Бэлтгэсэн: Ã.ÖÎËÌÎÍ
-Төрийн хэт давамгай оролцоог бууруулахаас ЭЗХЯ-ны ажил эхэлнэ-
-Хөдөөг хөгжүүлнэ гэж төр, засгаас байнга л ярьдаг. Орон нутагт шинэ бизнес эрхлэх орчин нөхцөл хэр таатай байна вэ. Зах зээл, хөрөнгө оруулалт, бүс нутгийн өрсөлдөх чадвар гээд эдгээр үзүүлэлт ер нь сайжирсан уу?
-Манайх шинэ бизнест төдийлөн ээлтэй биш. Хот, хөдөөд гарааны бизнес эрхлэх бодлогын таатай орчин өнөөдрийг хүртэл бүрдэж чадсангүй. Нөхцөл байдал хаана ч ялгаагүй ижил байгаа. Төрөөс ирж буй дарамт шахалт, татвар, нийгмийн даатгал, хураамж, шимтгэл өндийх, өөдлөх боломж ер олгохгүй байна. Бусад оронтой харьцуулахад жижиг бизнес хөл дээрээ тогтох, бойжих орчин байна уу гэдгийг бид харах ёстой. Өнөөдөр манай улс их л хатуу, халшрам нөхцөлтэй. Тийм болохоор бизнес томрохгүй, эсвэл тогтвортой, тууштай хөгжиж чадахгүй байна. Дийлэнх нь эхний үеэ давж чадахгүй үүд хаалгаа барьдаг. Хөдөөд шинэ бизнес үүсэж байвал уг нь сайн. Үүсэх боломж нь эрчимжсэн мал аж ахуйг түшиглэсэн, эсвэл шинээр үйл ажиллагаа явуулж буй уурхайн дэргэд туслан гүйцэтгэх болон дагалдах үйлчилгээ үзүүлэх. Мөн аялал жуулчлалын хүрээнд жаахан боломж байж магадгүй.
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ч нөлөөлж байх шиг. Сүүлийн үед хүмүүс гадаадад ажиллаж, амьдрах зорилгоор маш их явах боллоо. Зарим нь эхлүүлсэн бизнесээ зараад, нэлээд удаан хугацаанд харь улсад амьдрахаар гарч байх жишээтэй. Энэ юутай холбоотой вэ?
-Манайх шиг хөгжил нь удаан байгаа, төрийн бүх л шатанд хүнд суртал нүүрлэсэн, авлига үүрлэсэн, үзэл бодол, итгэл үнэмшлийн зааг ялгаа улам томорсон, хувь хүний үнэт зүйл, эрхэм чанарт төр нь халдсан орноос хоёр төрлийн хүний нөөц гадагшилдаг. Энэ нь эдийн засгийн онол болон судалгаагаар батлагдсан зүйл. Нэгдүгээрт, залуучууд маш ихээр гадагшаа явдаг. Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том цөм хэсэг нь дайжиж байна гэсэн үг. Ажлыг нугалдаг залуусаа алдаж байна. Өнөөдөр Австрали, Америк, Өмнөд Солонгос руу ажилтан бүртгэхэд маш олноор явахад бэлэн байна. Хоёр дахь нь, хамгийн өндөр ур чадвартай, нарийн мэргэжлийн, мэргэшсэн ажиллах хүч ийм орноос дайждаг. Энэ үзэгдэл нэлээд түгээмэл, тэр хэрээр улс орны хөгжилд асар их хохиролтой. Ийм өндөр ур чадвартай ажиллах хүчний нөөц бүрдүүлэх гэж маш их цаг хугацаа шаарддаг. Бизнес эрхэлж байсан залуус гадагш мөн адил их явж байна. Бизнесээ зараад, таатай орчин нөхцөл рүү тэмүүлж, тэнд бизнесээ эхлүүлэх, өөрсдийгөө бодитой үнэлүүлэх, ийм хоёр төрлийн шилжилт хөдөлгөөн өнөөдөр идэвхэжсэн. Энэ бол маш гунигтай мэдээ. Баялаг бүтээх хүмүүс нь ингээд явчихаар манай хөдөлмөрийн зах зээлд их сонин байдал бий болж байна. Хүний нөөцийн хомсдол үүсээд эхэлчихсэн. Хөдөлмөрийн бүтээмж төр, хувийн хэвшилд ялгаагүй буурч байгаа. Хүн өөрөө капитал. Улс орны өөрчлөлтийн эхлэл нь хүн. Гэтэл хүнээ үнэлж чадаагүй, орхигдуулж ирсэн нь өнөөдөр дээрх байдлаар ийнхүү илэрч байгаа юм.
-Тэднийг яаж эх оронд нь тогтоон барих ёстой бол?
-Хүн хөгжиж байж улс хөгжинө. Иргэн баян бол улс баян. Тэгэхээр бид хамгийн өндөр бүтээмжтэй хэсгээ алдана гэдэг өөрөө том эрсдэл. Энэ юунаас болоод ийм эрчтэй үүсэж байгааг хурдан судалж, олж тогтоох, даруй арга хэмжээ авах ёстой. Зөнд нь ингээд орхиж огт болохгүй. Төр, засгийн бодлого ч үүнд чиглэх ёстой. Тогтоох хэрэгтэй. Бизнест, эдийн засагт төрийн оролцоо хэт нэмэгдсэн, төр өөрөө хэтэрхий нүсэр, зардал өндөртэй, бизнесийн өрсөлдөгч болж хувирсан. Том төртэй байгаа болохоор авлига, ар өврийн хаалга гэдэг зүйл тасрахгүй. Эдгээр нь хамгийн том сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл. Төр өөрөө бүхнийг хийх гэж, мэдэх гэж ирсэн нь олон хүний хүсэл тэмүүлэл, урам зориг, итгэлийг мохоосон. Төрийн хүнд суртал дийлдэхгүй байна. Эдийн засгийн эрх чөлөөний индекс бас л буурчихсан. Хамгийн том нөлөө нь, хойш татаж байгаа нь төр дэх авлига. Өмчийн эрх, чөлөөтэй хөрөнгө оруулалт хийх, санхүүжилтийн орчин зэрэг үзүүлэлт мөн адил доогуур оноо авсан. Төр бизнес дэх хэт оролцоогоо хумихгүй бол хувийн хэвшилд суурилсан бус, төрийн эдийн засаг болж хувирлаа. Улстөржилт ч дээрх байдалд нөлөөлж байна. Чөлөөт зах зээлийг тууштай дэмжиж, данхар төрийг цомхон, бүтээмжтэй болгож байж бид энэ урсгалыг бууруулна.
-Шударга бус байдал нийгмийг ихээхэн бухимдуулж, орлогын ялгаа зааг томорч байна. Энэ нь ч иргэд гадагшаа явах нэг шалтгаан байх.
-Бас л нэг том хүчин зүйл. Нам, нутаг усны дэмжлэг эхэнд эрэмбэлэгдээд ирэхээр оюун санаа, эрдэм мэдлэгийн үнэ цэн алдагдаж байгаа юм. Эндээс шударга бусын орон зай эхэлчихээд олон жил боллоо. Хэн ч шударга бус зүйлтэй эвлэрч амьдрахыг хүсэхгүй. Ийм албан бус шүүлтүүрээр орохыг хүсэхгүй. Харамсалтай нь, энэ байдал хэтэрхий газар авчихлаа.
-Төрийн оролцоо өндөр байгаа нь хөдөлмөрийн зах зээлд хүртэл сөргөөр нөлөөлж байгааг та хэллээ.
-Төрийн өмчийн бизнес гэдэг асар том салбар бий болчихсон шүү дээ. Засаглал байхгүй. Мэргэшсэн, мэргэжлийн хүний нөөц тэнд алга. Ил тод байдал байхгүй, төлөвлөгөө, зорилт нь ч бодитой бус. Даргын, намын томилгоо тэнд үйлчилдэг. Ийм болохоор хүмүүс эх орноо орхин явахад хүрч байна. Төр өөрөө ард иргэдээ ийм хүнд нөхцөлд оруулах боллоо. Ийм сонголт хийхэд хүргэж байна. Төрийн албанд эдийн засгийн үр ашиг бус, алдагдлын талаар л олон жил ярьж байна шүү дээ. Дийлэнх нь бизнесийн зарчмаар бус, улс төрийн зорилго, ийм уур амьсгал давамгайлж, гарын арван хуруунд багтах цөөн уул уурхайн компани л ашигтай ажиллаж байна. Бусад 90 гаруй хувь нь бараг л сүүлийн 30 жил алдагдал үйлдвэрлэлээ. Өнөөдөр төрийн өмчит 100 гаруй компани бий. Тэдгээрийн өр, зээлийн хэмжээ жилээс жилд нэмэгдсэн, хариуцлагын тогтолцоо ч байхгүй. Эрүүл бус тогтолцоо бий болсон.
-Улаанбаатар хот нүүрсний уурхай ажиллуулахаар болсон. Олсон ашгаараа хотын тулгамдсан асуудлаа шийднэ гэж хотын дарга хэлж байна лээ. Энэ нь зөв үү. Хувийн хэвшил бус, төр л өөрөө бизнес хийх гээд байгаагийн нэг том илрэл энэ мөн үү?
-Ерөөсөө л өнөөдрийн эмгэнэлтэй, 1990 онд сонгосон замаасаа гажсан, төр бизнес хийх гэж оролдож байгаагийн хамгийн том жишээ наадах чинь. Хуучин үе рүүгээ буцах гээд байгаагийн дохио. Улаанбаатар хот мөнгөгүй болоод байгаа юм уу. Энэ хотод хангалттай мөнгө, мөнгөний эх үүсвэр нь байгаа, нөөц боломж нь ч бий. Маш олон аж ахуйн нэгж нийслэлд үйл ажиллагаа явуулж, татвар хураамж төвлөрүүлж байна. Эрх зүйн орчин ч бүрдсэн. Эрх мэдэл нь тэлсэн. Харин хотод зөв зүйтэй захиран зарцуулалт л үгүйлэгдэж байгаа. Хот нүүрсний бизнес эрхэлнэ гэдэг үнэндээ байж болохгүй тэнэглэл. Өнөөдөр ийм юм ярьж буй бид улсаараа урагшлах бус, ухарч байгааг харуулж байна.
-Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт дийлдэхгүй нь. Өрхийн амьжиргаа өдөр ирэх тусам муудаж байна. Төсөв, мөнгөний бодлого хэр оновчтой хэрэгжиж байгаа бол. Та өнөөдрийн макро эдийн засгийн бодлогыг хэрхэн дүгнэх вэ. Өрхийн уруудсан амьжиргааг яаж өөд нь татах вэ гэдэгт саналаа илэрхийлээч.
-Төгрөгийн ханш суларсан нь өнөөдрийн үнийн өсөлтөд хамгийн их нөлөө үзүүлж байгаа. Өнгөрсөн жил 2800 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдөр 3500 болчихлоо. Төгрөгөөр илэрхийлсэн үнэ хоёр дахин өссөн. Төгрөгийн ханшийн уналт юунаас үүдэлтэй вэ гэдгийг олж харахгүй нь. Харахыг ч төр, засаг хүсэхгүй байгаа юм. Энэ байдал үргэлжлээд байх дүр зураг харагдаж байна. Хэт хавтгайрсан халамж хөдөлмөрлөх сонирхлыг үгүй болгож байгаа шүү дээ. Зорилтот бүлэгт халамж очихгүй, зах зээлд үнэ цэнгүй мөнгө ихээр тарааж буй нь эцсийн дүндээ төгсгөлгүй хямрал руу хөтөлж байна. Мөнгөний бодлогын хараат бус байдал алдагдсан. Төсвийн алдагдал, гадаад, дотоод өрийн дарамт өнөөдрийн эдийн засгийг ийм хүнд байдалд авчирлаа. Макро эдийн засгийн бодлогоо эргэн харах, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсох, бодиттой дүгнэлт хийхгүй бол мухардалд улам гүн орохоор байна. Макро эдийн засгийн бодлого өнөөдрийн засаг төрд байна уу гэж эргэлзэхэд хүргэх болсон.
-Монгол Улсын Засгийн газарт Эдийн засаг, хөгжлийн яам шинээр байгуулсан. Өмнө нь байсан хуучин бүтэц л дээ. Өнөөгийн эдийн засгийн хүнд орчин нөхцөлд тус яам хэрхэн ажиллаасай гэж та харж байгаа бол?
-Эрх, үүргийн хувьд том яам бүрдсэн. Сангийн яам төдийгүй Ерөнхий сайдтай эрх мэдэл, нөлөөний хувьд нэг түвшинд очсон, зарим талаар хоорондоо үйл ажиллагаа нь давхардсан, зөрчилтэй ч юм шиг байдал эндээс харагдаж байгаа. Энэ яамнаас эхний “бүтээл” нь гараагүй байна. Ямар бүтээгдэхүүн гаргах нь тодорхойгүй, дотроо учраа олох л үйл явц өрнөж байгаа бололтой. “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлт” гээд том хөтөлбөр, хөгжлийн бодлого яригдаж байгаа шүү дээ. Эдгээрийг хийж хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай. Одоогоор том шинэчлэл харагдахгүй нь. Бизнес дэх төрийн оролцоог халахгүй бол бидний хөгжих зам хаагдмал байсаар байна. Мөн компани, өрх болгоны эдийн засагт төр оролцоод байвал ажиллах сонирхол, бүтээмжийг өөрчлөхгүй, улам л дордуулна. Эдийн засаг, хөгжлийн яамны ажил төрийн оролцоог бууруулахаас эхлэх ёстой. Хавтгайрсан халамжийг цэгцлэх, таслахаас эхэлнэ. Халамж хэрэгтэй хүндээ л очих ёстой. Зан төлөв, сэтгэл зүй талаас нь том шийдвэр гаргаасай. Өрхийн орлого ажлын байр, цалин болж бус, төрөөр дамжиж, халамж хэлбэрээр очихоор үнэ цэнгүй, үр өгөөж нь харагдахгүй байна. Энэ байдал сүүлийн 10 гаруй жил нийгмийг тасралтгүй хөтөлчихлөө. Ийм байвал мянган “Тавантолгой” байгаад ч одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй.