Аливаа хохирлыг бууруулах, нөхөх санхүүгийнүр дүнтэй арга хэрэгсэл бол даатгал. Эрсдэлийн удирдлагын энгийн шийдэл гэж ойлгож болох даатгалын үйлчилгээ нь сайн дурын болон албан журмын гэсэн хоёр төрөлтэй байдаг. Иргэдийн зүгээс даатгалын компаниуд шударга бус ажилладаг, зарим үйлчилгээгээ иргэдэд шууд тулгадаг зэргээр шүүмжлэх нь олонтоо. Жишээ нь, нэгэн иргэн “Би жолоочийн хариуцлагын хязгааргүй нөхцөлтэй даатгалын үйлчилгээг 2022 онд “Монгол даатгал”-аас авсан юм. Гэрээгээ нэг жилээр үргэлжлүүлэн сунгуулах гэтэл заавал машинтай нь хамт даатгана. Эсвэл таны даатгал хязгаартай болно гэж тулгасан” хэмээн бидэнд мэдээлэв. Үүний талаар Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргалаас тодруулахад “Даатгалын 15 компани бий. Гэрээ, үйлчилгээний нөхцөл нь бүгд хуулийн дагуу байгаа.
Тухайн компанийн үйл ажиллагааны зардал өндөр гарснаар тус тусад нь бус, давхар даатгахаар шийдвэрлэж болно. Энэ нь иргэдэд ачаалал багатай. Магадгүй давхар даатгал илүү хямд байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн жилүүдэд тээвэр ложистикийн хүндрэл, инфляцаас шалтгаалан автомашины сэлбэгийн үнэ 2-3 дахин нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор даатгалын нөхөн төлбөрийн зардал өссөн тул ийм зохицуулалтууд хийж болно. Энэ нь хууль, журам зөрчсөн үйлдэл биш” гэсэн юм. Тэгвэл энэ үйлдэл үнэхээр хуульд нийцсэн, эсэхийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хуульч А.Эрдэнэбаяраас лавлахад “Иргэдээс ийм гомдол их ирж байгаа. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг заавал хийлгэх ёстой. Харин автомашинаа даатгуулах нь сайн дурынх. Тиймээс албан журмынхтай хамт даатгуулахыг шаардах нь хуульд нийцэхгүй. Машинаа даатгуулах, эсэх нь хувь хүний сонголт. Гэтэл хүнийг эд хөрөнгөөр нь барьцаалж, албан журмын даатгалыг сунгаж буй нь хууль зөрчсөн асуудал. Иргэдэнэ асуудлаар шүүхэд хандсан ч болно” гэсэн хариу өглөө.