Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, Ёочин, ёочин төст хөгжмөөр тоглоочдын олон улсын уралдааны гран при шагналт Т.Өлзийжаргал монгол үндэснийхээ ёочин хөгжмийг олон нийтэд таниулах ажил эхлүүлжээ. Монголынхоо үндэсний хөгжмийг монголчууддаа танилцуулах, таниулах гэдэг нь нэг талаар байж боломгүй, утгагүй санагдаж мэдэх юм. Гэтэл үнэн хэрэгтээ өнөөдөр ялангуяа залуучуудын дунд энэхүү хөгжмийн зэмсгийг нэрлэж чадахгүй нь олон. Т.Өлзийжаргал “Шинээр танилцсан найзуудын нэг надаас “Чи ёочир бил үү, хоёр саваагаар цохиж дуугаргадаг хөгжим тоглодог, тийм ээ” гэж асуухад сэтгэл их хачин болсон. Удалгүй “Үүнээс цааш, хойч үеийнхэн бүр мэдэхээ байх юм биш үү” гэсэн бодол төрснөөр бага наснаасаа дурлаж, мэргэжлээ болгосон, ийм сайхан хөгжим, зэмсгийн тухай аль болох олон хүнд мэдүүлэхсэн гэсэн бодолтой болсон. Зүгээр бодоод суух биш, боломжоороо судалж мэдсэнээ бусадтай хуваалцаж байя. Зөвхөн манай үеийнхэн болон түүнээс бага насныхан мэдэхгүй байна уу, ямартайч өөрийн хэмжээнд ажиллаад үзье гэж шийдсэн юм” гэлээ.
Т.Өлзийжаргал таван настайдаа ёочингийн ард суужээ. Монголын хүүхдийн ордонд ажилладаг байсан ээж нь түүнийг дугуйланд оруулснаар тус ордны багш Б.Энхтуяагийн шавь болсон түүхтэй аж. Эхэн үедээ жаахан охинд ээжтэйгээ хамт ажил руу нь очих гоё байснаас биш, хөгжим сурснаа төдийлөн тоодоггүй байж гэнэ. Гэхдээ л багшийн заасан бүхнийг сурснаар хүссэн дуу, хөгжмөө тоглох хэрийн болж өсжээ. Тэрбээр нийслэлийн 97 дугаар сургуулийн сурагч байсан бөгөөд оролцоогүй урлагийн үзлэг, тоглолт гэж үгүй.
Польш, Итали улсад ч явж тоглосон охиноо ээж нь шат ахиулан мэргэжлийн хөгжмийн сургуульд оруулах нь зүйтэй гэж үзэв. Хөгжим бүжгийн коллежид шалгуулахад тэнцсэнээр манай улсын үе үеийн ёочинчдын багш Д.Чилхаасүрэнгийн шавь болжээ. Тус сургууль ардын хөгжмийн ангид тавдугаар ангиас элсүүлдэг болохоор тэр насандаа мэргэжлийн хөгжимчин болох гараагаа эхлүүлсэн гэсэн үг. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр мэргэжлийн сургуулийн сурагч болсон биш, өнөөх ёочингоо анхнаас нь сурах маягтайболж гэнэ. Таван настайдаа “Маамуу нааш ир”, “Жигмэд, Тогмид хоёр” гэх мэтийн дуу чөлөөтэй тоглодог, гадаадад явахдаа ямар л бол ямар дуу, хөгжим тоглож байсан хүүхдийн гарыг хөгжим дээр нь тавиулаад эхэлсэн нь тун таагүй санагдажл дээ. Явах ёстой сургууль гэж бодож л хичээлээ давтдаг байв. Монголынхүүхдийн ордонд байнгатоглолтод оролцуулдаг байсан бол энд байдаггүй. Охин “Яагаад намайг тоглуулахгүй байгаа юм бол. Би чадахгүй байгаа юм байх даа” гэж олонтоо бодож гэнэ. Харин ахлах ангид орсноор, анх оролцсон уралдаандаа амжилт үзүүлснээр урамшиж, улмаар мэргэжилдээ дуртай болж эхэлсэн байна. Хойд хөршид болсон үндэсний хөгжимчдийн олон улсын уралдаануудад сайн оролцож ирсэн төдийгүй тэнд очсон Хятадын ёочинчны тоглохыг харахдаа арай өөр юм байна шүү гэж боджээ. Т.Өлзийжаргал тэр үеэс тоглодог зэмсгийнхээ тухай, томоохон зохиол тоглох боломжуудын талаар бодолхийлж эхэлсэн аж. Хөгжим бүжгийн коллежоо амжилттай төгсөж, улмаар БНХАУ-ын Шанхай хотын Консерваторт магистрт суралцах хугацаандаа ёочин нь маш өргөн цар хүрээтэй, ямар ч том зохиолыг эгшиглүүлэх боломжтой, томоохон хөгжмийн зэмсэг гэдгийг бүр ч илүү ойлгожээ. Хятадын хөгжмийн зохиолчид ёочинд зориулж бүтээл туурвихдаа гарамгай, хөгжимчдийнх нь ур чадвар ч мөн адил өндөр болохыг мэдэрсэн Т.Өлзийжаргал “Монголчууд бидэнд энэ хэрийн хэмжээнд тоглох зохиол бүтээл хэр байдаг билээ” гэсэн бодолд автжээ. Тэр цагаас хойш хөгжмийн сайн бүтээл эрж хайдаг болсны сацуу ёочингийнхөгжлийн түүх рүү өнгийж эхэлсэн байна. Монголчуудын үндэсний хөгжим л гэнэ. Араб зүгээс гаралтай уг зэмсэг хэзээнээс Монголынх болсон юм бол, ер нь Ази тивд хэзээ ирэв, ямар үндэстнүүд тоглодог вэ гэх зэргийг судалжээ.
Ёочин нь Араб, Персээс Уйгараар дамжиж, Дундад Азид нэвтэрсэн юм байна. Хятадад гэхэд Мин улсын үед буюу 1368-1644 онд орж иржээ. Монголоор янчир гэж нэрлэдэг байсан бөгөөд сунжирсаар ёочин болсон хэмээн нэрт хөгжим судлаач Ж.Бадраа “Монгол ардын хөгжим” номдоо бичсэн байдаг аж. Янчир буюу ёочин гэдэг нь Хятадын ян цинь гэдэг үгнээс гаралтай. Гэхдээ Хятадад хэд хэдэн янзаар хэлдэг гэнэ. Ган утаст хөгжим гэсэн санаагаар, бас эрвээхэйн гэсэн утгатайгаар нэрлэх нь бий аж.
Ёочин олон янз. Жижгийг нь пикл гэх. Манай улсын, нэр нь түүхэнд мөнхөрсөн ёочинчдоос О.Дашдэлэг багш түүгээр тоглодог байсан баримт бий. 1921 оны Ардын хувьсгалаас хойш анхны уран сайхны бүлгэмүүд бий болоход тэр дунд ёочин байжээ. Ардын дуу ихэвчлэн тоглодог. Тэгэхээр Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу “Бөмбөгөр ногоон”-ыхон тэр үеэс үндэсний хөгжмийн зэмсэгт тооцож, олонд дэлгэрүүлсэн гэж судлаачид үздэг байна. Тэгэхээр өнөөгийн ёочинчдын багш нар, тэдгээрийн багш нар, сургалтын суурийг тавьсан хүмүүс бол Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу олны дунд “Бөмбөгөр ногоон” хэмээн алдаршсан театрт ажиллаж, уран бүтээлээ үзэгчдэд хүргэж, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн О.Дашдэлэг, С.Базаррагчаа, Ж.Чулуун, Г.Дашдаваанар ажгуу. О.Дашдэлэг багш хөгжимдөөд, дуулдгаараа алдартай нэгэн байжээ. Ийнхүү хөгжимдөж бичүүлсэн 80 гаруй бүтээл Монголын радиогийн алтан фондод хадгалагдаж байдгийг мэдэх хүн өнөөдөр цөөн. Хөгжимчин Т.Өлзийжаргал “М.Дугаржавын хөгжим, 1962 онд бичүүлсэн “Үхэрчин хүү Цэрэндорж” дууг О.Дашдэлэг багшийн хөгжимдөж, дуулснаар сонслоо. Цохилго нь их өвөрмөц. Чамин, тансаг. Зүгээр наймт юм шиг мөртлөө өөр. Ерөөсөө л яг өөрийнх нь дахин давтагдашгүй өнгө аястай” хэмээв.
Ёочин хөгжмийн сургалт, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан багш нарын нэг О.Дашдэлэгийн сургалтад ашиглаж байсан, эдүгээ Сэлэнгэ аймгийн музейд хадгалдаг дунд гарын ёочинг одоогийн хөгжимчид сайн мэддэг юм байна. Гэхдээ энэ хөгжим үндсэндээ түүх болж буй гэнэ. Өдгөө ёочинчид бараг бүгд Хятадад үйлдвэрлэсэн 402 загварын их гарын ёочингоор тоглодог ажээ. Цаг хугацааны явцад уг зэмсгийн диапазон илүү өргөсөж, томорч ирсэн бөгөөд энэ хэрээр хөгжимчдийн тоглох ур чадвар дээшилж, тоглох зохиол ч бас томорсоор буй юм байна.
Консерваторын багш Д.Чилхаасүрэн 2007 онд Монгол үндэсний хөгжмийн зэмсэг ёочингийн тухай мэргэжлийнхэнд болон олон нийтэд таниулах зорилгоор “Ёочингоор хөгжимдөхүй” ном бичсэнийг хөгжим судлаач Н.Жанцанноров редакторлажээ. Тэр номд сонирхолтой мэдээлэл их бий аж. Нэгэн жигд бус холимог цохилго буюу чичиргээ гэж юу болох, тухайлбал, ноот наймт, 16-т байсныг эсрэгээр нь 16-т, наймт болгож тоглоход юу өөрчлөгддөг талаар тайлбарласан байна. Чимэглэлийг нэг ардын дууг дөрвөн удаа тоглоход дөрвүүлээ өөр өөр сонсогдтол хэрхэн хийж болох талаар ч багтаажээ.
Д.Чилхаасүрэн багш өөрийн багш С.Базаррагчаагаар 10 удаагийн хичээл заалгаж, тоглолтыг нь бичиж авч, ноотолсон нь өдгөө үнэ цэнтэй материал болжээ. Түүнийг сонсож байхад Базаа багш нь “Гоёчилгоо, элдэв янзын нугалаа хэрэггүй. Дамжаад, дамжаад, шулуун яв” гэж буй нь сонсогдож байв.
Одоо Театрын музейд нэгэн ёочин бий. Энэ нь дунд гарынх бөгөөд шургуулгатай. Хөгжимчин түүн дотор цохиураа, эмэгтэй хүн бол ээмэг, бөгжөө ч хийчихэж болдог гэнэ. Энэхүү зэмсгийг ганган дэгжин эмэгтэйчүүд эрхэмлэдэг гэдэг утгаар хатан хөгжим хэмээхэд буруудахгүй мэт санагдсан тул хатан хэмээн “өргөмжилж” яагаад болохгүй гэж гэсэн санааг хөгжим судлаач, доктор Д.Энхцэцэг, хөгжимчин Т.Өлзийжаргал дэвшүүлж буй аж.
Манай улсын ёочин хөгжимчид мэргэжлийн бусад холбооны гишүүн уран бүтээлчдийн адил хоорондоо тун эвтэй. Холбооныхоо ажлын хүрээнд хамтраад Ёочин болон ёочин төст хөгжмөөр тоглогчдынолон улсын уралдаан анхлан эх орондоо зохион байгуулсан нь тун амжилттай болсон түүхтэй. Гадаадын хэд хэдэн орноос ёочин төст хөгжмөөр тоглоочид ирж уралдаанд оролцсон нь манай ёочингийн тухай, түүнийг эзэмшигч хөгжимчдийн талаарх мэдээллийг өөр өөрсдийн улсад түгээсэн нь хамгийн том олз.
Янчир буюу ёочин монгол нутагт суурьшсанаас хойш хэрхэн хөгжсөнийг түүгээр тоглоочдын ур чадвараар, түүнд зориулж бүтээл туурвигчдын оюуны цараа, ур чадвараар тодорхойлж болох биз ээ. Тухайлбал, хөгжимчин Т.Өлзийжаргалыг Шанхайн Консерваторт суралцаж байхад мэргэжлийн багш профессор нь “Өлзий, чиний тоглох өөр юм аа. Чи ерөөсөө л монгол юм аа” гэдэг байж гэнэ. Юунаас үүдэж ингэж хэлсэн гэхээр морин төвөргөөнийг илэрхийлэх тоглолтыг олон орны оюутнууд дундаас Т.Өлзийжаргал хамгийн сайн гүйцэтгэж л дээ. Багадаа хөдөө гарч, тугал, хурга хариулж явсан монгол охин тэр зэргийн даалгаврыг элбэгхэн биелүүлэлгүй яахвэ. Удалгүй хөгжимчин магистр цол хамгаалах тоглолтдоо хөгжмийн зохиолч Б.Шаравын ёочин, симфони найралд зориулсан концертыг тоглосноор монгол гэдгээ, монгол хөгжимчин болохоо улам бүр баталж, нотолжээ.
Өдгөө Монголын ёочинчид өмнөх үеүдийг бодвол хатан янчир зэмсгийн боломж, бололцоо тун өндөр, хөгжимчдөд чадахгүй, мэдэхгүй гэх саад бэрхшээл үгүй гэдгийг илтгэх бүтээл туурвилуудтай болж эхэлжээ. Дэлхийн сонгодог, эсвэл Хятадын хөгжмийн зохиолчдын элдэвтэй зохиолуудыг тоглох нэг хэрэг. Харин Монголынхоо хөгжмийн зохиолчдын монгол “амь”, “амьсгаатай” бүтээлүүдийг ур чадвар заан тоглож, үзэгчдэд энэхүү зэмсгийн ид хавыг үзүүлэн тоглох тэс өөр, бахархалтай ажгуу. Чухамхүү ийм тоглолтыг гоцлол хөгжимчин Т.Өлзийжаргал өнгөрсөн намар толилуулсан. “Хос цохиурын дуурьсал” тоглолтынхоо бичлэгийг энэ нэрээр нь интернэтэд тавьсан байдаг.
Монгол үндэсний ёочин хэмээх, дөрвөн хөлт суурь дээр тавьж, 1-5-аар багцалж татсан 180 орчим утсыг хоёр ширхэг хулсан цохиураар цохиж, хөг аяс гаргаж тоглодог, трапец хэлбэртэй, модон гадарга бүхий хавтгай хөгжмийн зэмсгийн тухай цухас танилцуулахад ийм байна.
“Ёочир бил үү, хоёр саваагаар цохиж дуугаргадаг хөгжим байдаг даа” хэмээн асууж байсан үл таних бүсгүй шиг үндэсний хөгжим, урлагтаа хайхрамжгүй нь олон байхыг үгүйсгэхгүй. Тиймийн учир тайлбарлан хүргэв. Хатан янчрыг эзэмдэн тоглогч мэргэжлийн олон хөгжимчний төлөөлөл болсон уран бүтээлчийн олонд таниулах сан гэсэн хүслийнх нь галд цучил нэмэхийг хичээлээ.