Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ. Эл гурван талт уузалтаар нийгмийн түншлэлийн байгууллагын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл сэдвээр санал солилцсон. Энэ үеэр МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин "Төрийн албан хаагчдыг эрс цомхотгох хэрэгтэй байна. Төр зохицуулалтын ажлаа хийгээд аж ахуйн ажлаа хувийн хэвшилд шилжүүлмээр байна. Хувийн хэвшилд ажиллах хүчин олдохгүй байна. Мөн МСҮТ-ийг төгсөгчид ажлын байрны шаардлага хангахгүй байна" гэв.
Тэгвэл Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал "Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжихгүй байна. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж зэргийг авч 1 сая орчим төгрөгөөр амьдарч байгаа өрхүүд ч байна. Энэ тохиолдолд ажил хийхгүй халамжаа аваад амьдрах байдал давамгайлж байна. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг анхаарах хэрэгтэй байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.