Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Чөлөөт бүсээс их хэмжээний архи, согтууруулах ундаа нэвтрүүлсэн хэрэгт гаалийн байцаагч холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хэргийг АТГ-ын мөрдөгчид шалгаж дуусжээ. Улаанбаатар хотод оршин суудаг иргэн С.Үүртуяа тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон 264 шил архи, согтууруулах ундааг өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд нэвтрүүлсэн бөгөөд уг хэрэгт нь “Алтанбулаг” боомтын гаалийн улсын ахлах байцаагч О.Отгонбаярыг хамт яллагдагчаар татсан юм. Тэрбээр Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлд тусгасан “гаалийн хууль тогтоомж зoрчсoн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх” үүргээ хэрэгжүүлэлгүй дээрх иргэнд давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм. О.Отгонбаярыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд 48 цагийн хугацаатай албадан саатуулж, улмаар яллагдагчаар татан үргэлжлүүлэн цагдан хорих саналыг тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж байв. Гэвч тус шүүхийн шүүх нь уг саналыг хүлээж аваагүй билээ.