Монголд усанд сэлэлтийн тамирчид бэлтгэдэг дасгалжуулагчдын нэг бол “Сэлэм загас” клубийн багш Х.Батболд. Тэрбээр шавь нараа дотоод, гадаадын тэмцээнд сойж, ур чадварыг нь хөгжүүлэн, туршлага хуримтлуулж буй. Түүний удирдлагад оролцсон сэлэгчид Малайзын Куала-Лумпур хотод зохион байгуулсан 58 дахь удаагийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 12 орны тамирчидтай өрсөлдөж чамлахааргүй амжилт гаргажээ. Тэднээс “Орчлон” олон улсын сургуулийн 9б ангийн сурагч, ОУХМ Э.Эрхэс 13-14 насныхны ангилалд 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд (27.26), 100 метрийнхэд (59.22) түрүүлж, тус тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Мөн 50, 100, 200 метрийн (2:13.84) араар даллах сэлэлтийн төрөлд улсынхаа дээд амжилтыг эвдсэн юм. Тэрбээр өмнө нь АНУ-д бэлтгэл хийхдээ Флоридагийн Орландо хотод болсон Үндэсний усанд сэлэлтийн холбооны аварга шалгаруулах “NCSA spring championships 2023” өндөр чансаатай тэмцээнд муж улсуудын шилдгүүдтэй уралдсан юм. 50 метрийн араар даллах сэлэлтийн финалын гараанд IV байр эзэлж байв. Үүнээс гадна улсынхаа насанд хүрэгчдийн 31 дэх удаагийн УАШТ-д дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртэж, “Fukuoka 2023” ДАШТ-д оролцохоор шалгарсан билээ. Ийм амжилт үзүүлж буй багш, шавь хоёрыг зочноор урилаа.
-Малайзад түрүүлсэн хоёр тамирчны нэг нь таны шавь. Улсынх нь сэлэгчдийн эвдээгүй амжилтыг 50, 100 метрийн араар даллах төрөлд шинэчлэн тогтоолоо. Энэ жил тив, дэлхийн олон тэмцээнтэй. Тэндээс ирээд л бэлтгэлдээ шаргуу орсон дуулдсан.
Х.Б: -Тийм ээ. Монголын усанд сэлэлтийн гурван клубээс 22 тамирчин Куала-Лумпур хотыг зорьж, улсынх нь аваргын тэмцээнээс таван алт, тус бүр нэг мөнгө, хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр IX байрт шалгарсан. Энэ удаа Сингапур, Индонезийн тамирчид эхний гурван байрт жагсаж, эзэн орныхон V, VI байр эзэлж байгаа харагдсан шүү. Миний шавь нараас Э.Эрхэс 50, 100, 200 метрийн араар даллах төрөлд тус бүр алтан медаль хүртэж, улсынхаа дээд амжилтыг эвдэн, цагаа нэг секундээр ахиуллаа. Мөн Малайзын усанд сэлэлтийн 50, 100 метрийн араар даллах төрөлд дээд амжилтыг нь шинэчлэн тогтоов. Дараагийн тэмцээнд оролцох тамирчид түүний амжилтыг эвдсэн тохиолдолд нэр нь бичигдэнэ.Тэрбээр зургаан зайд өрсөлдөхдөө дөрөвт нь медаль зүүж, хоёрт нь IV, V байрт жагссан. Манай клубийнхэн багаараа Орхон аймагт энэ долоо хоногийн сүүлчээр болох өсвөр үе, залуучуудын УАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Э.Э: -Тамирчин хүн спортоор хичээллэж, зорилгодоо хүрнэ гэдэг өндөр үүрэг, хариуцлага юм билээ. Намайг амжилт гаргахад багшаас минь гадна гэр бүл, ойр дотнын хүмүүс, найз нөхөд, мөн миний сурдаг сургуулийн хамт олон, Монголын усан спортын холбооныхны дэмжлэг их нөлөөлсөн. Хэрвээ ийм найдвартай ар талтай байгаагүй бол би өдийд зүгээр л сонирхож хичээллэгсдийн нэг байх байв. Аав минь гадаадын тэмцээнүүдэд оролцуулж, туршлага хуримтлуулахыг чухал гэж үздэг. Тиймдээ ч миний бэлтгэл хийхийг байнга харж, өдрийн тэмдэглэл хөтөлж ирсэн. Тамирчин хүнд гэр бүлийнх нь дэмжлэг амжилт гаргаж, зорилгодоо хүрэхэд гүүр болдог гэж боддог юм.
-Багш, шавь хоёрын гадаадын тамирчдаас олж харсан давуу тал юу байв. Тэдний өрсөлдөөн юуг хамгийн их мэдрүүлж, ойлгуулсан бэ?
Х.Б: -Монголын дийлэнх клубийн сэлэгчид 20 метрийн бассейнд бэлтгэл хийдэг. Миний ажигласнаар манайхан 100, 200 метрийн зайд гадаадын тамирчдаас эргэлт удаан байгаа нь анзаарагдсан. Тиймээс бариа, тэсвэрийн бэлтгэл сайн хийлгэх хэрэгтэйг ойлголоо. Тэд ана мана өрсөлдөж, техникийн хувьд эн тэнцүү гэдгээ харуулсан ч сүүлийн 10 метрийн зайд хүч нь цуцаж байлаа. Тэндхийн цаг агаар, уур амьсгал халуун, бүгчим болохоор анх удаа хөл тавьсан хүүхдүүдэд дасан зохицох эхэндээ амаргүй байв. Тэмцээнтэй өдрүүдэд багшийн үүрэг, хариуцлага өндөр. Тамирчдынхаа бие, сэтгэл зүйн байдлыг анхаарч, нойр, хоол, амралтыг тааруулах нь чухал байдаг юм.
Э.Э: -Тэндээс том зорилго тээж ирсэн. Би 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд аварга болсон Малайзын тамирчнаас долоон долиор хоцорч удаалсан юм. Мэлхий, далайн гахай сэлэлт маш их хүч шаарддаг. Өрсөлдөгч маань хүчтэй, бяртай, техник сайтай тамирчин байлаа. Мөнгөн медаль надад “Чи энэ төрөлд аварга болохыг хүсвэл өмнөхөөсөө илүү хичээх хэрэгтэй” гэх бодол төрүүлсэн. Тиймээс дараагийн тэмцээнд өнгийг нь хувиргахаар зорьж байгаа. Медалийнхаа олонхыг араар даллах сэлэлтийн төрлөөс хүртсэн. Миний хувьд улсдаа одоогоор зургаан дээд амжилт эзэмшиж байна. Үзэгчдэд усан спортын тамирчид өөр хоорондоо өрсөлдөж буй мэт харагддаг ч үнэндээ бол тэд өөрийгөө ялан дийлэхийн тулд цаг хугацаатай уралддаг.
-Та дасгалжуулагчийн хувьд хэр судалгаа хийсэн бэ. Томоохон тэмцээний өмнө тамирчдынхаа өрсөлдөгчдийг бүх талаас нь судалдаг уу?
Х.Б: -Би шавь нартайгаа хамт байнга суралцдаг. Дасгалжуулагч багш өөрийн гэсэн судалгаатай, тамирчдынхаа амжилтын төлөө байнга шинийг эрэлхийлдэг байх ёстой. Тэднийгээ дотоод, гадаадын тэмцээнд оролцуулахдаа өмнө нь заавал судалгаа хийдэг. Өрсөлдөх тамирчдынх нь өмнөх тэмцээний бичлэгийг үзэхдээ цагаа хэрхэн ахиулж, амжилт гаргасныг нь сонирхож харна. Монголын тамирчдаас энэ удаа Э.Эрхэс, “Хилэм” клубийн Н.Билгүүн нар медаль хүртэж, бусад нь уралдааныхаа цагийг ахиуллаа. Түүнчлэн гадаад тамирчдын хэрэглэж байгаа эд зүйлсийг ч шавь нарынхтайгаа харьцуулдаг. Энд, тэндээс харсан зүйлээ ирсэн даруйдаа тамирчдынхаа бэлтгэлийн орчин, нөхцөлд тааруулж хийнэ шүү дээ. Малайзад болсон тэмцээний үеэр ч харсан зүйлээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжид шавь нарынхаа гар, хөлийн хүндрүүлэгчийг солино. Манай клубийн бассейн 20 метр тул тамирчдадаа шүхэр, гар, хөлийн хүндрүүлэгч хэрэглүүлж, 25, 50, 100, 200 метрийн зайд уралдах хурд, хүч, цагийг нь нөхөх зорилгоор бэлтгэл хийлгэдэг.
Э.Э: -Малайзын тамирчид материаллаг бааз сайтай. Бид тэднээс техник, ур чадвараар дутахгүй. Хамгийн гол нь зорилгынхоо төлөө бэлтгэлээ үр дүнтэй хийх хэрэгтэй. Миний хувьд бэлтгэл хийх цагаа ахиулмаар санагддаг. Саяны тэмцээнээс олж харсан бүхнээ бэлтгэлдээ хэрэгжүүлж, алдаа дутагдлаа засна. Би өмнө нь 2019 онд тус улсад болсон 55 дахь удаагийн тэмцээнд оролцохдоо 100 метрийн араар даллах төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Тэр үед миний хамгийн хүчтэй өрсөлдөгч Мухаммед Духа байлаа. Түүнээс энэ удаа даагаа нэхэж, 50, 100, 200 метрийн араар даллах төрөлд түрүүлж, аварга болсондоо сэтгэл өндөр байгаа. Миний хувьд АНУ-д хоёр ч удаа бэлтгэл хийхдээ тамирчдаас нь олон давуу тал олж харсан. Тэнд байх хугацаандаа Монголд хийдэг бэлтгэлээ хэд дахин нугалж хийсэн шүү. Өдөр бүр төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу сургуулилалт хийхэд шантарсан удаа цөөнгүй. Бүр бэлтгэлдээ явмааргүй санагддаг байлаа. Тийм хэцүү өдрүүдийг гэрийнхнийгээ бодож, сэтгэл зүйн хатаар даван туулсан. Тэнд болсон тэмцээний 100 метрийн араар даллах төрөлд оролцохдоо их ядарсан. 75 удаа эргэж, хүч цуцахад нүдэнд гэрийнхэн минь харагдаж билээ. Надаас тэвчээр хатуужил, ур чадвар, ухаан, туршлага гээд бүхнийг шаардсан болохоор ялагдах эрх байгаагүй. Тэр үед тэдний хэмжээнд хүрэхийн тулд өмнөхөөсөө илүү хичээх ёстойг ойлгосон. Одоо хоёр тамирчинтай нь ойр дотно нөхөрлөж, мэдээлэл солилцдог. Нэг нь надаас ах, араар даллах төрөлд өрсөлддөг. Улсдаа насныхаа ангилалд амжилтаараа эхний гурван байрт жагсдаг. Тэрбээр бэлтгэлийн үед туршлагаасаа харамгүй хуваалцдаг байв. АНУ-ын тамирчид эргэлт, техник сайтай, бага хүч зарцуулж, хурдан сэлдэг. Бэлтгэл хийсний үр дүнд 200 метрийн араар даллах төрөлд дөрөв, 50 метрийнхэд цагаа нэг секундээр ахиулсан.
-Гадаадын дасгалжуулагч багш нартай та хэр холбоотой ажилладаг вэ. Ойрын үед тэднээс хэнтэй нь ямар сэдвээр яриа өрнүүлэв?
Х.Б: -Куала-Лумпур хотоос нутгийн зүг хүлгийн жолоо залахдаа Сингапурын усанд сэлэлтийн алдартай тамирчин, Азийн аварга, тивдээ “Азийн нисдэг загас” хэмээн алдаршсан Анг Пенг Сионг дасгалжуулагчтай санал бодлоо хуваалцаж, хойшид хамтарсан бэлтгэл хийх талаар ярилцлаа. Тэрбээр манай улсад 2013 онд ирж дасгалжуулагч нарт хичээл зааж байв. Монголын тамирчдаас Э.Эрхэсийн сэлэлтийг хараад миний харсан зүйлтэй ижил зүйл хэлж, зөвлөсөн. Улс бүр газар зүйн байршлын хувьд өөр. Сингапур далайн түвшнээс дор, монголчууд далайн түвшнээс дээш оршдог. Манайхан намдор газарт бэлтгэл хийвэл ур чадвараа ахиулахад ахиц гарна. Тэдний хувьд далайн түвшнээс дээш газарт өндрийн бэлтгэл хийхэд хамгийн тохиромжтой. Усан спорт хөгжсөн орнууд үүнийг сайн судалж, тамирчдаа ямар улсад хамтарсан бэлтгэл хийлгэхээ шийддэг.
-Таны хувьд шавиа энэ жил дотоод, гадаадын олон тэмцээнд сойх нь. Ирэх сард хүүхдийн спортын наадамтай. Дараа нь ДАШТ эхэлнэ. Есдүгээр сард “Ханжоу-2023” Азийн наадам, арваннэгдүгээр сард Азийн хүүхдийн спортын наадам болно шүү дээ.
Х.Б: -Миний хувьд шавь нараасаа Э.Ариунтамир, Э.Эрхэс нарыг ДАШТ-д оролцуулахаар бэлтгэл хийлгэж байгаа. Э.Эрхэсийн хувьд ДАШТ-ий дараа “Ханжоу-2023” Азийн наадам, арваннэгдүгээр сард болох Азийн хүүхдийн спортын наадамд ч өрсөлдөнө. Монголд зохион байгуулах Зүүн Азийн залуучуудын наадмын тэмцээний төрөлд усан спорт багтсан байв. Гэтэл манай улсад 50 метрийн бассейн байхгүй тул хасагдсан. Төр, засаг тамирчдаа дэмжээд бэлтгэл хийх баазыг нь бүрдүүлээд өгвөл Монголын тамирчид ур чадвар, техникийн хувьд гадаадынхнаас дутахгүй. Монгол хүүхдүүдэд давуу тал олон бий. Тэд аливаа зүйлийг хурдан ойлгож, хүлээн авдаг. Амьдарч буй орчин нөхцөл, хэрэглэдэг хоол хүнснээсээ хамаараад хүчтэй, шөрмөслөг. Хатуужил тэвчээртэйгээс гадна очсон газрынхаа орчин, нөхцөлд амархан дасан зохицох чадвартай. Би усанд сэлэлтийн спорттой 1986 оноос хойш нөхөрлөж, найман жил хичээллэсэн. Спортын дэд мастер цолтой. 1993 оноос дасгалжуулагчаар өнөөг хүртэл ажиллаж байна. Улаанбаатар хотын дүүргүүдээс гадна орон нутагт энэ спортыг хөгжүүлж байгаа. Хотын 20 гаруй клубийн тамирчидтай орон нутгийнхан хүчтэй өрсөлддөг. Манай “Сэлэм загас” клубийнхэн сүүлийн жилүүдэд эхний гурван байрт жагсаж, багаараа цом гарддаг боллоо. Энэ жил клубийн маань 10 жилийн ой тохиож буй. Ойн баярын хүрээнд томоохон тэмцээн зохион байгуулах бодол бий. Усан спортоор хичээллэсэн хүүхдүүд үеийнхнээсээ эрт бие дааж, тэсвэр хатуужилд суралцдаг. Уушги нь эрүүл, булчин нь жигд хөгждөг тул бие бялдар нь өв тэгш болдог юм. Гадаадын их, дээд сургуулиуд элсэгчдээсээ усанд сэлэлтийн шалгалт заавал авдаг. Тухайн сургууль суралцагчдадаа аюулгүй байдал талаас нь өөрийн амийг аврах хэмжээнд сэлж сурсан байхыг шаарддаг.
Э.Э: -Багш бид хоёрыг тив, дэлхийн дөрвөн том тэмцээн хүлээж байгаа. Филиппин улсад Азийн залуучуудын наадам хэдэн сарын дараа эхлэх нь. Тэндээс медальтай ирэх зорилго тавьсан. Миний судалснаар бол усанд сэлэлтийн тамирчид 25 насандаа амжилтынхаа оргил үеийг харуулдаг. Тэр үед тухайн тамирчин амжилт гаргах техник, ур чадвараа төгс эзэмшдэг юм билээ. Бразилын алдартай тамирчин, дэлхийн аварга Николас Сантос өдгөө 41 настай. Одоо ч хичээллэсээр байгаа. Мөн шилдгүүдээс Майкл Фелпсийн амжилтын түүхийг сонирхож уншдаг. Тэрбээр бэлтгэл хийхдээ өдөрт 10 мянган удаа сэлдэг байснаа дурдсан байв. Амжилт гаргахын тулд тууштай хөдөлмөрлөж, зорилгынхоо төлөө цаг хугацаатай уралдсан хичээл зүтгэлээр нь бахархдаг. Тэрбээр “Би ямагт шилдэг нь байх зорилго өмнөө тавьсан. Заримдаа үүндээ хүрдэг, заримдаа ч чаддаггүй байлаа. Гэхдээ энэ дүрмээсээ хэзээ ч няцаж байгаагүй” гэж өгүүлсэн байдаг. Миний зорьж буй чухал зүйл бол ДАШТ-д амжилттай оролцож, олимпын эрх авах. Ойрын үед төлөвлөсөн зүйл гэвэл сэлэлтийнхээ цагийг тогтмол ахиулна.