Н.Дамдиндорж туульч 1992 оноос хойш Ховд аймгийн дуут суманд “Дуут нуур” дугуйлан хичээллүүлж магтаал, тууль, цуур, икэл хөгжим зааж ардын урлагаа өвлүүлэн уламжлуулж байгаа нэгэн юм. Түүний шавь нар Ховд аймагт жил бүр зохион байгуулагддаг язгуур урлагийн наадамд амжилттай оролцдогоос гадна 2015 онд Сүхбаатарын талбайд Ховд аймгийн соёлын өдрөөр тууль хайлж, цуур, икэл хөгжим тоглож биет бус соёлын өвөө олонд сонордуулсан билээ. Тэрбээр өндөр сүрлэг Алтайн уулсын дунд орших Ховд аймгийнхан түүх, соёл, ёс заншил, биет бус өвөө үеийн үед өлгийдөн хадгалсаар байна. Угсаатан бүр нь өөр өөрийн гэсэн өв соёлоо өнөө цагт ч өвлөн уламжлан ирсэн нь Ховд нутгийн гайхамшиг гэлтэй.
Соёлын сэргэлт аяны хүрээнд Соёлын биет бус өв өвлөн уламжлагч төрийн титэмт туульч Н.Дамдиндоржийг онцоллоо. Тэрбээр хөлгөн их туульсын үргэлжлэл, Алтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үеийн туульч билээ. Гурван настайгаасаа цуур хөгжим тоглож, 15 настайгаасаа эхлэн тууль хайлж сурсан байна. Н.Дамдиндорж алтайн урианхайн баатарлаг тууль "Наранхүү хаан", “Зул алдар хаан”, “Аргил цагаан өвгөн”, “Долоон түмэн настай довон хар бөх” гэхчлэн 3 мянгаас 10 мянга гаруй мөртэй туулийг хэдэн өдөр үргэлжлэн хайлдаг туульч юм. Урианхай тууль бол хоолойн цар хүрээ их шаарддаг, амьсгаа түгжиж баргил хоолойгоор хайлдгаараа онцлогтой.
Олон угсаатны ёс заншил, соёл айлсан оршиж, хоршин сүлэлдэн байх эв эеийн орчлонг зөвхөн Ховд нутгаас харж болно. Ховд нутгийнхан товшуурын аялгуунд туульсын баатруудтай орчлонгоор аялж, цуурын аялгуунд сэтгэлээ сэргээнэ, икэлийн аялгуунд тоокуу госоо өмсөөд бий биелгээ хийж, алтайн цэнхэр салхи исгэрэх шиг хөөмий сонсож, уран тансаг нугараачийн хөдөлгөөнд нүд баясан суудаг ард түмэн.