Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв байгуулсныг өчигдөр нээлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд уг төвийг байгуулжээ. Манай улсад эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх төв анх удаа байгуулсан нь энэ бөгөөд үүний хүрээнд 21 аймаг, есөн дүүрэгт 70 сургагч багш бэлтгэсэн гэнэ. Иргэд уг төвийнхнөөс хууль, эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг утсаар болон биечлэн ирж авах боломжтой аж. Мөн ганцаарчилсан зөвлөгөө авч болох юм байна. Тус төвд мэргэжлийн сэтгэлзүйч, хуульч, нийгмийн ажилтнууд ажиллан, иргэдэд зөвлөгөө өгөх нь. Түүнчлэн уг төв нь эрэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг дэмжих зорилготой гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч