Малайзын түүхийн бүхэл бүтэн нэг эрин Махатхир Мохамадын нэртэй холбоотой. Түүхий эдийн орныг өндөр технологийн бүтээгдэхүүн экспортлогч болгож хувиргасан эдийн засгийн гайхамшгийг бий болгогч гэж түүнийг үздэг. Чухам түүний үед л Малайз руу гадаадын хөрөнгө урсаж, хээл хахуультай үр дүнтэй тэмцэж, иргэдийнх нь амьдрал эрс дээшилжээ. Одоо тэр 97 настай, суудлаа орхисон ч Малайзын бодлогын гол хүн гэж тооцогдсоор байна.
2002 он болоход 77 настай Махатхир Мохамад улс орноо удирдаад 21 жил болсон, сөрөг хүчин нь түүнийг “бүх насаараа сонгогдсон Ерөнхий сайд” хэмээн нэрлэж, мөд солигдоно гэдэгт найдахаа больсон байв. Гэтэл Мохамад тэдний санаанд ороогүй алхам хийж, огцрохоор шийдэж, албан ёсны мэдэгдэл хийлээ. Намын нөхөд нь албан тушаалдаа үлдэхийг гуйлаа. Олон хүний нүдэнд нулимс хурсан нь телевизийн нэвтрүүлгээс харагдаж байжээ. Түүнийг цааш орсны дараа орлогч нь байсан Абдулла Бадави индэрт гарч ирээд Ерөнхий сайдаа ятгаж байж, албан тушаалдаа үлдэхээр болгосныг дуулгав.
Махатхир Мохамад 1925 онд ядуусын хороололд төржээ. Дээд боловсролтой болж, гадаадад суралцан, тэтгэмж авах боломжтой болгодог академийн шагнал авсан ч ангийн ялгаа зааг хэтэрхий их байв. Түүнийг нас биед хүрэх үед буюу1941-1945 онд Малайзыг Япон булаан эзэлсэн, Дэлхийн II дайны дараа Британийн колоничлогчид тус улсыг залж чиглүүлэх болсон түүхийн хоёр хэцүүхэн тохиол давхацсан аж. Малайзыг хамгаалж байсан британи цэргүүдийг япончууд олзолж аваад хэрхэн тамлаж, доромжилж байсныг Махатхир нүдээрээ харжээ.
Дайнаас үүдэн сургууль нь хаагдсан тул 16 настай Махатхир мөнгө олж, өрх гэртээ тус дэм болохыг хичээж байлаа. Эхлээд кофе, дараа нь хүнс зарж үзэв. 1942 онд британичууд тус улсад хяналтаа тогтоолоо. Боловсролтой хятад хүмүүс чинээлэг амьдарч, газар эзэмших эрх эдлэх болжээ. 1970 онд бизнес эрхлэгчид ердөө хоёр хувь нь малайзчууд байсан бол хятадууд 22-оос илүүг нь эзэлж байв.
Британичууд гадныхнаар хөлсний ажил хийлгэхийг илүүд үзэж, хөнгөн цагааны ордод хятадуудыг, каучукийн талбайд энэтхэгчүүдийг ажиллуулав. Боловсролтой, туршлагатайн хүчинд Мохамадын гэр бүлийн амьдрал байдал дажгүй, 20 насандаа сурах үйлсээ Махатхир дуусгахаар шийджээ. Сургуульд байхад л түүний улс төрийн үйл ажиллагаа нь эхэлж, санаа нэгтнүүдтэйгээ хамтран колонийн засаг захиргааны эсрэг тэмцэл зохион байгуулж, шөнөөр ухуулах хуудас тараадаг болов. “Японы эзлэн түрэмгийллийн үеэс би улс төр сонирхох болсон. Түүх судалсан чинь малайзчууд бусад ард түмний ноёрхол дор аж төрөх учиртай юм шиг. Манай ард түмэн тайчуудын эрхшээлд байж, Хятадад алба гувчуур төлж, дараа нь британичууд, португальчуудын мэдэлд шилжиж, 450 жил ийм байдалтай явж ирсэн байх юм. Колоничлогчдоос туурга тусгаарлахын төлөө хэрхэн тэмцэж, АНУ яаж бий болсон талаар уншаад, энэ бүхэн надад маш их нөлөөлсөн” гэж Махатхир Мохамад хожим нь дурссан байдаг.
Тэгээд хууль зүй, анагаах ухаанаар нэр хүнд олж, улс төрд амжилт гаргах хоёр зам бий гэж үзсэн аж. 1946 онд Кембрижийн гэрчилгээтэйгээр сургуулиа төгсөөд 1947 онд Сингапурт очиж анагаах ухаан үзэж эхлэв. Энд шал өөр ертөнцтэй учирлаа. Наад зах нь л гэхэд коллежид суралцдаг 700 оюутны 630 нь малайз биш байв. Махатхир сайн суралцав, харин нэг бүлэгт байсан долоон малайзын дөрөв нь эмчийн диплом авчээ. 1953 онд сургуулиа төгсөөд, гурван жилийн дараа Ситетэй гэрлэлээ. Тэд насан туршдаа хамт амьдарсан юм.
Амьдралд нь дорвитой нөлөөлсөн нэг шийдвэрийг Мохамад тэгэхэд гаргасан байна. Сүүлд нь эрх баригч эвслийн улс төрийн гол хүчин болсон “Холбооны нам”-ын үндэс суурь-Малайзын үндэсний нэгдсэн байгууллагад ажиглагчийн хувиар очив. 1957 онд тус улсыг тусгаар тогтносны дараа энэ нам засгийн эрхэнд гарч, 1973 онд нэрээ “Үндэсний фронт” болгон өөрчилжээ. Улс төрийг эмчийн ажилтайгаа хослуулж, 1957 онд Мохамад хувийн эмнэлгээ байгууллаа. Удалгүй эмч Мохамад олнытанил хүн боллоо. Ядуучуудын эмчилгээний зардал, хугацааг сунгаж, төлбөрийг нь ихээхэн хямдруулав.
1959 онд болсон тусгаар тогтносон Малайзын анхны сонгуульд Мохамад оролцох хүсэлтэй байсан ч нам доторх зөрчлөөс болж татгалзжээ. 1964 онд өмнөд тойрогт нэрээ дэвшүүлж Парламентын депутатаар сонгогдлоо. Гурван жил орчмын дараа Малайзын бүрэлдэхүүнээс Сингапур гарч, тусгаар улс боллоо. Энэ нь түүний санаанд ихэд нийцэв. “Сингапурын хятадууд их түрэмгий санагддаг байсан” гэж тэрбээр сүүлд ярьсан юм. 1969 оны хавар олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэж, олон зуун хүн амь үрэгдэхээс нэг жилийн өмнө Мохамад тухайн үеийн Ерөнхий сайд Тунку Абдул Рахманд захидал бичиж, малайзчуудын эрх ашгийг хамгаалж чадахгүй байна хэмээн шүүмжилж, түүнийг огцрохыг уриалав. Үүний төлөө түүнийг намаас хөөснөөр барахгүй Тунку Абдул Рахман баривчлахыг завдсан ч Мохамедын байр суурь намын залуу удирдагчдынхтай ойр байснаас 1972 онд нам нь түүнийг урьсантул Парламентад эргэн ирж, 20 жил эмчээр ажиллаад анагаах ухааны салбарыг орхив. 1974 онд Засгийн газрын шинэ тэргүүн Абдул Разак түүнийг Боловсролын сайдаар томиллоо. Сайд болоод анхны шийдвэрээр их сургуулиудад тавих төрийн хяналтыг хүчтэй болголоо. Улс төрд илтидэвх гаргасан ажилтан, оюутанд сахилгын арга хэмжээ авахаар их сургуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав. Улс төрийн үйл ажиллагаанд их цаг, хүч зарцуулах шаардлагатай байдаг тул шинжлэх ухааныг эзэмшихэд саад болдгийг тэрбээр өөрийн туршлагаас мэддэг байлаа.
Разакийг нас барсны дараа Ерөнхий сайд болсон Хусейн Онн түүнийг өөрийн орлогчоор томилов. Нам нь парламентын ээлжит сонгуульд ялж, 1981 оны долдугаар сарын дундуур Мохамад Ерөнхий сайдаар томилогдлоо. Тэрбээр 56 настай байсан. Малайз улсаа аж үйлдвэр хөгжсөн орчин цагийн улс болгох нь шинэ Ерөнхий сайдын тэргүүн зорилтуудын нэг тул малайзчуудын эдийн засгийн байдлыг сайжруулахад чиглэсэн хөгжлийн шинэ хөтөлбөрөө танилцуулав. Энэ бодлого малайз, хятад хүмүүсийн хоорондын ялгааг ойртуулсан ч ядуу малайзчуудыг эдийн засгийн хөгжлийн цоорхойд үлдээсэн байна. Мохамадын бодлоор “шинэ малайз” хүн бий болгоход эдийн засаг түлхэц болох ёстой, тэр “шинэ малайз” нь аливаа зорилтыг шийдвэрлэхэд нь туслах соёлтой, нарийн ухаантай, сахилгатай, итгэл хүлээх чадвартай, нэр хүндтэй байх учиртай байлаа. Малайз хийгээд Зүүн өмнөд Азийн нийгэм-эдийн засаг, улс төрийн үйл явцад Махатхир Мохамадын үзүүлсэн нөлөөг “Сингапурын гайхамшгийн эцэг” Ли Куан Югийнхтэй зүйрлэж болохоор гэж шинжээч, судлаач нар дүгнэсэн байдаг. Малайз газар тариалан давамгайлсан сул эдийн эдийн засагтай орноос чухам Махатхир Мохамадын үед экспорт хийгээд хөдөө аж ахуйгаас үл хамааран эдийн засаг нь эрчимтэй өссөн, хөгжиж байгаа дунд зэргийн орон болж хувирлаа.
Ерөнхий сайд томоохон үйлдвэрүүдийг улсынх болгож, дайны жилүүдэд улсыг нь эзэлж байсан Японоос хөрөнгө татахад онцгойлон анхаарав. Түргэн хөгжиж байгаа энэ улс түүхий эд, газар, ажиллах хүчээр гачигдаж байдгийг нь анзаарч энэ бүхнийг түүнд өглөө. Японы Hitachi, Mitsui, Toyota салбараа Малайзад байгуулж эхлэв. Араас нь Америк ч “ороод ирлээ”. 1990 он гарахад тус улс хагас дамжуулагчийн томоохон экспортлогч болсон байна. 1990-ээд оны дунд болоход хөгжиж буй орноос дэлхийн 13 дахь эдийн засагтай улс болсон байв. 1990 онд нэг хүнд ногдох орлого 2255 ам.доллар байснаа 1995 онд 3908 ам.доллар болсон байлаа.
Мохамадын үед Малайз “Азийн бар” гэгдэх болов. Дотоодын бизнесээ гаднын өрсөлдөгчөөс идэвхтэй хамгаалсан юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Александр Хейгийн тэргүүлсэн төлөөлөгчид ирж, тэндхийн банкнуудад өөрийнх шигээ эрх эдлүүлж ажиллуулахыг хүссэн ч тэгвэл Малайзын банкнуудын багалзуурыг шахна хэмээн тайлбарлаж, саналыг нь хүлээж авахаас Мохамад татгалзжээ. Малайзын дуу хоолойг Зүүн өмнөд Азийн хөршүүд нь, исламын ертөнцийн томоохон хэсэг сонсдог нь Азийн үнэт зүйлсийн нэг гол төлөөлөл болсны нь илрэл байв. Үйлдвэрлэл нь нэмэгдсэнээр Малайз дэлхийн томоохон 20 экспортлогчийн тоонд орлоо.
Сингапур, Тайланд, Индонезийн зэрэгцээ Малайзыг Зүүн Азийн эдийн засгийн гайхамшгийн нэг хэсэг гэж Дэлхийн банк зарлав. Тэгтэл 1997-1998 онд Малайз, Индонез, Филиппин, Хонконг, Сингапур, Өмнөд Солонгосыг нөмөрсөн эдийн засгийн хямрал дэгдлээ. Экспортод түшиглэсэн эдийн засаг нь Засгийн газрынхаа хяналтаас гарсан юм. Малайзын дотоодын нийт бүтээгдэхүүн 1998 онд 7.5 хувиар буурчээ. Үндэсний үйлдвэрүүдийг нь хяналтдаа авах гэсэн гадаадын хөрөнгө оруулагчдын түрэмгий бодлогоос улс орноо аврах хөтөлбөр Мохамад боловсруулав. Гэтэл Засгийн газрын бүрэлдэхүүн санал зөрөлдөж, Ерөнхий сайдын орлогч Анвар Ибрагим ОУВС-гийн бодлогыг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулагчдад зах зээлээ нээж, Өрнөдтэй идэвхтэй хамтран ажиллахыг уриаллаа. Гадаадын түншүүд найдвартай гэдэгт Мохамад итгэхгүй байв. ОУВС-гийн бодлогыг дагахаас Ерөнхий сайд татгалзсан юм. Энэ сангийн бодлого тусламжийг нь авч буй орныхоо онцлогийг харгалзаж үзээгүй учраас үр ашиггүй болох нь удалгүй харагдлаа. Үндэсний эдийн засгаа гадаадын хөрөнгөөс тусгаарлах бодлого Малайз баримтлав. Аж үйлдвэрийн шинэ бодлого хэрэгжүүлж, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртгөөр борлуулах болж. Ядуу иргэддээ тэтгэмж олгоход 1998 онд 100 сая орчим ринггит (1 ам.доллар-3.8 ринггит) хуваарьлав. Энэ мэт арга хэмжээ авсны дүнд хөрш орнуудаа бодвол Малайз хямралыг дажгүй давж гарлаа. Авлигын түвшин буурч, банк, компаниудын өр багасаж, гаднын хөрөнгийн зарцуулалтын үр ашиг нэмэгдэв.
Мохамадын Засгийн газрын гадаад бодлого ч идэвхтэй, эрчтэй байлаа. Бүс нутгийн хийгээд Өрнөдийн орнуудтай ойртохын зэрэгцээ Европын баян орнууд болон АНУ тоглоомын дүрмийг өөрт ашигтайгаар өөрчилнө гэдэгт Мохамад эргэлзэхгүй байснаас тэдэнд тун болгоомжтой хандав. 2001 оны есдүгээр сарын 11-нд Америкт болсон алан хядах ажиллагаа, 2003 онд Америкийн цэргүүд Иракт дайрч орсныг Мохамад эрс шүүмжиллээ. Үүний хажуугаар дотоод улс төрийн өрсөлдөгчтэйгөө, түүгээр ч барахгүй улс орноо өөд татах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь саад болсон өөрийн намынхантайгаа ч байнга тэмцэлдэж байв. Гэтэл улс төрийн өрсөлдөөн, түүнтэй холбоотой зөрчилдөөн нь явсаар гудамжны эсэргүүцэл тэмцэл болж хувирлаа. Үүний эцэст 1998 онд Ерөнхий сайдын орлогч Анвар Ибрагим огцорч, улмаар хээл хахууль авсан, хормойн явдалд орооцолдсон хэрэгт буруутгагдаж 15 жил хорих ял шийтгүүлэв. Засгийн газрын доторх шуугиан тарьсан зөрчилдөөн эрх баригч намын нэр хүндэд яахин нөлөөлөхгүй байх билээ. Мохамад нэрд гарсан улстөрч болоод байсан ч түүнийг огцорвол нийгэмд эерэг дохио болно гэж намын нөхөд нь үзэх болсон байна. Харин түүнийг “явах”-ыг хэн ч зориглон хэлж чадахгүй, Мохамад ч эдийн засгийн гайхамшгийг бүтээсэн хүн нь, намынхаа хөдөлгөгч араа нь байсан болохоор эдийн засгийн хямралын хариуцлагыг хүлээхээс эмээсэнгүй. Тэгээд 2002 онд хэний ч хүлээж байгаагүй алхам хийж, огцрохоо мэдэгджээ. Гэтэл орлогч Абдулла Бадавийг залгамжлагчийнх нь хувьд бэлтгэхийн тулд нэг жил ажиллуулахаар хүсэж Мохамадыг ятгаж дөнгөв.
2008 оны сонгуулийн дараа Бадивигийн оронд түүний орлогч Нажиб Разак Засгийн газрын шинэ тэргүүн боллоо. Гэвч түүнийг Ерөнхий сайд байхад Малайзын түүхэн дэх хамгийн дуулиантай хахуулийн хэрэг мандсан билээ. Дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилготой төрийн сангийн хөрөнгийг үрэн таран хийсэн хэмээн 2015 онд Малайзын удирдлага, түүний дотор Ерөнхий сайд Разакийг буруутгалаа. Энэ хөрөнгө 42 тэрбум ринггит буюу 11.73 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Хээл хахуулийн хэл амнаас үүдэнулсад нь хойшлуулшгүй тусламж хэрэгтэй байгааг ойлгоод Мохамад дахин улсаа жолоодохоор 2016 онд шийдсэн ч Разакийг дэмжсэн намынхаа удирдлагатай зөрчилдсөнөөс өөрийн “Малайзын хүүхдүүдийн нэгдсэн нам”-ыг байгуулж, иргэдийнхээ үндэсний эрх ашгийг хамгаалахыг улс төрийн хөтөлбөрөө болгож, хоёр жил зүтгээд суудлаа 1999 онд 15 жилийн ял шийтгүүлсэн Анвар Ибрагимд өгөхөөр амлав. Мохамадын байгуулсан шинэ нам 2018 оны тавдугаар сарын 9-нд Ибрагимийн талынхны дэмжлэгтэйгээр Парламентын сонгуульд олонхын санал авч 92 настай Мохамад маргааш нь Ерөнхий сайдын тангараг өргөж, их улс төрд эргэж ирсэн юм. Разак болон 11 түшмэлийг эх орноосоо гарч явахыг хориглож, Ерөнхий сайд асны 270 сая ам.долларыг хурааж авлаа. “Өнгөрсөн засаг захиргааны хэргийг ухах тусам бид муу юм ихийг олж байна” гэж 2018 оны зургадугаар сард Мохамад хэлж байжээ.
Эдийн засгаа өөд нь татаж, Разакийн засаглалын жилүүдэд үлэмж өссөн улсын өрийг хорогдуулахын тулд ахмад Ерөнхий сайд эрс шийдмэг арга хэмжээ авах хэрэгтэй боллоо...