Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичигтэй уялдуулан боловсруулжээ. Салбарын яамд болон бусад байгууллагаас төсөлд тусгуулахаар нийт 80.2 их наяд төгрөгийн 1047 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн аж. Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон хөрөнгийн бусад эх үүсвэрийн нөөц боломжтой уялдуулан тэдгээрээс 13.4 их наяд төгрөгийн санхүүжилттэй, тэргүүлэх найман чиглэлийн 184 төсөл, арга хэмжээг төлөвлөгөөний төсөлд тусгасан байна. Улсын төсвөөс 2.3, орон нутгийн хөрөнгөөс 0.2, гадаадын зээлээс 1.3, гадаадын тусламжаас 0.5, төр, хувийн хэвшлийн түншлэлээс 4.5, хувийн хөрөнгө оруулалтаас 3.1, бусад эх үүсвэрээс 1.6 их наяд төгрөг гарган, дээрх санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гол зорилго нь өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд “Экспортыг нэмэгдүүлнэ”, “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ”, “Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна”, “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ”, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулна”, “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулна”, “Засаглалын үзүүлэлтийг сайжруулна”, “Ногоон хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна” гэж тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлсон байна.