1960-аад оноос хойш хүн ам нь цөөрч байгаа тухай Хятадын Үндэсний статистикийн хороо энэ онд анх удаа мэдээллээ. Тус улсын хүн ам нь 850 мянгаар буурсан байна. НҮБ-ын урьдчилан тооцоолсноор 2050 он гэхэд Хятадын хүн ам 1.313 тэрбум болтол цөөрч, 2100 онд 800 сая хүнтэй болох төлөвтэй аж. Иргэдийн нас уртсаж, ахмадуудын тоо олширч, хөдөлмөрийн чадвартай хүний тоо цөөрнө гэсэн үг. 2035 он гэхэд 60-аас дээш настных нь тоо 400 сая болох нь. Хүн амын өсөлтийн тэнцвэр ийнхүү алдагдсан нь ХКН-аас 1979 оноос баримталсан “Нэг өрх-нэг хүүхэд” бодлоготой холбоотой юм. 1949 онд иргэний дайн дууссаны дараа Хятадад аж үйлдвэр хөгжиж, эдийн засаг нь өсөхийн хэрээр хүн ам нь нэмэгдсэн. Тухайн үеийн намын дарга Мао Зэдуний социалист туршилтаар олон сая хүн амиа алдсан. Гэсэн ч 1948-1980 онд хүн ам нь 540 сая байснаа 969 сая болсон байна. Хүн ам нь улс орныхоо хөгжилтэй уялдаа холбоотой өсөж, тэрбум хүнээ хүнсээр хангаж чадахаа больсноос Хятадын Засгийн газар нэг айл нэгээс илүү хүүхэдтэй байхыг хориглохоос өөр аргагүйд хүрэв. Ингээд хятадуудын хэдэн үе нь хатуу хязгаарлалтыг мөрдөж, жилийнхээ дундаж орлогын 4-8 хувиар торгуулж, албадан үр зулбуулах, түүгээр ч барахгүй эмэгтэйчүүд нь эхний хүүхдээ төрүүлээд савны амсар буюу умайн гуурсан хоолойг боолгох ажиллавар хийлгэдэг болсон байдаг. Коммунист намын бодлого зорилгоо биелүүлсэн ч харамсалтай нь хүйсийн харьцааг алдагдуулав.
Хятадын уламжлалт тариачны нийгэм олон зууны турш эрэгтэй хүүхдийг илүү үнэлсээр ирсэн байдаг. Өнөөдөр Хятадад эрэгтэйчүүд эмэгтэйгээсээ 30 сая гаруйгаар давчихаад буй. 20-24 насны хүмүүсийнх нь 100 эмэгтэйд 114.6 эрэгтэй, 15-19 насныхад 118.4, 10-14 насныхад нь энэ харьцаа 100:119 болчихов. 1980-2010 оны хооронд Хятадын хүн амаас 20 сая эмэгтэй “алга болжээ”. Амьдралын өртөг өсөж, хөдөлмөрийн зах зээл дэх өрсөлдөөн хүчтэй болсноос хятад өрхүүд ганц хүүхдэдээ бүхнээ зориулж, хүүхэдтэй болохын өмнө хоёронтоо бодох болов.
Ойрын ирээдүйд Хятад улс гэр бүл төлөвлөлтөөс болгоомжлох юм үгүй, ажиллах хүч хангалттай байна. Харин хэтдээ мэргэжилтэй ажилчин, үйлдвэрлэгч, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч зэрэг эдийн засгийн хөдөлгөгч хүчээ алдах эрсдэл нүүрлэнэ. Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн орлогч захирал Александр Ломановын үзэж буйгаар өөрчлөлт шаардлагатай болсныг Хятадын эрх баригчид ойлгож байгаа аж. Харин хүн амын хямралын болзошгүй уршигт үр дагавраас зайлсхийхийн тулд нийгмээ удирдах загвараа эрс өөрчлөх шаардлагатай болж байна. Нийгмийн хангамжийн загварыг боловсронгуй болгож, хүн амдаа дэмжлэг үзүүлэх нь Хятадын удирдлагын хувьд ихээхэн нарийн төвөгтэй, урт хугацааны үйл явц байх болно.
“Нэг өрх-нэг хүүхэд” хөтөлбөрөө ХКН 2016 онд цуцалж, айл өрх хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрч, “илүү” хүүхэдтэй ажилтнаа халахыг шаарддаг журмаа эргэн харсан юм. Гэвч энэ хангалтгүй байж. 2019 онд 14 сая хүүхэд төрж байсан бол дараа жил нь энэ тоо 12 сая болсон нь хүн амын тооллогоос харагджээ. Энэ бүхэн ХКН-ыг “гэр бүл төлөвлөхөөс” татгалзахаас аргагүй болгож, гурав хүртэлх хүүхэдтэй болохыг иргэддээ зөвшөөрөхөд хүргэв. Шинэ бодлогын хүрээнд хүүхэд асрах, тэдэнд боловсрол олгох ажлыг илүү хүртээмжтэй болгож, хүүхдээ асрахад нь зориулж эмэгтэйчүүдэд олгох амралтыг 172 хүртэлх хоног болгож нэмэгдүүллээ. Орон нутагт хүүхэд төрүүлэхийг урамшуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх болов. Тухайлбал, томоохон хотуудын нэг болох Шэньчэнд сарын дундаж цалин 7.1 мянган юань (1027 ам.доллар) бөгөөд 1-3 хүүхэдтэй өрхөд нийтдээ 19 мянга (2.8 мянган ам.доллар) хүртэлх юань өгөх болжээ. Хүүхдийг нь гурван нас хүртэл энэ мөнгийг өгөх юм. Эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн ялгаварлалаас хамгаалахаа Коммунист нам нь амлаж, ажил олгогч нь эмэгтэй хүнд гэр бүл төлөвлөлтийн талаар аливаа асуулт тавихыг хориглож, өрхийн тэргүүнийг ажилд авахдаа давуу байдал олгох болсон байна. Өндөр настай хүмүүс, хүүхдээ асрахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг компаниудын үйл ажиллагааг Засгийн газар нь сайшаан дэмжих болжээ.
Гэрийн ажилдаа туслалцуулах хүн олох боломжгүй нь нэгээс илүү хүүхэдтэй болохоос татгалзах гол шалтгаан гэж залуу хүмүүсийн 67.3 хувь нь үзэж буйг судалгаа харуулжээ. Эрх баригчид нь өргөн цар хүрээтэй өөрчлөлт хийх замд орж ядаж байтал хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн тоо цөөрсөн аж. 2017 онд энэ тоо барагцаалбал 170 сая хүртэл цөөрч, 2030 он гэхэд 110 саяар буурах төлөвтэй байна. Түүхийн шинжлэх ухааны доктор Александр Ломановын үзэж буйгаар төрүүлэх хүүхдийн тоог хязгаарласан шийдвэрийг цуцалсан нь хүн амын өсөлтөд төдийлөн нөлөөлөхгүй байна гэнэ. Түүний бодлоор ганц хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхийн тулд айхавтар их мөнгө цуглуулах шаардлагагүй, хүүхэд, хөгшдөд зарцуулах хөрөнгийг өрхийн төсөвт дарамт болгохгүй байх бодлыг иргэддээ “суулгах” нь чухалд тооцогдов. Сүүлийн хэдэн арван жилд хүмүүс ахиухан мөнгө хуримтлуулах бодолтой болжээ. Хүнд өвчин туслаа гэхэд мөнгөөр л түүнийг эмчлүүлнэ гэдгийг ойлгох болсон. Хятад нь социалист улс болохоор ЗХУ-д байсан шиг үнэгүй орон сууцад амьдрах тухай саналтгүй. Тиймээс ганц хүүхэд нь, тэр нь ялангуяа эрэгтэй бол заавал ихээхэн мөнгөтэй байх хэрэгтэй гэж үзэх болжээ. 18-38 насны залуус санхүүгийн их ачаалал, шахуу ажлын цаг, амьжиргааны өртөг өндөр зэргээс шалтгаалж хүүхэдтэй болохыг яарахгүй байх болж. Төрийн мэдээллийн “Синьхуа” агентлагаас 31 мянган хүн хамруулж хийсэн санал асуулгын дүнгээр бол хятад залуусын 90 хувь нь гуравдахь хүүхэдтэй болохоос татгалзаж байгаа аж.
Ирээдүйд ажиллах хүч хорогдохыг тооцоолж, Коммунист нам нь хүн амынхаа тоог нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байхад хөдөлмөрийн зах зээл нь дүүрснээс дээд сургууль төгсөгчид нь ажилгүй байх болжээ. 2020 оны наймдугаар сарын байдлаар 16-24 насны иргэдийн ажилгүйдэл 18.7 хувь болсон байв. Ажил олдохгүй байгаа нь мэдээж их, дээд сургууль төгсөгчдийн цалинд нөлөөлнө. Ажлын байрны төлөөх өрсөлдөөн их байгаагаас өчигдөр оюутан байсан залуусын цалин доогуур тогтоогдоно. Хувийн секторт өндөр цалинтай ажил олох, амьдралын түвшин нь цаашид дээшлэхэд ажлын туршлага хийгээд компанийн зүгээс тавих өндөр шаардлага саад болно. Залуу мэргэжилтний нөөц их байгаа нөхцөлд дээд боловсрол, олж авсан дадлага туршлага нь албан тушаал ахих, өөдлөж дэвших баталгаа болж чадахгүй байна. Ийм нөхцөлд залуучууд олноороо цалин багатай ажил хийхэд хүрч, илүү орлого олох боломжгүй төрийн тогтвортой албанд зүтгэхээс аргагүйд хүрлээ. Ийм байдлыг залуучуудын дунд “тан пинг” гэж нэрлэх болсон нь хятад хэлнээс хөрвүүлбэл “доошоо харж хэвтэх” гэсэн утгатай, утга учиргүй өрсөлдөөнөөс болгоомжилж, хувийн амьдрал, эрхэлсэн ажил хоёрынхоо тэнцвэрийг олж байхыг илүүд үзэх болжээ.
Нийгмийн энэ үзэгдлийн уршгаар бага цалинтай ажил эрхлэхээс аргагүй болсон залуус өрх гэр үүсгэхээ хойш тавихад хүрч байна. Хүйсийн тэнцвэр алдагдсан нь ч үүнд нөлөөлж буй юм. Эхнэртэй болох боломж эрчүүдэд хомсодлоо. Өртөг өссөнтэй холбоотойгоор хуримын өмнө залуусын эцэг, эхийн хооронд болдог ярианы гол сэдэв нь мөнгө болов. Гэр бүл болсон залуус сууц худалдаж авах мөнгө олох үүрэг өрхийн тэргүүнд ногдоно.
Гэтэл залуу бүсгүйчүүд эрт гэрлэж, хүүхэд төрүүлэхийг илүүд үзэх болжээ. Нөхөрт гарсан хятад эмэгтэй өдөрт дунджаар дөрвөн цагийг ар гэрийнхээ ажилд зарцуулна. Нэг хүүхэд сургуульд ортлоо жилд дунджаар 27 мянган юанийн (3.9 мянган ам.доллар) зардал шаардана. Энэ нь эцэг, эхийнх нь нэг жилийн дундаж цалин (5.5 мянган ам.доллар)-тай тэнцэнэ гэсэн үг. Гэтэл хүүхэд бараг өлгийтэй байхаасаа л үеийнхэнтэйгээ өрсөлдөөд эхэлнэ. Хүүхдийнхээ ирээдүйг аятайхан болгохын тулд хятад айл зориуд томоохон хотод шилжин суурьшиж, ипотекийн зээлээр байртай болох шаардлагатай. Улмаар олигтойхон сургуульд хүүхдээ сургах хэрэгтэй болно. Хот газар, сайн сургуультай газар төрж өссөн үеийнхээ хүүхдүүдтэй өрсөлдөх ижил нөхцөлтэй болохын тулд энэ их чухал. Ингэж зорьсон залуу эцэг, эх бас нэг асуудалтай тулгардаг нь орон сууцын үнэ өртөг. Шэнчэнь хотод 2021 онд нэг ам метр сууцын үнэ 61 мянга орчим юань (8.8 мянган ам.доллар), Шанхайд 40 мянган юань (5.7 мянган ам.доллар) байв. Бээжинд нэг ам метр сууцын дундаж үнэ 47 мянган юань (6.7 ам.доллар) байж. Хоёр хүний цалингаар өөрсдийгөө болон хүүхдээ, өндөр настай төрөл саднаа тэжээх залуу гэр бүлд өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө худалдаж авна гэдэг маш хүнд дарамт юм. Хятадын хүн амын тавны нэг хувийг эзэлж буй өндөр настнууд залуусын халаасыг гөвж байгаа гэнэ. Хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн тоо буурч буйтай холбоотойгоор хөлсний ажилтнууд болон ажил олгогчдын татварт суурилан бий болдог тэтгэврийн тогтолцооны алдагдал байнга нэмэгдэв. Тэтгэврийн зардал 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)-ий дөрвөн хувийг эзэлж байсан бол 2100 онд 20 хувь хүрэх төлөвтэй байна. Ажиллах хүч дутагдсанаас түүний өртөг өсөж, энэ нь ашиг багатай, бүтээмж өндөртэй үйлдвэрлэлийг Хятадаас шахаж Вьетнам, Бангладеш, Энэтхэг гэх мэт хямд ажиллах хүчний илүүдэлтэй улсууд руу гаргах болов. Энэ нь ойрын 20-30 жилд Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашруулж, дэлхийн тавцанд АНУ-тай өрсөлдөх чадварыг нь бууруулахад нөлөөлөх болжээ.
Үүний зэрэгцээ тоо нь өсөн нэмэгдэж буй ахимаг насны хүмүүсийнхээ хэрэглээг хангахын тулд Хятадын эрх баригчид нөөцийнхөө үлэмж хэсгийг “мөнгөн эдийн засаг” бий болгоход зориулах шаардлагатай болсон байна. Александр Ломановын үзэж буйгаар Хятадын нийгэм олон талаар уламжлалт үнэт зүйлсээ хадгалан, айл өрх олон хүүхэдтэй байхыг эрмэлзэх болж буй аж. Хөдөлмөрийн зах зээлд урьдын адил олон ажиллах хүч гарч буй учраас одоогийн хийгээд ирэх арван жилд хүмүүсээ ажилтай байлгах нь Хятадын эрх баригчдын толгойны өвчин болох төлөвтэй.
2020-иод онд төрсөн хүүхдүүд насанд хүрсний дараа л хөдөлмөрийн зах зээлд гарагсдын тоо цөөрөх болов уу. Одоогоор ажиллах хүчний хэрэгцээ өсөж буй.
Ойрын 10-15 жилд Хятадын хүн амын өсөлт буурах аюулгүй, тэгэхдээ хангалуун байдал, боловсролын түвшин нэмэгдэхийн хэрээр хятадууд хүүхэдтэй болохыг хүсэхгүй байх бодлогыг нэлээд удаан хугацаанд баримтлах магадлалтай. Үүний шалтгаан нь гүнзгий үндэстэй бөгөөд нийгмийн тэгш бус байдал, залуу үе нь шударга бус өрсөлдөөнөөс залхсан зэрэгтэй холбоотой юм. Айлын ганц хүүхэд болж төрж байсан хятадууд гэр бүл үүсгэхийн төлөөх санхүү, ёс суртахуун, биеийн хүчний их зардлаас илүүтэй сэтгэл санааны байнгын дарамт, бухимдалгүй амьдрахыг хүсэж байна. Эрх баригчид нь иргэдээ өнөр өтгөн гэр бүл бий болгох хүсэл эрмэлзэлтэй болгож чадах, эсэхийг цаг хугацаа харуулна.