Зураач Г.Наранзаяа кофегоор зурсан бүтээлүүдийн үзэсгэлэнгээ өчигдөр нээлээ. Өөрөөр хэлбэл, кофе найруулж гаргаж авсан материалаараа бүтээлүүд төрүүлснээ дэлгэсэн байна. Түүний зарим бүтээлээс танилцуулъя. “Баян туулай”-гаа тэрбээр туулай жилийн бэлгэдэл болгож зурсан аж. “Үзэсгэлэн болгогч” хэмээх “гуншин”-тай учраас цэцэг, ургамлаар гоёжээ. Мөн хоол хүнс хангалуун байхыг илтгэж, туулайн дуртай лууванг оруулсан гэнэ. Өсөж дэвжихийн бэлгэдэл тариан түрүүг ч бүтээлдээ тусгажээ. Өөрчлөлт шинэчлэлийг илэрхийлж эрвээхэй нисгэсэн байна. “Шар шувууны хүч” хэмээх зурагт уг шувууг уультай зэрэгцүүлэн суулгажээ. “Шөнө унталгүй, бүхий л тийш харж, сонор сэрэмжтэй байдаг шар шувууг уультай нэг мөчир дээр суулгая гэж төлөвлөөгүй байтал аяндаа ийм санаа орж ирсэн” гэж зураач ярилаа.
“Аяга кофе” бүтээлдээ тэрбээр өдрийн эхлэл болсон өглөөг кофе ууж эхлүүлдэг нь амьдралын салшгүй дадал зуршил хэдийн болсныг илтгэсэн аж. Зураач Г.Наранзаяа уран бүтээлийн анхны бие даасан энэхүү үзэсгэлэндээ өөрт нь тохиолдсон үйл явдал, туулсан амьдралынхаа үнэ цэнтэй агшнуудаас төрүүлсэн бүтээлүүдийг дэлгэжээ. Монголын нэртэй гитарчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын хөгжимчин, удирдаачаар олон жил ажилласан Б.Ганбатын охин тэрбээр тэнгэрт одсон аавдаа нэгэн бүтээлээ зориулсан байна. Уг бүтээлийг харахад хүүхдийн киноны Симба арсланг дүрсэлсэн мэт. Харин зураачийн хувьд энэ бол аав нь ажээ. Бурхны орныг зорихын өмнөхөн охиндоо “Чи нэртэй хүний зүстэй охин шүү дээ. Өөдрөг байгаарай. Санаснаараа амьдраарай” гэж захисан юм санж. Аавынхаа захиасыг дагаж тэрбээр багаасаа дурласан зурах, туурвих замыг сонгожээ. Үүний тулд газрын менежментийн чиглэлийн ажлаа орхисон гэнэ. Хөгжимчин аав, зураач ээжийн охиныг төрмөл авьяастан гэхээр. Дунд сургуулийн ханын сонины эрхлэгч, монгол бичгээр цэвэр бичигч, улсын уралдааны шагналт тэрбээр дүрслэх урлагийн сургуульд элсэхийг хүсэж байсан ч ээжийнхээ чиглүүлснээр МУИС-ийн босгыг алхаж, газрын менежментийн чиглэлээр мэргэшсэн юм байна. Дүүргийн Газрын алба, “Оюутолгой”-д ажиллаж байсан Г.Наранзаяа өдгөө зурахаас өөрийг бодохоо больсон гэлээ.