СУИС 2022-2023 оны хичээлийн жилд “Хэл, соёлыг эрхэмлэх жил” уриатай ажиллаж буй. Улмаар сургалт-судалгаа-уран бүтээлийн шилдгийн шилдэг үр дүн, соёл урлагийн сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, төрийн болон төрийн бус их, дээд сургуулийн оюутан залуус, эцэг эх, ажил олгогчдод сурталчлах зорилго тавьсан. Үүний хүрээнд “Монгол эрдэнэ-2023” нэгдсэн тоглолтыг 2023 оны тавдугаар сарын 2-нд Соёл Урлагийн Их Сургууль (СУИС)-ийн бүтцийн 6 сургуулийн бакалавр, магистрант, докторант оюутнууд, Бадмаараг ахлах сургуулийн сурагчид, төгсөгчид, багш нар зэрэг 500-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.
“Монгол эрдэнэ” нэгдсэн тоглолтоос СУИС-ийн ахлах болон бүтцийн сургуулиудын сургалтын ахиц дэвшил, хөгжлийн чиг хандлагыг үндэсний болон сонгодог, гадаадын болон дотоодын мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлийг хэрхэн бүжиглэх, хөгжимдөх, дуулах, жүжиглэх ур чадвараас харж болно.
Энэ удаагийн тоглолтын нэг онцлог нь олон нийтэд зориулсан соёлын үйлчилгээг тогтмолжуулах, соёл урлагаар дамжуулан залуу үеийг төлөвшүүлэх, монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг таниулах, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэхийг зорьж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн их сургуулийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд болж байгаагаараа онцлог юм.