"Монгол" уран сайхны кино нээлтээ хийгээд хэдхэн хонож буй хэдий ч кино шүүмжлэгчдийн анхаарлыг татаж, аазгайг нь хөдөлгөж, басхүү олон нийт амнаас ам дамжин зөвхөн энэ уран бүтээлийн талаар л ярьцгааж байна. Жүжигчин Б.Амарсайхан буюу "Холливүд" Амараа эл киног өөрөө найруулж, бас гол дүрд нь тоглосон. Номадиа пикчерс, ДДЭШ тв болон Гэр комплексын хамтын бүтээл “Монгол” уран сайхны кино олон улсын наадамд өрсөлдөхүйц хийцтэй болноос гадна, жүжигчдийн багийн 90 хувь нь олны танил бус гэдэг нь эрхгүй анхаарал татна. Өнгөрсөн мягмар гарагт уран бүтээлчдийн баг сэтгүүлчдийг урьж, “Монгол” киноны талаараа ярилцлага мэдээлэл өгөхдөө бүтээлийг 100 хувь монгол залуусын ур ухаанаар боссон гэдгийг онцолсон билээ. Тус кинонд Сэрчмаа бүсгүй дүрийг бүтээсэн Т.Солонго-Уянгатай цөөн хором ярилцлаа.
-“Монгол” кинонд тоглох санал хэрхэн хүлээж авсан бэ. Ямар мэдрэмж төрж байв?
-“Монгол” уран сайхны киноны продюсер С.Уран эгч анх надад кинонд тоглох санал тавьсан. Чи кинонд тоглох сонирхолтой юу, проб, видеонд орж үзэх үү гэж асуусан юм. Яагаад ч юм киноны саналыг нэг их бодолгүй хүлээж авсан. Ингээд өөрийн дүрс бичлэгүүдээ явуулсан. Маргааш нь продюсер болон найруулагч “Видеог чинь үзлээ, их таалагдлаа” гэсэн. Улмаар Сэрчмаагийн дүрийг бүтээх ажилдаа орсон. Би анх удаа кинонд дүр бүтээсэн нь энэ.
-Зураг авалтын хамгийн хүнд хэцүү нь аль хэсэг байв?
-Натурын болон павилионы зураг авалт 2022 оны наймдугаар сард эхлээд арваннэгдүгээр сарын сүүлчээр дууссан. Кинонд тоглох явцад хамгийн хэцүү хэсэг нь Завханы Дөрвөлжин сумд толгой хага ташим уулын хүйтэн хүрхрээнд орох байсан. “Би чадахгүй нь” гээд уснаас гараад гүймээр санагдсан ч шүд зууж тэвчээд зураг авалтаа дуусгасан. Надад маш олон хүн зөвлөгөө өгсөн. Сэтгэлд хамгийн тод үлдсэн нь найруулагч Амараа ах “Кинонд тоглоно гэдэг чинь жүжиглэх биш, дотор нь амьдрахыг хэлдэг юм” хэмээх үг байсан. Энэ нь ямар ч тавилтгүй, бодитойгоор тоглохыг хичээх үндэс болсон.
-Бага насаа хаана өнгөрүүлэв. Аль сургуулийг төгссөн бэ?
-Би Улаанбаатарт төрсөн. Хотын унаган хүүхэд. Нийслэлийн "Оюуны Ундраа" цогцорт сурч төгсөөд, Москвагийн их сургуульд санхүүгийн менежмент мэргэжлээр суралцсан. Одоогоор загвар өмсөгчөөр ажиллаж байна. Хамгийн сүүлд Лондонд ажиллаж байгаад киноныхоо нээлтэд оролцохоор эх орондоо ирлээ.
-Хотынх гэхэд морь их сайн унаж байсан. Өмнө нь унаж байв уу?
-Өмнө нь морь унаж үзээгүй, чаддаггүй байв. Тиймээс кинонд тоглох явцдаа морь унаж сурсан.
НАЙРУУЛАГЧИЙН ЗАХИДАЛ
Монголын түүхийн урт удаан он жилүүдэд онцгой гавьяа байгуулсан хаад ноёд, ихэс дээдсийн алдар сууг өнөө хүртэл бид шагшин магтаж, бахархан дурсдаг. Гэтэл Монголын түүхийн хамгийн эгзэгтэй, бэрх цаг үед хүндтэй гавьяа байгуулсан эгэл ардын түүх он цагийн нугачаанд бүдгэрэн, өнөөдөр бидэнд тэдний тухай аман яриа төдийхөн л үлджээ. Тэд бол тусгаар тогтнол, шударга ёс, эрх чөлөөний чөлөөний төлөө "САЙН ЭР"-ийн замыг сонгон тэмцсэн эгэл жирийн Монгол эрчүүд байсан юм. 20 дугаар зууны суртал ухуулга сайн эрсийн түүхийг малын хулгайч төдийхөн болгон хувиргаж, Монгол Улсын түүхэнд байгуулсан гавьяа, зүтгэлийг гуйвуулж, бүдгэрүүлсэн нь харамсалтай. 90 жилийн түүхтэй Монголын кино урлаг сайн эрийг цор ганц удаа Цахиур Төмөрийн дүрээр л дэлгэцэнд үлдээжээ. Түүх бүхэн дэлгэцэнд үлддэггүй. Сайн эрсийн амьдрал, тэмцэл бол дэлгэцэнд үлдэх гавьяатай түүх юм. Тэр эрчүүдийн түүхэн гавьяаг кино дэлгэцийн бүтээл болгох нь уран бүтээлч миний энэ салбартай амьдралаа холбосон 23 жилийн турш үргэлж бодсоор ирсэн хүсэл мөрөөдөл, үүрэг хариуцлага юм. Итгэл найдвар хэзээ ч мөхдөггүй.
Б. Амарсайхан