Зөвлөлт Засгийн үеэс Оросын төрийн бэлгэ тэмдэг болсоор ирсэн Кремль рүү нисгэгчгүй техникээр дайрсан явдал дэлхий дахинд шуугиан дэгдээлээ. ҮүнийгПутиний амийг хөнөөх зорилготой үйлдэл гэж ч Орост үзэж буй. Тэгвэл ийн үзэж буйг нь Өрнөд ихээхэн гайхаж, энэ нь Москва цуст аллага дахин үйлдэх шалтгаан болж ч мэднэ хэмээн Украин анхааруулж байна.
Путиний аминд халдах оролдлого гэх таамаглалыг “Washington post” сонин шууд үгүйсгэв. Энэ нь Украины зүгээс хийсэн “анхааруулах цохилт”, эсвэл Кремлийн өөрийнх нь өдөөсөн тусгай ажиллагаа ч байж болох юм гэж тус сонин үзсэн аж. Олон нийтийн сүлжээгээр тараасан бичлэгээр бол энэ сарын 3-ны 02.30 цагт нисгэгчгүй хоёр төхөөрөмж Кремль рүү чиглэн орж иржээ. Эхнийх нь Кремлийн Сенатын бөмбөгөр оройн дээр дэлбэрчээ. Тухайнүед байшингийн дээвэр дээр хоёр хүний дүрс харагдсан байна. Эдгээр төхөөрөмж хөнгөн, хэврэг, хол нисэх чадваргүй эд байснаас түүнийг Москва хотоос юм уу, тус мужаас хөөргөсөн байх магадлалтай гэж Европын батлан хамгаалах салбарын өндөр албаны хүн үзэж байгаа аж. Түүнчлэн тэсрэх цэнэг нь бага чадлынх тул учруулах хөнөөл нь мөн гойд биш байж.
Сенатын энэ ордон Путиний албан ёсны өрөө мөн ч Оросын Ерөнхийлөгч үндсэндээ хүлээн авалт болон олныг хамарсан арга хэмжээнд л ашигладаг юм байна. Тэрбээр Валдай нуурын эрэг дээрх, битүү ойд нуугдмал, Москва, Санкт-Петербург хоёрын дунд байдаг, нууц төмөр замаар ирдэг өргөөндөө ихэнх цагаа өнгөрөөдөг гэнэ.
Ийм довтолгоонд оролцсон гэх таамгийг Украин даруй үгүйсгэж, Путин рүү ч, Москва руу ч дайрахгүй, өөрийнхөө газар нутгийг хамгаалж, эзлэгдсэнийг нь чөлөөлж байгаа гэж Ерөнхийлөгч Зеленский нь мэдэгдлээ. Дүрсбичлэгт CNN-ий хийсэн задлан шинжилгээгээр бол нисгэгчгүй хоёр төхөөрөмж Кремль дээгүүр ниссэн гэх Кремлийн мэдэгдлийг нотолсон. Харин энэ хэрэг явдалд Украин оролцсон гэх ямар нэг нотолгоо олсонгүй. Уг үйл явдалд АНУ хэрхэн хандаж буйнь анхаарал татаж байна. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нь мэдэгдэхдээ довтолгоон хийсэн гэх мэдээллийг Вашингтон яагаад ч нотолж чадахгүй, Оросоос өгч буй энэ мэт аливаа мэдээлэлд үл итгэх байдлаар хандваас зохино гэжээ. Эл довтолгоон Путиний сэтгэл санаанд нөлөөлөх зорилгоор Украины хийсэн ажиллагаа байсан гэдэгт эргэлзэж буйгаа НАТО-гийн өндөр албаны хүн илэрхийлжээ. Түүнчлэн энэ бол томоохон тоглоомын нэгээхэн хэсэг байж болзошгүй гэсэн байна.
“Wall street journal”-д өгүүлснээр бол Украиныг аль болохоор буруутгаж, Киевийг зэвсэглэж байгаа Өрнөдийг шүүмжлэхэд Москва уг “довтолгоон”-ыг ашиглахыг хичээх болов. Энэ долоо хоногт тэмдэглэх ёстой Ялалтын баярын арга хэмжээг Оросын олон хотод хязгаарлах, бүр цуцлах нь ч зүйтэй гэж үзэж байгаа. Путиний дэглэмд ингэх нь ашигтай юм. Уг баярыг тэмдэглэх үеэр жагсаалд оролцдог хүмүүс германчуудтай хийсэн дайнд амь үрэгдсэн төрөл төрөгсдийнхөө зургийг барьж явдаг. Тэгвэл энэ удаад Украинд амиа алдсан хүмүүсийнхээ зургийг аваад ирвэл уг дайнд хүлээж буй хохирлоо нуухыг хичээж байгаа одоогийн дэглэмийг илчлэх болно гэдгээс Оросын эрх баригчид айж буй аж. Ер нь ойрын хоногуудад Путиний дэглэмд урьд өмнө байгаагүйгээр заналхийлж байж болзошгүй юм. Эх оронч их баярынх нь босгон дээр Оросын Засгийн газрын цайзад цохилт өгсөн нь олон орос хүнийг түгшээжээ. Улмаар“Оросыг үзэн ядагч Өрнөдийн довтолгоонд улс орон нь өртөж байгаа” гэсэн Путиний мэдэгдлийн хүчийг улам нэмэгдүүллээ. Түүнээс гадна энэ явдал цаашид цэрэг дайчлах Путиний санаархалд улс төрийн халх болох уу. Яагаад гэвэл Украин томоохон довтолгоон хийхийн өмнөхөн ийм явдал тохиолдлоо гэсэн сэдвийг “Wall street journal” сэтгүүл хөнджээ.
“Бичлэгээс үзвэл үнэ хямд, ойрхон зайнаас удирдаж болох жижигхэн төхөөрөмж байна лээ” гэж нисгэгчгүй төхөөрөмжөөр мэргэшсэн Вашингтоны “Red six solutions” фирмийг үндэслэгч, доктор Скотт Крико хэлсэн байх юм. Түүний үзэж буйгаар уг төхөөрөмж агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэлтэй гэх ямар нэг шинж тэмдэггүй байжээ. Германы Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан, Оросын асуудлаарх шинжээч Нико Ланге “Украинд үүний хариуд Орос цохилт өгнө гэж бодох хэрэгтэй” хэмээсэн байна.
Путин Москвагаас зайдуу байдаг хэд хэдэн өргөөндөө удаан хугацаагаар ажилладаг нь нэгэнт тодорхой болсон юм. Кремльд аливаа цохилт өгөх боломжтой байгаа нь агаарын цохилтоос хамгаалах Москагийн тогтолцлоо сул болохыг, Оросын дарангуйлагчид өгөх цохилт бодитойг харуулж байна хэмээн Өрнөдийн хэвлэлд бичих болов. Орос, Украины хооронд болж буй 14 сарын дайныг бидэнд сануулах өдрүүдийн нэг нь 2023 оны тавдугаар сарын 3 боллоо хэмээн “Politico” сонин хүлээн зөвшөөрөв.
“Кремльд өгсөн цохилтын ард Украин бийг баримт харуулж байна. Орос бидний “дархлаа”-г ашигласан. Манай зэвсгийг Орост цохилт өгөхдөө ашиглахыг хориглосноор ийм боломжийг бид олгосон юм” гэж НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч байсан, чөлөөнд байгаа генерал Филип Бридлав хэлжээ. Британийн хэвлэлд бичиж буйгаар бол Кремльд өгсөн энэ цохилт нь аминд халдах оролдлогоос илүүтэй Оросын Засгийн газрыг басамжилж, гүн ар тал руу нь тусгай зориулалтын дайчдаа Украин илгээх чадалтайг харууллаа гэж британичууд үзэж байна.
Сандарч тэвдүүлэхэд хүргэсэн үйлдэл сүүлийн жилд эрс нэмэгдсэн, Украин дахь дайн эхлэхээс өмнө ч ийм тохиолдлууд гарч л байв. Тухайлбал, амиа золиослогч-алан хядагч Акбаржон Жалилов гэгч 2017 оны дөрөвдүгээр сард Санкт-Петербургийн метронд гар хийцийн төхөөрөмж дэлбэлж, 16 хүний амь хохироож, 100 гаруй хүн шархдуулж байлаа. “Бослогын талбай” гэдэг өртөөн дээр өөр нэг тэсрэх бөмбөгийг цагийг нь олж илрүүлж аюулгүй болгож чадсан юм. Эдгээрийг Ойрхи Дорнодын исламын алан хядагч үйлдсэнийг тусгай албад илрүүлжбайв.
“Нисгэгчгүй төхөөрөмжийн довтолгооны буруутан Киев үү, Вашингтон уу гэдгийг оросууд тогтоож чадахгүй байна. Энэ хэргийн буруутан Украин гэж оросууд үзэж байгаа. Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах чадвар тартагтаа тулсны гэрч нь энэ. Украины нисгэгчгүй төхөөрөмж Оросын газар нутгийгтуулаад Кремлийн бөмбөгөр оройд цохилт өгч байгаа юм бол оросууд Кремлиэ ч хамгаалж чадахаа больсныг харуулж байна. Оросыг бид “дэлхийн хоёр дахь арми” гэж үзэж байсан юм сан” гэж улс төр судлаач Валентин Гладких онцолжээ.
Хэргийн эзэн нь Украин биш бол хэн байж таарах вэ. Таамаглахад Оросын дотоод байдлын илрэл ч байж мэднэ. Өнөөгийн байдалд сэтгэл дундуур байгаа орос хүмүүс үүнийг үйлдсэн байж болох юм. Гэхдээ энэ нь дотоод улс төрийн тэмцлийн нэг элемент болохыг тэд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж Валентин Гладких үзэж байна. Түүний үгээр бол хариуцлагыг бусдад тохохын тулд оросууд метро юм уу, барилга байшинг дэлбэлж болзошгүй. Ийм туршлага тэдэнд бий, суртал нэвтрүүлгийн зорилгодоо хүрэхийн тулд тусгай албад нь өөрийнхнөө устгахаас буцахгүй. Та нарыг дэлбэлж, аймшигт алан хядагчдыг үүнд буруутгахын тулд сууцын чинь орцонд шуудайтай тэсрэх бодис оруулаад тавьчихсан байж мэднэ шүү, анхаарал, болгоомжтой байцгаа. Украин дайныг алан хядах аргаар явуулахгүй, бид энгийн иргэдийг устгах зорилго тавиагүй. Та нарын амийг золиослох шаардлагатай гэж үзвэл танай тусгай албадыг юу ч зогсоохгүй гэж Гладких онцлон тэмдэглэв. Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Никифоров “Хүний нутаг руу довтлох биш, өөрийн газар нутгийг чөлөөлөхийн тулд Украинд байгаа бүх хүч хэрэгслээ ашиглана” гэж хэлсэн юм.
ХаринОросын суртал нэвтрүүлэгээрогтөөрийгхэлжбайгаа. Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков лхагва гаргийн шөнө Украины нисгэгчгүй хоёр агаарын төхөөрөмж Кремль рүү довтоллоо. Цэргийнхэн болон тусгай албад радиолокацийн систем цагийг нь олж ашигласнаар тэднийг жагсаалаас гаргасан гэж мэдэгдлээ. Тухайн үед Оросын удирдагч Кремльд байсангүй, Ново-Огарево дахь өргөөндөө ажиллаж байж. Энэ довтолгоонд хүний амь үрэгдсэнгүй. “Кремльд цохилт өгөх шийдвэрийг Украин бие дааж гаргав уу, үгүй юүгэдэг нь сонирхол татна. Тухайн үед Украины Ерөнхийлөгч Киев хотноо байсангүй. Инээдмийн жүжигчин байсан энэ хүн бусдын эрх ашгийн төлөө украинчуудыг үхэл рүү нь илгээсээр удлаа. Киевийн дэглэмийн ард Өрнөд байгааг ойлгох ёстой. Тиймээс ялахаас өөр сонголт Орост байхгүй. Ялахын төлөө тулалдах хэрэгтэй. Орос тийм бодолтой хүн олон бий” гэж Кремлиэс мэдэгдсэн.
Эцэст нь хэлэхэд, Оросын цэргийнхэн гарцаагүй ялагдлаа ойлгож байгаа бололтой. Цэргийн гэмт хэрэгтэн, “Вагнер” бүлгийн эзэн Евгений Пригожин урвалаа хэмээн Сергей Шойгу, Валерий Герасимов нарыг зэмлэж байна. Тэд Путинээс хойших, дайн дууссаны дараах Оросын улс төрийн тэмцлийг нэгэнт хийгээд эхэлчихжээ. Оросын нийтлэлч Андрей Пионтковскийн тэмдэглэснээр “Бид эрэлхэг тулалдсан. Пригожин Бахмутыг авдгийн даваан дээр очоод байтал Жанжин штаб биднээс урвасан” гэсэн үгийг тэд давтан давтан хэлж байгаа аж.
Украинд Өрнөд зэвсгийн тусламж үзүүлж байгаа нь оросуудыг ихэд бухимдуулж байна. Оросын зэвсэгт хүчний дэслэгч генерал Андрей Гурулев Британийг устгахыг шаардах болов. Түүний үзэж буйгаар үйл явдлын хөдөлгөгч хүч нь энэ улс болж буй тул Британийг устгах нь дайны төгсгөлийг ойртуулах аж. “Юуны урьд Британийг газрын хөрснөөс арчих хэрэгтэй. Ингэснээр дайн дуусна” гэж тэр мэдэгдсэн байна.