Улсын баяр наадам зохион байгуулах үндэсний хорооныхон хуралдаад энэ жилийн наадмын нээлт, хаалтын тоглолт, Төрийн концертын найруулагчаар нэгэн продакшны үүсгэн байгуулагчийг томилсон. Түүний баг бүрэлдэхүүнд чөлөөт уран бүтээлчид голдуу багтаж буй. Аль аль арга хэмжээний хөгжмийн найруулагчаар ажиллах залуу “Юутай ч үүрэг даалгавар авсан. Бидэнтэй төрийн байгууллагуудыг холбож өгөх хүнийг удахгүй томилох юм гэсэн. Бид төлөвлөсөн тоглолтуудаа цуцалж, энэ ажилд анхаарлаа хандуулж эхэллээ” гэж байна билээ.
Уг комиссынхон урлагийнхны хүрээнд үүссэн нөхцөл байдлыг үнэлээд ийм шийдвэр гаргажээ гэж харж байна. Учир нь төрийн, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид цалин нэмэхийг шаардаж, хэрвээ хүсэлтийг нь хүлээж авахгүй бол зун наадамд ч, Төрийн концертод ч оролцохгүй, тоглохгүй гэсэн билээ. Мэргэжлийн уран бүтээлчид үүндээ тултал дор орохгүй байх. Тэдэнд тийм ухамсар үгүй хэмээн бодном. Гэсэн ч төр, засагтаа гомдолтой байгаа нь үнэн. Өнгөрсөн хугацаанд соёл урлагийнхаас бусад салбарынхны цалинг бага ч болов нэмсээр ирсэн нь бас үнэн бөгөөд хөгжимчид, дуучид, бүжигчид, балетчид дуулгавартай, хүлээцтэй байсаар өнөөдөртэй золгосон.
Үндсэн гурав гэж тодорхойлж болохДБЭТ болон Улсын филармонийн симфони найрал, мөн ҮУИТ-ын үндэсний найрлынхан хоёр л янзын, нэг хэсэг нь 700, нөгөө нь 800 гаруй мянган төгрөгийн цалинтай. Дуучид, балетчид ч адил. Музейн ажилтнууд бүр бага буюу 580 мянган төгрөг авдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дүйж очихоор байгаа биз дээ. Соёл урлагийн салбарт ажиллагсдын үнэлэмж, үнэлгээ ийм болохоор салбарын байгууллагууд хүний нөөцийн хомсдолд орж эхэлсэн. Оркеструуд хөг дутуу дуугарч, музейнүүд хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрээд байгаа юм.
Цалин гэдэг нь тухайн хүний, улмаар түүний гэр бүлийн амьдралын баталгаа байх ёстой. Гэтэл ийм баталгаа лав соёл урлагийн салбарт ажиллагсдын тухайд байхаа болиод уджээ. Эрхбиш нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөг, мөн сарын лизингтэй болохоор цөөн ч гэсэн тогтмол өгөх юм даа гэж хэдэн бор цаас хүлээж сарын хугацааг үддэг тухайгаа тэд ярьцгааж байна.
Энэ салбар яагаад ингэтлээ доройтов гэдэг асуулт гарч ирнэ. Сүүлийн хэдэн жилд л ийм болсон уу гэвэл үгүй юм. Салбарынхан дуугүй, цагийн аясаар явж ирсэн болохоос биш, нийгмийн шилжилтийн гэх он жилүүдэд, улмаар түүнээс хойш ч ийм л байсан. Харин тэдний нөхцөл байдлыг өөрчлөх байх гэж ганц хүлээж байсан итгэл найдвар нь Соёлын яам байгуулах байв. Соёлын асуудал хариуцсан яамтай л болчихвол шийдэл хүлээсэн олон асуудал цэгцэрч, салбараараа өндийгөөд ирнэ гэж бодсон, найдсан, хүлээсэн. Гэтэл салбарын яам байгуулснаас хойш бүтэн гурван жил хагасын хугацаа өнгөрсөн ч хонгилын үзүүрт гэрэл харагдах нь бүү хэл, улам харанхуйлав хэмээцгээх болов.
Яамтай болсноор юуны өмнө соёл урлагийн талаар төрөөс баримтлах бодлогод зарчмын өөрчлөлт гарч, дэвшилт санаа оноогоор баяжиж, үр дүн олон талаар мэдэгдэх байх гэсэн. Харамсалтай нь, юу ч өөрчлөгдөөгүй. Мөн дээр хэлсэнчлэн цалин нэмэгдэх байх гэсэн ч өдий болтол сураггүй. Яамтай, сайдтай болсон юм чинь амьдралын баталгаа болсон хөдөлмөрийн хөлсний талаар салбарынхны өмнөөс дуугарах, учирлах байх гэсэн нь санаснаар болоогүй. Энэ салбар оюуны төдийгүй билгийн мэлмий нь нээгдсэн авьяастан, сэтгэгчидтэйгээрээ онцлогтой. “Нийгмийг өөрчлөх хүч энэ салбарт бий. Зөв л удирдах хэрэгтэй дээ” гэх хүмүүс байдаг. Гэтэл өнөөх хүлээж, найдсан яам, сайд нь салбарыг зөв удирдах нь бүү хэл санаанд оромгүй алхмуудаар харин ч гайхшируулдаг болсон.
Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Соёлын сайд “УДЭТ засвараа дахиад хойшлуул. Танай тайзан дээр “Тамгагүй төр”-ийг зунжин тоглуулна. ДБЭТ байгуулагдсаны 60 жилийн ойгоо зургадугаар сард биш, намар тэмдэглэ. Зуны зарим тоглолтоо цуцал, ҮУИТ-т тайзаа өг. Тэднийх наймдугаар сарыг дуустал жуулчдад зориулсан тоглолтоо танайд хийнэ. Мөн ДБЭТ-ынхан болон ҮУИТ-ынхан тавдугаар сарын сүүлчээс орон нутагт тогло. “Соёлын сэргэлт” хөтөлбөрийг дэмж. Уран бүтээлчидтэй хамт нэг лектор явж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх болно” гэсэн тушаал буулгажээ. Төрийн, мэргэжлийн урлагийн бие даасан байгууллагуудын төлөвлөгөө, уран бүтээлчдийн болон үзэгчдийн эрх ашгийг өчүүхэн ч бодолгүй тэрбээр тушаал гарган, тамга дарж, гарын үсэг зурсан. Яг л хувийн компанийнхаа ажлыг явуулж буй захирал шиг. Манай улсын мэргэжлийн урлагийн хамгийн том энэ гурван байгууллагынхан үүнд нь дургүйцсэн, эсэргүүцлээ боломжоороо илэрхийлсэн. Эцэст нь сайдын хэлснээр хөдөө явах нь явж, тайзаа өгөх нь өгч, нүүх нь нүүх гэж байна. Гэсэн ч уран бүтээлчид “Захиргаадалтын гэх он жилүүдэд ч ийм явдал болж байгаагүй. Соёлын яам нь эрх баригчдад үйлчилдэг, пиар продакшн маягтай байгууллага төдий л юм байна” хэмээн ундууцсан хэвээрээ. Тэд сэтгэлээр тун нунж дорой байна.
Соёл урлагийн салбарынхан “Сайд Ч.Номин энэ салбарыг мөнгө олох талбар гэж үздэг” хэмээн дүгнэдэг болсонтой санал нэгдэхээр. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар юуг ч мөнгө болгож болно гэдэг. Бизнесийн нүдээр харахад тийм байж болох юм. “Тамгагүй төр” жүжгээр, мөн зураачдын бүтээлээр мөнгө олно л гэдэг. Олдог л юм байж. Тэгээд цаашаа яах вэ. Хэдийг олсноо тайлагнах уу. Юунд зарцуулахаа, эсвэл зарцуулснаа хэлэх үү. Хэлэхгүй бол, тайлагнахгүй бол яах вэ.
Ер нь Соёлын яамыг яах гэж байгуулсан бэ. Мөнгө ол гэж үү. Эсвэл сонгуулиас сонгуулийн хооронд эрх баригчдын нэр хүндийг тогтоон барих пиарын зориулалтаар бий болгосон уу. Тийм биш л юм бол соёл урлагийн салбарт ахиц дэвшил гаргах, өөрчлөн шинэчлэх бодлого боловсруулаад, Засгийн газраар батлуулаад, хэрэгжүүлж байх хугацаа хэдийн өнгөрсөн бус уу.
Уран бүтээлчид төр, засагтаа гомдолтой байгаагаа илэрхийлж эхлэхэд энэ салбар өнгөтэй, өөдтэй байгаасай гэж хүсдэг хүмүүс мөн дуугүй байгаагүй. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров “1990 оноос хойш реформ хийлгүй үлдээсэн салбар бол соёл урлагийнх. Одоо бол бидний сэтгэлгээ дэлбэрчихээд байдаг, харин зохион байгуулалт хашаатай хэвээр байна” гэж хэлсэн. Хөгжим судлаач, доктор Б.Батжаргал “Бүх салбар зах зээлийн горимоор явж байхад ганцхан мэргэжлийн урлагийнхан социалист үеийнхээрээ байна” гэсэн утгатай үг хэлж байв. Энэ нь хоцрогдол гэсэн үг биз дээ.
Энэ мэтээс харахад соёл урлагийн салбарт системийн хэмжээнд засаж залруулах зүйл маш их байна аа даа. Гэтэл улс 20 гаруй жилийн дараа Соёлын яам байгуулж байхад салбар толгойлж буй сайд болон баг бүрэлдэхүүн нь бодлого, үйл ажиллагааны хүрээнд өчүүхэн ч дэвшил гаргалгүй сууж байх нь цаг хугацаа, цалин хөлс гээд аваад үзэхэд улс, олон нийтийг ихээхэн хохироож байна гэсэн ч болохоор. Сайдыг бизнес хараатай, мөнгөнөөс өөрийг боддоггүй, тэгээд ч сонгуулиас сонгуулийн хооронд түр ирсэн хүн юм гэж үзэхэд, баг бүрэлдэхүүнд нь соёл урлаг гэж юу вэ, түүнийг хэрхэн хөгжүүлэх, өгөөжийг нь олон нийтийн хөгжилд яаж зориулахыг мэддэг хүмүүс баймаар. Соёлын яам 70 гаруй ажилтантай шүү дээ. Соёл урлагийн салбарыг яагаад хөгжүүлэх ёстой вэ. Үүнийг юуны учир хөгжлийн стратегийн ач холбогдолтой салбар гэдэг талаар энэ яамныхан бодож үзсэн үү. Хуралдаж хэлэлцсэн үү.
Соёлын яамны бодлого юуны түрүүнд хаашаа чиглэх ёстой вэ. Соёл гэдэгт юуны өмнө утга зохиол, төрөл бүрийн урлаг, музей зэргийг хамруулах бөгөөд бодлого нь иргэдийн соёлын хэрэгцээг хангахад чиглэдэг байна. Мэдээж хүн бүрийн хэрэгцээ адилгүй. Урлагийг аваад үзье. Нэг хэсэг нь их урлагийг шүтнэ. Нөгөө зарим нь арай хөнгөн төрлийг сонирхоно. Хошин шогийг илүүд үзэх нь ч бий. Аль нь ч байлаа гэсэн хүмүүсийн оюуны, соёлын хэрэгцээ. Үзэгчид эдгээрээс хүртэж, сэтгэл, оюундаа шингээн оршоож, үр дүнд нь танин мэдэж, аажим өөрчлөгдөж хөгжиж байдаг аж. Соёлыг боловсрол, хүмүүжлээс ангид авч үзэх аргагүй. Улс оронд соёлын ямар чиг баримжаа давамгай байна, төр нь тийм хүмүүстэй харилцах болдог ажгуу. Тэгэхээр иргэдийг төлөвшүүлэх хамгийн чухал хэрэгсэл нь соёлын бодлогын үр шим биш гэж үү. Соёлын яамтай улс орнуудад соёл гэдгийг оюуны үнэт зүйлийн хамгаалалт, үйлдвэрлэл, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхэд нөлөөлөх албан болон албан бус байгууллага, үзэгдэл, хүчин зүйлсийн нэгдэл гэсэн байдлаар авч үздэг аж. Энгийнээр хэлбэл, соёл гэдэг нь үнэт зүйл бий болж, эргэлтэд орж байдаг орон зай. Энэхүү орон зайд хүн утга учиртай амьдрах ёстой агаад тэрхүү утга учрыг хүмүүс хоорондын, хүн ба нийгмийн харилцаа бүрэлдүүлж байдаг ажээ. Уг харилцааг соёлоор, урлагаар, тэдгээрийг бий болгогч хүмүүсийн хүчин зүйлээр бүрдүүлдэг юм байна. Тиймээс соёл болон урлаг нь нийгэм, нэн ялангуяа эрүүл нийгэм оршин тогтнохын үндэс болдог ажээ. Энэ өнцгөөс авч үзвэл улс орны соёлын бодлого гэдэг нь мөнгө олох төсөл, хөтөлбөр боловсруулах бус, харин хөрөнгө зарцуулж, зохион байгуулж соёлыг бэхжүүлэх, батжуулах, иргэдийн соёлын хэрэгцээг бодитоор хангах ухаан байх ёстой болж байна. Энэ ухаан өнөөх муу хэлээд байдаг социалист Монголд байжээ.
Монгол хөгжих ёстой юм бол хүн төрөлхтний соёл урлагтай хөл нийлүүлэх ёстой. Үүний тулд тэр соёл урлагийг нь бий болгодог зохих мэргэжилтнүүдийг бэлтгэх бий болгох ёстой гээд залуусыг олон чиглэлээр гадаадад сургасан түүхтэй. Тэгж байж гэмээнэ Монгол Улс боломжийн соёлтой болж. Үр шимийг нь өнөөдөр бид хүртсээр байдаг. Монголын соёл урлагийн салбар нь тэр үед гайгүй үр суулгасны нөлөөгөөр инерциэрээ өнөөдөртэй золгож. Гэтэл байх ёстой гэж үзээд олон жилийн дараа байгуулсан яамыг аливааг зоосны нүхээр харах мэт авирладаг, хувийн компани л удирдах чадвартай гэхээр хүнд даатгасан нь салбарыг самрахтай адил биш гэж үү. Эс бөгөөс Ч.Номин сайд ба түүний баг бүрэлдэхүүнд салбарыг зөв голдиролд оруулж хөгжүүлэх сэтгэл дутсан гэж үзэхээр байна. Салбар хүний нөөцөөс авхуулаад бүхий л талаар доройтож байгааг харсаар, мэдсээр байж арга хэмжээ авах хүсэл, тэмүүлэл үгүйг үүнээс өөрөөр хэрхэн тайлбарлах вэ.