Олон улсын музейн зөвлөл (ICOM- International Council of Museums) нь 1946 онд байгуулагдсан байгуулагдсан 123 улс орон, газар нутагт ажиллаж амьдардаг 45 493 музейн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн ашгийн төлөө бус олон улсын байгууллага юм. 1977 онд соёлын солилцоонд музейн гүйцэтгэх үүргийг олон нийтэд илүү өргөн таниулах, нийгмийг хөгжүүлэхэд музей чухал ач холбогдолтой болохыг сурталчлах үүднээс тус зөвлөл “Олон улсын музейн өдөр” бий болгож жил бүрийн 5 сарын 18-ны өдөр тэмдэглэж ирсэн. Энэхүү арга хэмжээний цар хүрээ, ач холбогдол нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Олон улсын музейн зөвлөл 2018 оноос НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилгыг өөрийн цөм эрхэм зорилгоо болгож 2020 оноос хойш Олон улсын музейн өдрийн үйл ажиллагаагаар дамжуулан Тогтвортой хөгжлийн тодорхой зорилгуудыг дэмжин ажиллаж ирсэн.
Монгол оронд Олон улсын музейн өдрийг 1998 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2003 онд ОУМЗ-ийн Монголын үндэсний хороо байгуулагдсанаас хойш өргөн хүрээг хамруулан нийгэмд чиглэсэн олон талд үйл ажиллагааг зохион байгуулж ирлээ. Энэ жилийн олон улсын музейн өдөр “Музей тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” сэдэвтэй. Эдгээр өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрд байгаа музейнүүд тогтвортой байдал ба сайн сайхан оршихуйг дэмжиж уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйл устах, нийгмийн тэгш бус байдал зэрэг тулгамдсан асуудлуудыг олон нийтэд таниулах, эерэг өөрчлөлтийг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Монгол Улсын Соёлын яамнаас “Музей тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” олон улсын музейн өдрийг дэмжиж, Олон улсын музейн зөвлөлийн Үндэсний хороотой хамтран ажиллаж байна. Эдгээр өдрүүдэд төрийн өмчийн 12 музей дээр 37, орон нутгийн өмчийн 22 музей дээр 117 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж хэрэгжилтийг ханган ажиллаж байгаагийн дотор Монголын Үндэсний музейгээс “Эрүүл мэнд ба сайн сайхан оршихуйг дэмжих” тусгай хэрэгцээт үзэгчдэд зориулсан нээлтэй хөтөлбөр, Чингис хаан Үндэсний музейгээс музейн ахмад ажилтнуудад зориулсан тайлбарт аялал, Байгалийн түүхийн музейгээс “Зэрлэг амьтан, ургамал хамгаалах хамтын ажиллагаа” гар зургийн үзэсгэлэн, Баян-Өлгий аймгийн музей "Дэлхий даяар эрүүл мэнд ба сайн сайхныг дэмжих" өдөрлөг, Говь-Алтай аймгийн музейгээс “Усаа хэмнэе” сургалт, Говьсүмбэр аймгийн музейгээс “Музейн тогтвортой байдал ба хөгжил” хэлэлцүүлэг, Хөвсгөл аймгийн музейгээс "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа" хэлэлцүүлэг, “Музей” сэдэвт сургалт олон нийтэд чиглэсэн эвент зохион байгуулж байна. Энэ жилийн музейн өдрийг “Оюун ухааны музей”, “Равжаа музей”, Сүлд чуулгын “Цагдаагийн музей”, “Инспириэнс” ХХК зэрэг байгууллага, хувийн хэвшлийн музей дэмжиж, хамтран ажиллаж байна.