагчдаа маш бэлтгэлтэй, анхааралтай оролцууллаа. Ингээд манай сургуулиас Л.Дөлгөөн улсаа төлөөлж оролцох эрх авсан юм.
-11 дүгээр сургууль физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай гэсэн. Энэ нь давуу тал болсон байх.
-Тийм ээ. Манай сургууль энэ жилээс англи хэлийг гүнзгий түвшинд зааж эхэлнэ.
-Азийн физикийн олимпиадын бодлогыг монгол багш нар өөрсдөө боловсруулсан нь олон улсын судлаачдаас өндөр үнэлгээ авсан гэсэн. Ер нь мэргэжлийн үүднээс харахад ямар бодлого, даалгаврууд өгсөн бэ?
-Олон улсын чанартай олимпиад зохион байгуулж буй тохиолдолд тухайн улсын эрдэмтэд нь бие даан, эсвэл бусад орныхоос тусламж авч бодлогоо зохиодог онцлогтой. Монголчууд энэ удаа гадаадаас ямар нэг тусламж авалгүй өөрсдийн дотоод нөөц боломжоо 100 хувь ашиглан бодлогоо зохиосон юм. Онолын түвшний гурван бодлогыг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийнхэн боловсруулсан. Ийм томоохон олимпиадын бодлогыг олон улсад урьдчилж хэлэлцүүлдэг. Улс, улсаас ирсэн багш нар тухайн бодлого сурагчдад хүнддэх үү, эсвэл хялбар байна уу гэхчлэн маш нухацтайгаар, олон шалгуураар үнэлж, хянадаг юм билээ. Энэ олимпиадын бодлогыг бүх багш 100 хувийн саналаар дэмжсэн. Адармаатай, хүнд атлаа сонирхолтой бодлого зохиосон байна гэж Азийн олимпиадын хорооны дарга болон оролцогч орнуудын багш нар онцолж байлаа. Хүүхдүүд ч ам сайтай байсан. Туршилтын бодлогыг МУИС-ийн М.Ганбат, Б.Бат-Отгон багш зохиож, шаардлагатай багаж хэрэгслийг нь Тайваньд захиалгаар хийлгүүлсэн юм билээ. Үүнийг хятадууд “Маш өндөр нарийвчлалтай хэмждэг, сайн багаж” гэж сайшаагаад, 100 гаруйг захиалгаар авахаар ярьсан гэсэн. Монгол Улс Азийн физикийн олимпиадад өндөр жишиг тогтоолоо гэж харж байна.
-Онолын бодлого бодуулаад зогсохгүй туршилт хийлгэдэг, түүнийхээ хэрэглэгдэхүүнийг хүртэл өөрсдөө бэлтгэдэг юм байна шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Оролцогчдоор туршилтын хоёр ажил хийлгэсэн. Нэг нь лазерын гэрэлтэй, нөгөө нь хүндийн хүчний орон болон математик дүүжинтэй холбоотой. Хүндийн хүчний тогтмол хурдатгал буюу “g” тоог долоон утгат цифрээр маш нарийн хэмжих, заавал лабораторийн орчинд бус, ерөнхий боловсролын сурагчдын түвшинд хийх боломжтой даалгавар боловсруулсан нь маш онцлогтой. Яаж хэмжвэл илүү нарийвчлалтай байх вэ гэдгийг багш нар маань тооцоолоод, багажийнхаа загвар, санааг гаргасан юм билээ.
-Та хэд дэх жилдээ физикийн хичээл зааж байна вэ?
-Би 2006 онд МУИС-ийг онолын физикч мэргэжлээр төгссөнийхөө дараа Завхан аймгийн нэгдүгээр сургуульд таван жил багшилсан. Харин 2011 оноос хойш 11 дүгээр сургуульд тасралтгүй ажиллаж байна. Нийтдээ 16 жил физикийн хичээл заалаа.
-Байгалийн шинжлэх ухааныг шимтэн сонирхох, энэ чиглэлээр суралцах оюутны тоо жилээс жилд буурч буй. Та үүнийг юутай холбоотой гэж боддог бол?
-Байгалийн шинжлэх ухаан, тэр дундаа физик бол орчлон ертөнцийн зүй тогтол, нууцыг математик хэлээр тайлж, ойлгуулдаг ач холбогдолтой чухал салбар. Мэдээж амаргүй. Адармаатай, төвөгтэй. Тиймээс хүүхэд, залуус хүнд хэцүү гэдэг өнцгөөс харж, төвөгшөөдөг болов уу. Байгалийн шинжлэх ухаанаас илүү нийгмийнхийг сонирхох хандлага давамгай ажиглагддаг. Гэхдээ өнгөрсөн жилээс эхлээд их сургуульд энэ чиглэлээр элсэгчдийн тоо ялимгүй нэмэгдсэн байна лээ. Монгол Улс Азийн физикийн олимпиадыг эх орондоо зохион байгуулсан нь физик сонирхогчдыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэртэй. Үүний хүрээнд салбарын багш, эрдэмтэд физикийг сурталчлах өдөрлөгийг улс даяар зохион байгуулж, байгалийн шинжлэх ухаанд хүүхэд багачуудыг дурлуулах чиглэлийн ажлууд хийсэн. Мөн Монголын физикийн нийгэмлэг, их, дээд, ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нар хамтраад маш өргөн цар хүрээтэй ажлыг бүтэн жилийн хугацаанд зохион байгууллаа.
-Адармаатай, төвөгтэй гэж халгаадаг энэ шинжлэх ухаанд сурагчдыг дурлуулахын тулд та хичээлээ ямар арга барилаар заадаг вэ. Багш болгон тусгай “жортой” байдаг юм шиг санагддаг.
-Зааж чадвал физик бол маш сонирхолтой, гоё хичээл шүү дээ. Үүнийг юу адармаатай, сонирхолгүй болгодог вэ гэхээр онол давамгай заадаг байдал. Орчин нөхцөл, материаллаг бааз зэргээс шалтгаалаад манай улсын ерөнхий боловсролын сургуулиуд туршилтын ажлыг орхигдуулдаг. Хичээлийн 40 минутад туршилт хийх боломж ч гардаггүй. Тиймээс нэг “юм” харуулаад л өнгөрдөг. Уг нь сурагчдаар хангалттай туршилт хийлгэдэг цаг хугацаа, лабораторитой бол нөхцөл байдал өөр. Физикийн шинжлэх ухааныг сонирхолтой болгодог гол зүйл нь туршилт юм.
-Ойрын хугацаанд оролцохоор зорьж, бэлтгэж байгаа олимпиад бий юү?
-Сая Азийн орнууд хоорондоо өрсөлдлөө. Долдугаар сард Японд дэлхийн бүх орны физикчид өрсөлдөх томоохон олимпиад болно. Үүнд Монголоос таван хүүхэд оролцохоор болсны нэг нь Л.Дөлгөөн. Одоо үргэлжлүүлээд бэлтгэлээ хийсээр илүү том өрсөлдөөнд орно.
-Таныг олон улс, улс, нийслэлийн хэмжээний олимпиадад ч “хурдтай давхидаг” гэж дуулсан юм байна.
-Сурагч ахуй үеэсээ л олимпиадад идэвхтэй оролцдог байлаа. Багшилснаасаа хойш ч нэлээд өрсөлдсөн. Казахстанд болдог багш нарын физикийн олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэн. Улсынхаас 10 гаруй хүрэл медальтай. Ер нь улс, бүс, нийслэлийнхэд тогтмол оролцож, ур чадвараа сорихыг хичээдэг. Шавь нараас минь тив, олон улсын хэмжээний олимпиадад оролцсон нь ч бий. 11 дүгээр сургуулийн хувьд улсын олимпиадаас медалийн буухиа тасардаггүй.