Монгол Улсад Засгийн газрын 25 тусгай сан бий. Тэдгээрийн нэг нь Соёл урлагийг дэмжих сан бөгөөд соёл урлагийг хөгжүүлэх, сурталчлан таниулах, соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалан хамгаалах, сэргээн засварлах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зориулалттай. Энэ зорилгод нийцэх төслүүдийг сонгон шалгаруулж, тус сангаас санхүүжүүлдэг гэсэн үг. Мөн авсан мөнгөө эргэн төлөх шаардлагагүй. Ийм учраас зөв, оновчтой төслүүд шалгаруулж, хэрэгжилтэд нь бодитой хяналт тавьж, үр дүн гаргасан уу гэдэг асуулт бөгөөд хариуцлага хамгийн түрүүнд дагалдах учиртай. Цаашлаад Монгол Улсын соёлын хувьд баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь эндээс тодрох ёстой. Тэгвэл Соёл урлагийг дэмжих санг ингэж ажиллуулж чадаж байна уу.
...Энэ жилийн хувьд нийт 375 төслөөс эхний шатанд 90-ийг нь дэмжиж, дараагийн шалгаруулалтад үлдээгээд байна. 2021 онд 39, 2022 онд 34 төсөлд санхүүжилт олгосон бөгөөд энэ жил ч үүнээс хол зөрөхгүй болов уу...
Төслийн үр дүнг үнэлэх тухай үг, өгүүлбэр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд ч, үүнд нийцүүлэн баталсан Соёл урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журамд ч алга. Сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавихтай холбоотой зохицуулалт байгаагаас бус, ямар тохиолдолд үр дүнтэй хэрэгжсэн гэж үзэх үнэлгээний аргачлал бий, эсэх нь эргэлзээтэй аж. Энэ талаар Соёлын яамны Стратеги, хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын хэлтсийн сангийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Х.Батсайханаас тодруулахад “Шалгарсан төслийг хэрэгжүүлэгчидтэй нарийвчилсан ажлын даалгавар бүхий гэрээ байгуулдаг. Үүнийг дүгнэхдээ төсөлд хийхээр тусгасан арга хэмжээгээ зохион байгуулсан уу, хэдэн хүнд хүргэсэн бэ, зорилго, агуулгатайгаа нийцсэн үү гэх мэтээр үнэлдэг юм. Гэрээнд тусгасан ажлаа хийгээгүй, төслөө дуусгаагүй талыг сонгон шалгаруулалтад дахин оролцуулдаггүй. Үүнээс гадна урьдчилгаа санхүүжилт авчихаад ажлаа дуусгаагүй бол түүнд нь нийцсэн гүйцэтгэл шаардаж, цаашлаад хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүртэл арга хэмжээ авах ёстой. Мөн сонгон шалгаруулалт болгоны дараа аудит хийлгэдэг. Бид энэ жил сангийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор 2021, 2022 онд санхүүжилт авсан төсөл, арга хэмжээг танилцуулж, үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн сонгон шалгаруулалтын сэдвийг тодорхойлж, зохион байгуулдаг. Жишээ нь, энэ жил соёлын аялал жуулчлалыг түлхүү дэмжих чиглэл баримталж байна” гэв.
Тухайн жилд шалгаруулах төсөл, арга хэмжээний төрөл, сэдэв харилцан адилгүй байдаг. Тодруулбал, энэ жил найм, өнгөрсөн онд долоо, 2021 онд найман төрөл, сэдвийг сонгон нэрлэж, шалгаруулалтын удирдамжид онцлон заажээ. Жишээ нь, 2021 онд соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновац, монгол брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлтэд ач холбогдол өгөхөө зарласан бол өнгөрсөн онд нийт санхүүжилтийн 50 хувийг хүүхдийн уран бүтээлийг дэмжих төсөл, арга хэмжээнд олгохоо онцолсон. Гэхдээ л сэдэв, чиглэлийн дийлэнх нь жил бүр давтагддаг гэхэд болно. Энэ жилийн хувьд “...үндэсний соёл урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалж, хамгаалахад хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг алдаршуулах...” гэсэн сэдэв оруулсныг эс тооцвол шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох, үндэсний соёл урлаг, утга зохиолын бүтээлийг гадаадад болон өөрийн оронд сурталчлах, тоглолт хийх, үзэсгэлэн гаргах, монгол судлаачийг бэлтгэх зэрэг тогтсон хэдэн чиглэлийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлж иржээ. Гэхдээ тухайн төслийг аль сэдэв, чиглэлд багтаан сонгон шалгаруулсан нь тодорхойгүй. Улмаар өнөөдрийг хүртэл дэмжиж, санхүүжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн юу байв, ямар ахиц гарав гэдэг нь бүрхэг. Салбарын яам нь нэгтгэн дүгнэж, том зургаар нь харж, цаашдын алхмаа тодорхойлдог, эсэх нь эргэлзээтэй. Хамгийн гол нь Засгийн газар, Соёлын яам ямар бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгон дэмжиж байгаа вэ гэдэг нь харагддаггүй. Энэ нь сонгон шалгаруулалтыг шударга явуулсан уу, санхүүжилтийг нь зорилтот хүн, байгууллагадаа өгдөг үү гэдэг хардлага дагуулж байгаа юм.
Соёл урлагийг дэмжих сангийн жил бүрийн орлого нь 1.5 тэрбум төгрөг. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шил” ажиллагааны хүрээнд бий болгосон shilen.gov.mn цахим хуудсанд байршуулснаар 2021, 2022 онд Соёл урлагийг дэмжих сангаас 2.8 тэрбум төгрөгийг нийт 73 байгууллага, иргэн авсан байна. Үүний 58 нь байгууллага бөгөөд Монголын маркетингийн судалгааны ассоциац 2021 онд “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал” төсөл хэрэгжүүлнэ гэж 79.9 сая төгрөг авсан нь хамгийн өндөр дүнтэй санхүүжилт болж байна.
Цар тахлын дэгдэлт, хөл хориотой холбоотойгоор 2020 онд сонгон шалгаруулалт зарлаагүй. Үндсэндээ УИХ-ын өнгөрсөн сонгуулиар МАН олонх болж, Соёлын яам байгуулснаас хойш тус сангаас хэн, ямар байгууллага мөнгө авав гэдгийг л ил болгосон хэрэг. Үүнээс өмнө соёлын бодлогыг яамнаас яаманд хариуцуулж, салан задгай явж ирсэн тул Соёл урлагийг дэмжих сангийн зарцуулалтын талаарх мэдээлэл нь тарж, сарниж хоцорчээ. Уг нь үүнийг анх 1995 онд Соёл урлагийг хөгжүүлэх сан нэртэйгээр байгуулж байсан юм билээ. Энэ хугацаанд хамаарах, бараг 30 жилийн мэдээлэл, зарцуулалтын тайланг нээлттэй байршуулахаар ажиллаж буй ч удаашралтай, чамлалттай байна. Хэн, ямар төсөл хэрэгжүүлэхээр хэдэн төгрөг авав гэдгийг мэдэх эрх бидэнд бий. Бүгдийг нь “шилэн” болгох үүрэг ч эрх баригчдад байгаа.
Ер нь ямар зорилготой, юу хийж, хэрэгжүүлсэн нь үл мэдэгдэх төслийн нэр, мөнгөн дүн, авсан байгууллага, иргэний нэрийг жагсааж бичих нь ч хангалтгүй. Засгийн газар соёлын ямар бодлого баримталж, юуг нь илүү дэмжиж байгаа, ингэхдээ юуны тулд, хэнд, хэдэн төгрөг өгсөн, тэр нь үр дүнд хүрсэн үү гэдгийг бид мэдэж, танилцах боломжгүй байгаа цагт одоогоор дэлгэсэн мэдээллийг бүр ч нарийвчилж гаргах шаардлага хэвээрээ гэсэн үг. Тэгээд ч сүүлийн хоёр жилд аудит хийсэн, эсэх нь тодорхойгүй. Аудит хийлгэсэн байлаа ч бас л далд, олдсонгүй. Уг нь тухайн төслийг агуулга болоод санхүү талаасаа хэр үр дүнтэй байсныг аудитын дүгнэлт “хэлэх” боломжтой.
Энэ жилийн хувьд нийт 375 төслөөс эхний шатанд 90-ийг нь дэмжиж, дараагийн шалгаруулалтад үлдээгээд байна. 2021 онд 39, 2022 онд 34 төсөлд санхүүжилт олгосон бөгөөд энэ жил ч үүнээс хол зөрөхгүй болов уу. 2021 онд гэхэд 722 төслөөс шалгаруулсан аж. Ингэхдээ сүүлийн хоёр жилд тус сангаас хувь хүний төсөлд олгох санхүүжилтийн дээд хязгаар 30, хуулийн этгээдийнхэд 80 сая хүртэл төгрөг олгож байв. Энэ оны тухайд хувь хүнд олгох санхүүжилтийн дээд хязгаарыг 20, хуулийн этгээдийнхийг 50 сая төгрөг болгожээ. Тус санг байгуулснаас хойш чухам хэдэн төслөөс хэдийг нь санхүүжүүлснийг барим тавим хэлэх боломж алга. Соёл урлагийг дэмжих сангаас нийт хэдэн төгрөг гаргасан нь ч тодорхойгүй. Тиймээс ч олон зуун, мянган төслөөс хэдийг нь шилж, хэнд мөнгө өгөв гэдэг нь эхнээсээ дуустал ил тод, шалгаруулалтын үйл явц нь ойлгомжтой байхыг шаардаж байна. Үнэндээ энэ зарчим зөвхөн Соёл урлагийг дэмжих санд ч биш, манай төрийн бүхий л үйл ажиллагаа, шат шатанд ус, агаар мэт үгүйлэгдэж буй гэхэд болно.
Тус сангийн санхүүжилтээр олон улсын тавцанд гарах гараагаа эхлүүлсэн хэмээн “Hu” хамтлаг, Пусаны 18 дахь удаагийн олон улсын кино наадмаас “Шинэ давлагаа” шагнал хүртсэн “Алсын удирдлага”, Каннын наадамд сонгогдож оролцсон “Хэвтрийн хүн” киног Соёл урлагийг дэмжих сангийнхан ихэд онцолж, бахархдаг юм билээ. Өнгөрсөн хугацаанд төслүүдийг шударгаар шалгаруулсан уу, “Hu” хамтлагаас ч дутахгүй алдарших уран бүтээлчдийг “дарчихсан” юм биш биз, энэ хэрээр үндэсний онцлог, өв соёлоо дэлхийд түгээх боломжоо алдчихсан байх вий гэх эргэлзээг арилгахын тулд мэдээллүүдийг нь заавал ил болгох ёстой. Цаашид ч ингэж л ажиллах учиртай.