Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж буй францчууд Ерөнхийлөгчийнхөө тэргүүлсэн Засгийн газрыг хувьсгалыг ойртуулж байна гэж дүгнэх болов. Макроны төлөө саналаа өгсөндөө харамсах хүний тоо нэмэгдсээр байна. 2022 онд түүнийг улираан сонгосноо францчуудын 69 хувь нь алдаа гэж одоо үзэх болжээ.
Эрүүлийг хамгаалах болон боловсрол, санхүүгийн салбарт түүний хийсэн ажилд, цагаачлалын талаарх бодлогод нь хүн амын 77-79 хувь нь сэтгэл дундуур, тэгш бус байдлын эсрэг хийж буй тэмцлийг 75 хувь, байгаль орчноо хамгаалахад тавьж буй хүч чармайлтыг 73 хувь нь чамлаж байгаа аж.
Сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Францын анхны Ерөнхийлөгч нь Эммануэль Макрон юм. Тэтгэвэрт гарах нас 62 байсныг 64 болгох гэснээс түүний нэр хүнд навс унав. Олныг хамарсан эсэргүүцэл тэмцлийг тэрбээр үл хайхран өөрийн санааг парламентаар хэлэлцүүлэхээр зүтгүүлэв. Эцэст нь, дөрөвдүгээр сарын дундуур явуулсан санал асуулгаар иргэдийнх нь ердөө 26 хувь түүнийг дэмждэг болсон байна.
Макрон цөхөрсөнгүй. Түүний хэлж буйгаар бол 2027 онд хэт баруун үзэлтнүүдийн удирдагч Марин Ле Пенийг Төрийн тэргүүний суудалд суулгахгүйн тулд Францын ард түмэн Ерөнхийлөгч болон Засгийн газраа тойрон нэгдэх ёстой гэнэ. Тэтгэвэртэй холбоотой өөрчлөлтийг дэмжиж, сөрөг хүчний ухуулгад автахгүй байх хэрэгтэй аж. 2022 онд тэрбээр миний төлөө саналаа өгөхгүй бол эрс үзэлтнүүд ялна шүү гэсэн агуулгатай уриатайгаар сонгуульд оролцсон юм.
Францын Үйлдвэрчний эвлэлийнхэн, зүүний идэвхтнүүд Макроныг зайлуулахыг уриалах боллоо. Ерөнхийлөгч нь ард түмнээ сонсохыг хүсдэггүй улсад өөр удирдагч хэрэгтэй гэж тэд үзэж байна. “Бидний тэмцэл эхлээд эдийн засгийнх байсан, одоо улс төрийнх боллоо. Засгийн газрыг огцруулах хүсэлтэй хүн олон бий. Харин эрх мэдлийг авахад бэлэн хүн ховор байх шиг байна” гэж үйлдвэрчний эвлэлийн “Багш” хэмээх байгууллагын дарга Бэннуа Коннетабль хэлсэн байх юм.
Францад олныг хамарсан тэмцэл үргэлжилж буй. Энэ тэмцэл хувьсгалд хүрэх нь хол ч олон түмэнтэйгээ хэл амаа ололцохыг төр хичээхгүй бол байдал хурцадна гэдэгт ажиглагчид эргэлзэхгүй байна. Энэ сарын 1-нд Францын түүхэнд томоохонд орох эмх замбараагүй байдлын давлагаа үүслээ. Албан ёсны баримтаар бол Парист 110 мянган хүн, улс даяараа 780 мянган хүн жагсжээ. Сөрөг хүчин болохоор үүнээс хоёр дахин олон хүн тэмцэлд нэгдсэн гэж үзэж буй.
Цагдаа нар луу жагсагчид “Молотовын коктейль” хэмээх тэсрэх бодис, шатаасан эд зүйл, чулуу шидэж, цагдаа нар нь нулимс асгаруулагч хий, усан буу, бороохойгоор хариу барьжээ. Жагсагчдаас 300 орчим, хүчнийхнээс 100 гаруй хүн гэмтэж шархадсан байна. Гудамжны үймээний явцад жагсагчид Марсель хотын тансаг зорчид буудлыг богино хугацаагаар эзэлж, Лион, Тулуз, Нантед хэд хэдэн машин шатаасан гэнэ. Парист ч бас машин шатааж, “McDonald’s”-ын нэг зоогийн газар, авто салон, хэд хэдэн албан байрыг сүйтгэжээ.
Макроны дотоод төдийгүй гадаад бодлого ч иргэдийнх нь санаанд нийцэхгүй байгаа аж. Европын Холбооны түншүүд хийгээд АНУч Францын Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаанд сэтгэл дундуур байх болжээ. Макрон Хятадад айлчлах үеэрээ “Les Echos” сонины сэтгүүлчийн асуултад хариулахдаа АНУ-аас Европын Холбоо аль болох хамааралгүй байх ёстой гэж хэлсэн байна. Үүний тулд түүний бодлоор цэрэг-аж үйлдвэрийн хамслаа бэхжүүлж, атомын эрчим хүчийг хөгжүүлж, Европт огт хэрэггүй зөрчил тэмцэлд татагдан орохгүй байх хэрэгтэй гэнэ. Тодруулбал, Бээжинтэй толхилцож байгаа Тайванийг дэмжихийг Парис хүсэхгүй байгаа аж. Үүний хариу болгож ХБНГУ-ын Сангийн сайд Кристиан Линднер “Европ аюулгүй байдлаа хангахын тулд АНУ-тай ойр дотно байх нь чухал” хэмээн мэдэгдэв. Америкийн Сенатын гишүүн Марко Рубио “Вашингтоны оролцоогүйгээр Украины хямралын учрыг Европ олохыг чинь харна” гэх агуулгатай заналхийлсэн үг хэлжээ. Польшийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон улсын бодлогын товчооны тэргүүн Марчин Пшидач “Европын Холбоонд үзүүлэх Америкийн нөлөө харин ч нэмэгдэх ёстой” гэж үздэгээ илэрхийллээ. “Bloomberg”-ийн мэдээлснээр бол Украины хямралыг энхийн замаар зохицуулах хувилбаруудыг боловсруулахдаа Хятадын КН-ны гадаад асуудал эрхэлсэн комиссыг тэргүүлж байгаа Ван Итэй хамтрахыг өөрийн гадаад бодлогын зөвлөх Эммануэль Боннд даалгаж адарсан гэж Киев Макронд ихээхэн зэвүүцэж, украинчуудын ар хударгаар Бээжингийн дэмжлэгтэйгээр Москватай тохиролцохын тулд Францыг газар нутгийнхаа нэг хэсгийг өөр улсад өгөхийг түүнд санал болгожээ.
Оросын “РИА Новости” агентлагийн шинжээчид Макроныг францчуудынхаа санааг өөр лүүгээ эргүүлж чадахгүй гэсэн байр суурьтай байна. “Ерөнхийлөгч маань 100 өдрийн эвлэрэл зарлаж, тэтгэврийн шинэчлэл чухал болохыг тайлбарлаж ойлгуулахаар сайд нараа бүс нутгууд руу илгээв. Гэтэл тэднийг нь тун таагүй хүлээж авлаа. Тэтгэврийн шинэчлэлийн хуудсыг эргүүлсэн гэж Төрийн тэргүүн нь үзсэнбол үйлдвэрчний эвлэлийн байгууллага огт өөр бодолтой байгаа” гэж Олон улсын эдийн засаг, харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Арина Преображенская ярив. Тэрбээр “Ерөнхийлөгч Франсуа Олландын чансаа 16 хувь хүртлээ буурсан ч түүнийг хүн гэж ханддаг байсан. Макрон олныг бухимдуулж байна. Түүнийг харгис, нэр хүндгүй гэж үзэж байгаа” хэмээн онцлов.
Франц дахь одоогийн улс төрийн хямралыг сүүлийн 30 жилд тохиолдсон доргиосон үйл явдал гэж Оросын Европыг судлах төвийн судлаач Андрей Кудрявцев дүгнэв. “Шар хантаазтанууд” үймж бужигнахад Засгийн газар эцсийн эцэст тэдний шаардлагыг биелүүлсэн. Гэтэл Макрон одоо буулт хийх шинжгүй. Харин улсын зардал, өрийг хорогдуулахыгхүсэж байна” гэж тэр тэмдэглэлээ. Франц улсад олон асуудал хуримтлагдсаны дотор цалин бага учраас боловсрол, эрүүлийг хамгаалах салбарт хүмүүс ажиллах дургүй болжээ. “Макрон бүтцийн дорвитой өөрчлөлт хийхээс аргагүй болсон ч түүнд муу бэлтгэж, ийм арга хэмжээ чухал гэдгийг олон түмэнд ойлгуулж чадсангүй” гэж Кудрявцев үзэж байна.
Ямар ч байсан Макроныг хууль ёсны дагуу огцруулах боломж байхгүй. Түүнд одоо дөрвөн жил бий.