Түүнийг шоронд хорих нь үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй заналхийллээс хамгаалахад цаашдаа чухал биш болсон тул 48 настай, инженер Гассан аль-Шарбийг суллаж, Саудын Араб руу явуулахаар болсныг АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ. Кубад байдаг цэргийн Гуантанамо шоронг бараг бий болгосон цагаас нь тэнд хоригдсон энэ хүн алан хядагч “Аль-Кайда” байгууллагад удирдах юм уу, зуучлах үүрэг гүйцэтгэж байгаагүй, шоронгийн шаардлага зөрчөөгүйг Пентагон тогтоосон байна. Харин ийн тогтоохын тулд түүнийг шоронд 20 гаруй жил хорьж, тамлан зовооход хүрчээ. Мөн тэнд 20 жил хоригдсон, Пакистаны ах, дүү хоёр болох 53 настай Абдул Раббани, 55 настай Мохаммед Раббани нарыг суллаж, эх орон руу нь явуулжээ. Тэднийг нэгэн алан хядах ажиллагаанд оролцсон гэж үзэж 2002 онд Карачи хотод баривчилсан аж.
Гуантанамо бол эрх зүйн хувьд тусгаарлагдмал газар нутаг. Аливаа алан хядах ажиллагаанд оролцсон юм уу, сэжиглэгдсэн олон арван хүнийг өмгөөлүүлэх эрхгүйгээр олон жилээр тэнд хорьж цээрлүүлдэг. Хоригдлуудад хүч хэрэглэн тамлаж, хэрэг хүлээлгэдэг, тэгээд хэдэн жил хорьж байгаад суллаад явуулчихдаг байна. Ийн сулласан хүмүүсийнхээ нүдийг боогоод цэргүүдээр эх оронд нь хүргүүлдэг. АНУ-ын Батлан хамгаалах яамны баримтаар одоогоор тэнд 31 хүн хоригдож байгаа гэнэ.
1898 онд Испанийн эсрэг дэгдээсэн дайны үеэр Америкийн цэргүүд Кубаулсын Гуантанамо гэх буланд анх үзэгдэх болжээ. Элдайны эцэст Испани өөрийн колони байсан Кубээс татгалзсанаар тус арал тусгаар тогтносон улс болсон байна. Харин Америк цэргээ татаж авсангүй. Үүнийгээ Кубаулсын тусгаар тогтнолын баталгаа гэж АНУ үзжээ.
1903 онд Кубаулсын Засгийн газар цэргийн хэрэгцээнд зориулж Америкт Гуантанамо булангаас хугацаагүй түрээсээр газар олгов. Энэ тухай гэрээнд 1903 оны хоёрдугаар сарын 23-нд гарын үсэг зурж, АНУ тэнгисийн цэргийн баазаа байгууллаа. 1933 онд Кубад цэргийн үймээн дэгдэж, 32 настай, түрүүч цолтой Фульхенсио Батиста гэгч арлыг захирах болов. Бослого гаргагчдыг Америк дэмжив. Гэрээ ёсоор Гуантанамод олгосон газрыг АНУ гагцхүү тэнгисийн цэргийн бааз болгож ашиглаад, жил бүр 3.4 мянган ам.доллар төлж байх боллоо. Батистагийн засаглалын үед тус бааз цэргүүдийн хувьд рашаан сувиллын газар шиг л байсан гэдэг. АНУ-ын Тэнгисийн цэргийн Атлантын далайн эрэгт байх хүчин өвөл тэнд бэлтгэл сургуулилалтаа хийнэ.
1959 онд Фидель Кастрогийн удирдсан босогчид Фульхенсио Батистаг авч хаяв. Дарангуйлагч дэглэмийг нь дэмжиж байсан АНУ-тай нөхөрлөхийг энэ босогчид хүссэнгүй. Кубаулсын эрх мэдэл өөр хүмүүсийн гарт шилжсэнээр Гуантанамод хандах байдал хоёр талаасаа өөрчлөгдлөө. Аль аль талаасаа харуул хамгаалалт бий болгож, төмөр утсан тор татаж, минжүүлсэн талбайтай болгов. Ингээд Америкийн цэргийнхэн тэнд куба иргэдтэй энх амгалан зэрэгцэн оршиж, зэвсэгт тэмцэл, сөргөлдөөн Гуантанамогийн эргэн тойронд ер гарсангүй. 1903 онд гарын үсэг зурж, 1934 онд хүчин төгөлдөр болсон гэрээгээр Кубаулсын тусгаар тогтнолыг АНУ хүлээн зөвшөөрч, хариуд нь Куба хугацаагүй түрээсийг баталгаажуулж зөвхөн хоёр талын харилцан тохиролцоогоор л түүнийг цуцлахаар болжээ.
2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлын дараа АНУ “алан хядагчдын эсрэг дайн” эхлүүлснээ зарласнаар Гуантанамогийн түүхэнд шинэ үе эхэлж, тус баазыг дэлхий дахинд танил болгов. “Талибан”, “Аль-Кайда” гэх мэт Исламын алан хядагч байгууллагатай хэлхээ холбоотой, ийм гэж сэжиглэгдсэн, Афганистан болон бусад улсад явуулсан тусгай ажиллагааны явцад баривчлагдсан этгээдүүдийг америкчууд ийш нь илгээх болов. Исламын хэт даврагч талибуудын талд байлдааны ажиллагаанд оролцсон гэж буруутгагдан, тэнд 2002 оны нэгдүгээр сард аваачсан анхны хоригдол нь 20 афган байв. 2002 оны дөрөвдүгээр сард “Дельта” нэртэй лагерь байгуулсан нь Гуантанамод авчирсан хэрэгтнүүдийг хорих гол газар нь болсон байна. 2003-2004 онд тав, зургадугаар лагерийг нэмж байгуулснаар “Дельта”-д 612 хоригдол багтах зайтай болж, сэжигтнүүдийг авчрах болжээ.
Шоронг чухам Гуантанамод байгуулсан нь нарийн учиртай, АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна байгаа болохоор тэнд тэдний хууль үйлчлэхгүй юм. Энэ шорон бий болгосноос эхлээд л хоригдлуудад ямар ч эрх байхгүй, тэд ойрын хүмүүстээ захидал бичиж, утсаар ярихгүй, өмгөөлөгчдөдөө хандаж тусламж авахгүй, тэнд байх хугацаанд нь хязгаар хэмжээ байхгүй. Олон улсын бусад эрх ч үйлчлэхгүй. Хоригдлууд нь цэргийн олзлогдогчийн статусгүй болохоор тийм хүмүүсийн эдэлдэг олон улсын эрхийн хэм хэмжээнд ч хамаарагдахгүй. Хоригдлууд тэнд олон жилээр хатуу ширүүн нөхцөлд байж, тамлуулдаг ч Америкийн цэргүүд болон тусгай албаны ажилтнуудаас өнөө хэр нь ганц нь ч хариуцлага хүлээж байсангүй. Хоригдлуудыг байцаах, тамлаж яргалахад Тагнуулын төв газрын ажилтнууд ч оролцдог байна. Хоригдлууд ганц ганцаараа байна. Салхилуулах гэж давчуу битүү хашаанд ганц ганцаар нь гаргана, тэгэхдээ нүдийг нь бооно, юу ч сонсуулахгүй байлгах гэж дуу үл нэвтрүүлэх чихэвч зүүлгэнэ.
Өнгөрсөн хугацаанд 780 орчимхүн Гуантанамод хоригдсон ньбүгд исламын шашинтан. Ихэнхдээ Йемен, Саудын Араб, Афганистаны иргэд аж. Афганистанд баривчлагдсан өөр улсын харьяат бас цөөвтөр байж. Гуантанамод есөн хоригдол амиа алджээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны нотолсноор тэд өвчнөөр нас барсан, эсвэл амиа хорлосон аж. Гэхдээ тэдний зарим нь тамлуулснаас болж амиа алдсан гэж хүний эрхийг хамгаалагчид үздэг. Тамлаж зовоож мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх нь тэнд ердийн практик болжээ. Зодож занчих бол юу ч биш. Доромжлох, өлсгөх, өвтгөж шаналгах, унтаж амраахгүй байх гээд тамлан зовоох үйлдэл маш олон янз.
Гуантанамод хоригдож байсан афган эр Обайдулло Ханифтай өнгөрсөн оны зун сэтгүүлч уулзсан байна. Түүнийг 2002 оны долдугаар сард Афганистаны Хост мужаас АНУ-ын армийн тусгай зориулалтын хүчнийхэн баривчилжээ. Цэргүүд гэрт нь дайрч орж ирээд л үеэлтэй нь хамт бариад авч. Нэгжлэг хийж тэмдэглэлийн дэвтрийг нь олоход гар хийцийн дэлбэрэх төхөөрөмжийн тойм зураг түүн дээр байсан гэж баривчилсан хүмүүс хэлжээ. Афган эр америкчуудын болон Афганистанд байсан гадаадын бусад цэргийнхний эсрэг үйл ажиллагаа явуулж байсан ямар нэг бүлэглэлд өөрийгөө хамааралтай болохыг үгүйсгэж байв.
2021 оны зургадугаар сарын 14-нд Брюссельд зохион байгуулсан НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Гуантаномод эсэргүүцлийн жагсаал болов
Обайдулло Ханифыг Гуантанамод аваачиж хамгийн хатуу ширүүн нөхцөлд хорив. Түүний ярьснаар бол мэдүүлэг авахын өмнө хүйтэн агаар үлээлгэсэн цэвдэг өрөөнд хэдэн цаг байлгаад байцаалтын дараа мөн тэр өрөөнд 3-4 цаг байлгадаг байж. Энэ нь хоригдолд үзүүлж буй дарамт бөгөөд даарч бээрсэн хүн илүү яриасаг болох ёстой аж. Хүйтэн өрөөнд байсны уршгаар афган эр өвдсөн ч түүнийг цэргийн эмнэлэгт хэвтүүлсэнгүй. Эмч үзсэн болоод л хорих өрөө рүү буцаав. Тамлуулсны эцэст Ханиф “Аль-Кайда”-гийн үйл ажиллагаанд оролцож байсан хэмээн өөрийгөө гүтгэсэн мэдүүлэг өгсөн гэнэ. Түүнийг Гуантанамод 14 жил хориод Арабын Нэгдсэн Эмират Улс руу явуулж, тэндээс Афганистандаа очжээ. Тэгэхдээ түүнийг ирэхэд Афганистаны эрх мэдлийг талибууд авсан байжээ. Ханиф Нийтийн номын сангуудын захирлаар томилогдож, одоо энэ ажлынхаа шугамаар олон улсын хуралд оролцдог болсон аж.
Цэргийн шоронд байхад хэдэн сарын хугацаанд түүний эсрэг талын өрөөнд Гуантанамогийн хамгийн нэр цуутай хоригдол Мавританийниргэн Мохаммед ульд Слахи байж. Түүнийг Америкийн тусгай албаныхан эх оронд нь баривчилжээ. Үүнд Мавританийэрх баригчид ч дэмжлэг үзүүлсэн байна. Эхлээд түүнийг Афганистан дахь “Баграм” хэмээх нисэх хүчний баазад аваачиж, 2002 оны наймдугаар сард Гуантанамод шилжүүлэв. Есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааг зохион байгуулсан гэж АНУ түүнийг буруутгажээ. 1990-ээд оны эхээр Мохаммед ульд Слахи хэдэн сар Афганистанд байж АНУ-ын дэмжлэг хүлээсэн можахедуудын бэлтгэл хийдэг лагерьт цэргийн “эрдэм”-д суралцсанаас биш, байлдаан, довтолгоонд оролцож байсангүй. Тухайн үед можахедууд Мохаммед Нажибуллагийн дэглэмийн эсрэг тэмцэж байв. Мань хүн ч “Бурхангүй коммунистууд”-ыг унагахад нь ах, дүү нартаа туслахаар залуу хүний дэврүүн бодлоор шийдсэн байна. Гэвч можахедуудтай ганзага нийлсэнгүй. Афганистанд хэдхэн сар болоод Германд очиж, их сургууль төгсөв.
Удалгүй Мавританидаа буцаж ирж, мэдээллийн технологийн салбарт ажиллажээ. Гуантанамод түүнийг удтал тамлаж “Аль-Кайда”, есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааг үйлдэгчдийг хооронд нь холбож байсан гэж хүлээн зөвшөөрүүлэхийг оролдсон аж. Энэ хүчирхийлэл 70 өдөр үргэлжилсэн гэдэг. Мохаммед ульд Слахийг ийн тамлахыг тухайн үед АНУ-ын Батлан хамгаалахын сайд байсан Дональд Рамсфельд өөрийн биеэр хөхиүлэн дэмжиж байжээ. Мавритани эрийг мөн л тамлаж, дааруулж, зодож, төрөл садныхныг нь баривчилж, хүч хэрэглэнэ гэж айлгана. Нэгэнтээ нүдийг нь боогоод завинд суулган далайд аваачиж алахаар заналхийлэхэд нь хүчинд автан ярьж гарсан аж. 2005 онд нэг танил нь Нэнси Холландер, Тереза Дункан гэж хоёр өмгөөлөгч олж, түүний хэргийг хянуулахаар болов. Энэ үед Мохаммед ульд Слахи англи хэл сурч, өдрийн тэмдэглэлээ элхэл дээр хөтлөх болсон байлаа. 10 жилийн дараа уг тэмдэглэлээ өмгөөлөгчдөд өгч, ихэд засаж өөрчлөөд хэвлүүлжээ. Цэргийнхэн нууцлах ёстой мэдээлэл гэж үзсэн хэсгийг тус номон дээр хар будгаар балласан байв. Гэлээ ч Гуантанамо гэдэг цэргийн шоронд чухам юу болж байдгийг энэ номоос л дэлхийн дахин мэдэх болсон байна. Мавританийн иргэн хүч хэрэглэж тамлуулсны улмаас хэрэг хүлээснийг өмгөөлөгчид нь нотолж чадсан тул2016 онд суллагдаж, цэргийн алба хаагчид түүнийг эх оронд нь хүргэж өгсөн байна. Уг ном засвар өөрчлөлтгүйгээр дахин хэвлэгдсэн төдийгүй түүгээр “Мавритани эр” кино бүтээжээ.
2021 оны нэгдүгээр сард Мохаммед ульд Слахи болон Гуантанамогийн өөр хоригдлын захидал “New York review of Books”-тхэвлэгдсэн байна. Тэд цэргийн энэ шоронг хаахыг уг захидалдаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд уриалжээ. 2009 онд Ерөнхийлөгч Барак Обама шоронг хаахаа амласан аж. Тэр үед олонх хоригдол нь суллагдаад Гуантанамод 300 орчим л хүн хоригдож байв. Гэтэл 2010 онд АНУ-ын Конгресс шоронг хаахыг эсэргүүцсэн гэнэ.
“Афганистанд дайн зогсчихоод байхад Гуантанамогийн шорон байсаар буйг би ойлгодоггүй. Хүмүүсийн асуудлыг шүүхээр шийд, хэрэг хийснийг нь нотолж чадахгүй бол суллаач” гэж буруутайг нь нотлоогүй байхад тэнд таван жил хорьсон, Ливийн иргэн Омар Дегайес шаарджээ.
Суллагдсаныхаа дараа хэд хэдэн хоригдол алан хядах байгууллагад элссэн учраас хүмүүсийг аливаа эрх эдлэлгүйгээр хорьж байдаг ийм дэглэмтэй байх нь ер нь зүйтэй гэж Конгрессын гишүүд үзсэн байна.
Ер нь бол Гуантанамод болж байдаг үйл явдалд америкчууд сөрөг хандлагатай байдаг аж. Тиймээс Цагаан ордон зарим хоригдлын хэргийг эргэж нягтлах үүрэгтэй төлөөлөгчийг 2022 оны есдүгээр сард томилжээ. Харин жил бүр 540 сая ам.доллар “залгиж” байдаг уг шоронг хаах талаар одоогоор хэн ч асуудал хөндөөгүй байгаа юм.