2002 оноос хойш хорь гаруй жилийн турш яригдсан АНУ-руу шууд нислэгтэй болох шат дараатай ажил урагштай байна. Энэ хавар OPEN SKY хэлэлцээрийг үзэглэсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-д айлчлах үеэр хэлэлцээрт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.
Дээрх ажлын хүрээнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Хойд Азийн бүс хариуцсан ахлах төлөөлөгч Ноэл Арбис, гадаад харилцааны мэргэжилтэн Ёлында Кю нартай уулзаж, санал солилцлоо.
Уулзалтаар талууд хоёр улсын хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлыг шуурхайлахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Ази дахь “АРДЧИЛЛЫН АРАЛ” болсон манай улсын хувьд гуравдагч хөрш болсон АНУ руу шууд нислэгтэй болох нь улс төр, нийгэм эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой.
АНУ-д ажиллаж амьдарч буй 50 гаруй мянган монгол иргэний маань хувьд ч, үндэсний авиа компаниудын хөгжилд ч, иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхэд ч ШУУД НИСЛЭГ ШУУД ӨГӨӨЖӨӨ өгнө.