Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх “Соёлын сэргэлт” аян улс орон даяар өрнөж буй. “Соёлын сэргэлт” аян нь Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сум, 15 тосгонд 5,6,8,10 дугаар сард болно. Улмаар соёлын төвүүдийг байнгын соёлын үйлчилгээтэй байлгах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг дээрх хугацаанд түлхүү зохион байгуулна.
Аяны хүрээнд Өвөрхөнгай аймагт Богд хааны ордон музейн сан хөмрөгөөс дээжлэн “ӨНДӨР ДЭЭДСИЙН АДИСЛАЛ” үзэсгэлэн дэлгэлээ. Тус үзэсгэлэнд монголын найман Богдын шүтээн зураг, зээгт наамал, цутгуур тэргүүт нийт 60 гаруй үзмэр дэглэсэн байна. Эдгээрээс онцгой үнэ цэнэтэй үзмэрүүд гэвэл 300 шахам жилийн настай Анхдугаар богд Занабазарын дэг сургууль хийцийн гууль цутгамал, алт шармал суварга болон IV Банчин эрдэнэ Чойжижалцангийн (1570-1659) гүсүг гүндаа юм.
Үзэсгэлэнг 2023 оны тавдугаар сарын 15 - 18-ны хооронд үзэгчдэд толилуулна. Ганданпунцоглин хийдийн хамба лам, хэл шинжлэлийн ухааны доктор Я.Ганзаяа энэ үеэр “Өндөр гэгээний өв соёл” сэдэвт үндэсний дархлааг сэргээж, бахархлыг бататгах сургаал, номлолоо толилуулж, МЗЭ-ийн Өвөрхангай аймаг дахь салбар “Алтанбярга” утга зохиолын нэгдлийн уран бүтээлчид яруу найргийн эгшгээр олны сонорыг мялаалаа.
Соёлын дэд сайд М.Батбаяр өндөр гэгээний мэлмий гийсэн “Оюунлаг, эртэч Өвөрхангайчууд”-даа бахархалтай сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, номоор бэлэг барьлаа.
Мөн Өвөрхангай аймгийн хэмжээнд бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, цахим хэрэглээнээс татгалзах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд номын ач тусын нөлөөг нэмэгдүүлэх, соёлын үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцох нэмэгдүүлэх соёлын ном соёлын "Нэг ном эрхэм үйлс" аяныг 50 хоногийн хугацаанд зохион байгуулж энэ өдөр Эртэч оюунлаг Өвөрхангайчууд лекцийг олон нийтэд толилуулж 500 орчим иргэн оролцлоо.
Үүнээс гадна Архангай аймагт өглөөний ном соёлын өдөрлөг амжилттай зохион байгууллаа. "Соёлын сэргэлт 2023" аяны хүрээнд Архангай аймгийн Чулуут суманд Улсын Филармони, Хөшөө цайдам музейн баг хамт олон ажилласан байна. СУИС-ийн Соёл Судлалын тэнхимийн эрхлэгч Доктор (Ph.D) Б.Мөнхбадрал өдөрлөгт оролцож, "Үндэсний нэгдмэл үнэт зүйл, соёлын дархлаа" сэдвээр соён гэгээрүүлэх сургалт, Филармонийн хүний нөөцийн менежер Б.Билгүүн “Сошиал медиа маркетинг” , “Орон нутагт шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж арга зам” сэдэвт уулзалт ярилцлага хийсэн байна. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл үзэсгэлэнд сумын иргэн Ц.Рагчаа, Д.Наранбаатар нар модон эдлэл, А.Цэнд-Аюуш ган эдлэлийн үзэсгэлэнгээ дэлгэв.
Улсын Филармони "Хөгжмийг хүн бүрд" түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Чой хайнзан фильм, найруулагч Б.Отгонзоригийн бүтээл "Эмэгтэй" Монголын уран сайхны кино, Соёлын төвийнхөн орон нутгийн Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн, Хөшөө цайдам музей явуулын үзэсгэлэнгээ тус тус дэлгэсэн юм