Монголын үндэсний бөхийн холбооноос тав дахь удаагаа зохион байгуулсан Бөх цоллоочдын улсын уралдаанд нийслэлийн болон орон нутгийн 110 оролцогч авьяас, ур чадвараараа өрсөлдөв. Гурван шатны шалгаруулалттай уг уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн биологийн багш А.Хатанбаатар түрүүлжээ. Түүний ард Төв аймгийн Баян сумын харьяат, улсын засуул Э.Хүрэлбаатар жагссан байна. Баянзүрх дүүргийн Соёлын ордны хөөмийч М.Нямдорж III байр эзэллээ. Бөхийн цол дуудаачдаас VII байрт жагссан, Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Н.Зоригтбаатарт улсын тонж манлай засуул, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цогзол агсны нэрэмжит шагнал гардуулсан юм. Энэ удаа шүүгчээр улсын начин С.Эрхэмбаяр, цэргийн заан, Ардын жүжигчин Д.Түвшинжаргал, уртын дууч, улсын засуул, бөх цоллогч, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, улсын харцага Д.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, улсын ахлах бөх тайлбарлагч С.Гантөр нар ажиллажээ. Эхний байрт шалгарсан бөхийн цол дуудаач А.Хатанбаатарт Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд бөх цоллох эрх олгосон байна.