“Эрүүл хүн, эрүүл хүнс” төрийн бус байгууллагын тэргүүн, хүнсний инженер О.Гал-Очиртой Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон органик хүнсний талаар ярилцлаа. Тэрбээр “Төр бодлоготой, үйлдвэрлэгч хариуцлагатай, хэрэглэгч мэдлэгтэй байж гэмээнэ хүнс аюулгүй байна” гэж үздэг.
-Шинэ хуулийн төсөлтэй танилцсан хүний хувьд та ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
-Үүнийг ярихаасаа өмнө органик хэмээх ойлголтыг тайлбарласан нь тохиромжтой болов уу. Хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд хүнс органикаараа байсан. Эхэн үедээ хүмүүс байгалиас үр жимс түүж иддэг байсан бол дараа нь өөрсдөө тарьж ургуулдаг болсон. Ингэж явсаар шинжлэх ухааныг томьёолон хэрэглэх болсон 1900-гаад оны үеэс тариалан эрхлэлтэд бордоо, хүнс ариутгах зорилготой бодисууд хэрэглэж эхэлсэн юм. Энэ нь хүнсний хадгалах хугацааг уртасгах, ургаж байх явцад нь хортон шавжаас хамгаалах, ургацын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байлаа. Өмнө нь нэгж талбайд тариа тарихад хэр хэмжээний ургац авах нь байгалиас 100 хувь хамаардаг байсан бол бордоо, бодисоор хамгаалаад, тордоод ирэхээр цаг агаар тийм ч чухал нөлөөтэй биш болсон.
Ган гачигт, бактерид тэсвэртэй сортуудыг хүртэл гаргаж авсан шүү дээ. Энэ нь яван явсаар органик бус хүнс гэсэн тодотгол бий болоход нөлөөлсөн юм. Тодруулбал, Европын уламжлалаа сахигч хэсэг бүлэг хүн 1950-иад оны үеэс химийн гаралтай бордоо, пестицид, хувиргасан амьд организм, цацрагийн боловсруулалтыг хүчтэй эсэргүүцэж, тодорхой шаардлагууд тавьж эхэлснээр энэ ойлголт үүссэн. Байгалийн жамаараа ургах ёстой зүйлийг зохиомлоор өөрчилж буй нь хэр ёс зүйтэй вэ гэдэг асуудлыг тэд дэвшүүлсэн байдаг. Ёс зүй, хэм хэмжээ ярьсан. Түүнээс хүнсийг хортой болголоо гэж эсэргүүцээгүй. Ер нь органик гэдэг нь хөдөө аж ахуйд холбогдолтой ойлголт. Хөдөө аж ахуйн гаралтай хүнсэнд хамааралтай. Монголчууд энэ талаар төдийлөн ойлголт, мэдлэг хомс. Органик гэхээр илүү цэвэр гарал үүсэлтэй, сайн гэдэг утгаар нь хүлээж аваад, эсрэгээрээ органик бусыг нь эрүүл мэндэд хортой, муу гэж үздэг. Маш их туйлширдаг. Ингэснээрээ өнөөдрийг хүртэл хөгжсөн шинжлэх ухааны ололт, дэвшлүүдийг үгүйсгэж байдаг. Угтаа бол энэ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах гэсэн хүн төрөлхтний оролдлогын нэг хэлбэр шүү дээ. Хүссэн ч, эс хүссэн ч цаашдаа дэлхий нийт ийм замаар явна. Тэгэхээр учиргүй эсэргүүцэж, туйлшрах нь өрөөсгөл.
-Монголчууд органик хүнсний талаар нийтээрээ буруу ойлголттой гэлээ. Тэгвэл ийм бүтээгдэхүүнийг хэр үнэн зөв баталгаажуулдаг юм бол. Мэргэжлийн байгууллагуудаас органик бүтээгдэхүүнд олгодог тэмдэг, тэмдэглэгээнд итгэж болох уу?
-Итгэлээ гэхэд ямар ашигтайг хүмүүс ойлгох болов уу. Органикийн гэрчилгээ, тэмдэгтэй бүтээгдэхүүнийг импортоор саадгүй гаргаж чадаж байвал өөр хэрэг. Гэтэл манайх ингэж чаддаггүй. Органикийн тэмдэг, тэмдэглэгээг сурталчилгаа болгож ашигладгаас биш, өөрөөр хэрэглэдэггүй. Үүнээс үүдээд ер нь органик, органик бус гэж заавал ялгах шаардлага байна уу гэдгийг ч бодмоор санагддаг. Хуульчлах хэрэгтэй, эсэхийг ч ул суурьтай бодолцох ёстой. Дутуу дулимаг боловсруулсан хуулийн төсөл өргөн барихаасаа түрүүнд НЭМҮТ, ШУА гэхчлэн мэргэжлийн байгууллагынхан болон эрдэмтэн, судлаачдын дуу хоолойг сонсож, зөвлөлдөх хэрэгтэй. Органик бүтээгдэхүүн гэж ялгах үнэхээр шаардлагатай юу, үүнийг хуульчилж оруулж ирэх хэрэгтэй юү, баталлаа гэхэд хүмүүст ямар өгөөжтэй вэ. Энэ бүхнийг маш сайн тодорхойлж байж хуулийн төсөл боловсруулах ёстой болов уу.
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгад өмнөх хууль (2016 онд баталж, 2017 оноос хэрэгжүүлж буй Органик хүнсний тухай хууль)-иас ялгаатай хоёр заалт бий. Органик үйлдвэрлэлд хориглох зүйлсэд цацрагийн боловсруулалт, хөрсгүй тариалалт (гидропоник гэх мэт)-ыг багтаасан. Үүнийг шинжлэх ухаанд суурилсан дэвшилт оролдлогуудыг таслан зогсоох, үгүйсгэх нэг хэлбэр гэж харж байна. Монголд хөрсгүй тариалалт эрхэлдэг олон хүн байдаг. Дэлхий дахинд ч эрчимтэй хөгжиж буй. Энэ нь улирлаас хамаарахгүйгээр үр тариа ургуулах шинэ төрлийн технологи. Хөрсөн дээр биш, усан дээр ургуулдгаараа онцлог. Тухайн ургамлын хөрснөөс авдаг шим тэжээлийг усаар дамжуулж өгдөг. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд маш хэрэгтэй, тохиромжтой технологи. Дулаан орнууд шиг жилийн дөрвөн улиралд ургац авдаг байсан бол өөр хэрэг. Гэтэл үүнийг хуулиар хориглохоор тусгачихаж. Тэгэхээр хүмүүс шууд л “Гидропоник хортой” гэж ойлгоно. Цацрагийн боловсруулалтын тухайд ч ялгаагүй. Хүнсний үйлдвэрүүдэд ариутгалын асуудал маш их тулгардаг. Цацрагаар боловсруулна гэдэг нь генийг нь өөрчлөх гээд байгаа асуудал биш, хүнсний түүхий эдийн гадаргуу, усны дотоод орчин дахь бактерийг цацрагийн үйлчлэлээр устгах үйл явц юм. Ингэж чадахгүй бол хүнсний аюулгүй байдалд ч эрсдэл учирна шүү дээ. Энэ бүхнийг өөрсдөө ч сайн судлалгүй, хүмүүст ч нэгдсэн ойлголт, тодорхой мэдээлэл өгөлгүй хуульд тусгасан нь харамсалтай. Би мэргэжлийн хүний хувьд тус хуулийн шинэчилсэн найруулгыг ч, эхнийхийг нь ч сайшаадаггүй.
-Ийм хууль шаардлагагүй гэж үү , эсвэл дутуу дулимаг боловсруулсан учраас үгүйсгэж байна уу?
Хууль, эрх зүйн зохицуулалт тодорхой хүрээнд байх шаардлагатай. Уламжлалаа сахин хам гаалдаг (органик бус бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрдөггүй), өөрийн итгэл үнэмшлээрээ дуртай зүйлээ хийж байгаа хүмүүсийн эрх ашгийг орхигдуулж болохгүй шүү дээ. Хамгийн гол нь органик хэмээх ойлголтыг нийгэмд маш сайн түгээж, таниулсны дараа үүнийг хийх ёстой юм. Хууль батлаад л бүх зүйл болчихгүй. Цаг нь арай болоогүй байна. Ядаж бордоо, бо дисоо өөрсдөө шинжилж, хийж чаддаг, генийг лабораторийн түвшинд өөрчилдөг болчихоод хуулийн тухай ярих хэрэгтэй.
-Монголчууд органик бүтээгдэхүүнээ дотооддоо баталгаажуулж ч, экспортолж ч чаддаггүй гэлээ . Үүнийг дэлгэрүүлэхгүй юү?
Бид органик хүнсээ Канадын зах зээлд нийлүүлэхээр боллоо гэж бодъё. Ингэхийн тулд тус улсын мэргэжлийн байгууллага Монголд тэр хүнсийг зайлшгүй баталгаажуулах ёстой. Тэгж байж экспортлох боломж бүрдэнэ. Монголчууд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн л бол бусад нь үг дуугүй хүлээж авна гэж ойлгож болохгүй. Гэтэл органик бүтээгдэхүүнийг баталгаажуулдаг манай лабораториуд ямар чадамжтай билээ. Боловсон хүчин бий бил үү. Нуулгүй хэлэхэд тун хэцүү шүү дээ. Нарийн үзүүлэлтүүдийг ч тодорхойлж чаддаггүй. Ийм атал хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ “Витаминаар баялаг, аминдэмтэй” гэж харанхуйгаар сурталчилж, хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг. Хүнс бол хүний амьд явах эх үндэс, өдөр тутмынхаа энергийг авдаг чухал хэрэглээ. Тиймээс хяналттай байх ёстой. Мэргэжлийн хяналтынхан саяхныг хүртэл үүнийг хариуцдаг байлаа. Сайнтай, муутай ч байх л ёстой байгууллага гэж боддог. Одоо энэ асуудлыг хэн, хэр хэн хариуцах нь ч тодорхойгүй.
Манай улс органик гэх тодотголтой олон төрлийн бүтээгдэхүүн импортолдог. Заримыг нь баталгаажуулж, бүртгэдэг юм билээ . Өөрсдөө үйлдвэрлэснээ баталгаажуулж чадахгүй байж өрөөлийнхийг яаж үнэлдэг юм бол доо?
Яг энэ асуудал дээр л хууль, эрх зүйн зохицуулалт байх ёстой юм. Гэтэл байдаггүй. Импортын бүтээгдэхүүнийг ингэж тодорхойлно гэсэн заалт байхгүй.
-ХХААХҮЯ-ны “Органик хүнсний бүртгэл , мэдээллийн сан”-д баталгаажуулчихсан импортын бүтээгдэхүүн өчнөөн харагдсан.
Тодорхой шалгуур бий болгоод “Танай бүтээгдэх үүнийг бид өөрсдөө баталгаажуулж байж хилээр нэвтрүүлнэ” гэж шаардлага тавьж чаддаггүй юм. Тэнд ерөөсөө баримт бичгийн, бүртгэлийн л асуудал явж байгаа. Монголд зөгийн аж ахуй эрхэлдэг Японы иргэн Томоко Ибикүро цахим хуудсаараа дамжуулаад “Манай зөгийн бал органик биш” гэж мэдэгдсэн. Органик бус байлаа гээд чанаргүй, муу гэсэн үг биш гэдгийг илэрхийлж буй хэрэг. Эцсийн дүндээ органик хэмээх ойлголт нь баталгаажуулалтын л асуудал. Үйлдвэрлэгчид төлбөр хураамж төлж, шаардлагатай бичиг баримт бүрдүүлэн, холбогдох байгууллагад бүртгүүлж, шошгон дээрээ органик гэсэн тэмдэг тавьснаараа бүтээгдэхүүнээ борлуулахад, сурталчлахад л нэмэртэй гэж боддог. Нийт масс нь органик хэмээх ойлголтыг явцуу хүрээнд хүлээж авдаг, ийм тодотгол той бүтээгдэхүүний эрэлт хүн амын дунд байгаа учраас л тэр шаардлагыг нь хангах гээд зүтгээд буй юм. Тиймээс баталгаажуулалт хийлгэж байгаа үйлдвэрлэгчдийг буруутгах аргагүй.
-“Манай улсын хүнсний бүтээгдэхүүний нэг хувь нь л органик байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт” гэж хууль тогтоогчид ярьж буй. Энэ тийм санаа зовоохоор ноцтой тоо мөн үү ?
Хүнсний зах зээлд эзлэх органик бүтээгдэхүүний хэмжээ угаасаа бага байдаг. Хөгжингүй орнуудад гэхэд таван хувиас хэтэрдэггүй. 95 хувь нь хүн амын хүнсний хэрэгцээг хангахын тулд ажиллаж байдаг. Монгол орны тухайд нэг хувь гэдэг чамлахаар үзүүлэлт биш. Манай улс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхлээд буй. 19 нэр, төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэнэ л гэнэ. Үндэсний, органик үйлдвэрлэлийг дэмжинэ гэж их ярих боллоо. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв өө. Харин үүнийг органиктай дагалдуулах шаардлагагүй. Хоёр тусдаа ойлголт шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлээ органиктайгаа холбочихвол хөлийг нь тушсанаас ялгаагүй. Тушаатай морь яаж давхих билээ. Эхлээд ойлголтоо цэгцэлчихээд, дараа нь дэмжих чиглэлээ тодорхой болговол зохистой болов уу.
-Иргэдийн ойлголт, хандлагыг өөрчлөхийн тулд ямар алхам хийвэл үр дүн тэй вэ?
Суурь боловсролын тогтолцоог өөрчлөх, сайжруулах шаардлагатай. Бидийг органик, сайн сайхан байлгах, амьдруулах зорилготой өчнөөн төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын байгууллагууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн. Энэ нь нэг талаараа органик хэмээх ойлголтыг танин мэдэх бидний боломжийг хаасаар ирсэн юм. Органикт хэт итгэж, туйлширч буй өнөөгийн энэ байдал бид боловсролгүй байгаагийн л баталгаа. Нөгөөтээгүүр аливааг органик байлгах оролдлого ихсэх тусам шинжлэх ухаан, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж хумигдсаар байдаг. Төмрөө хайлуулж чаддаг байвал коксхимийн үйлдвэр барих боломжтой. Коксхимийн үйлдвэр барьснаар маш олон химийн бодис үйлдвэрлэж чадна. Органик байхын тулд гээд энэ бүхнийг хориглочихоор хүнд үйлдвэрийг яаж хөгжүүлж, аж үйлдвэрийн паркууд байгуулах билээ. Органик байхын тулд атомын цахилгаан станц ч барьж чадахгүй. Органик тариалалтаар өөрсдийнхөө хэрэгцээг л хангахаас биш, олон улсын зах зээлд гарч, дэлхий нийтийн эрэлтийг хангаж чадахгүй. Тийм их хэмжээний ургац авах чадамж ч байхгүй. Хөгжингүй орнууд, органик хэмээх ойлголтыг таньж мэдсэн улсууд энэ зах зээлийг эзэрхэж, дэлхийн нийтийн хэрэгцээг хангахын тулд гагцхүү биднийг л органик байлгахыг зорьж, үүнд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд санхүүжүүлсээр байна.
Тэд маш удаан хугацаанд хадгалж болохуйц хүнс үйлдвэрлэдэг. Улмаар түүнийгээ нэг тивээс нөгөө рүү тээвэрлэдэг. Харин бид органик нэртэй, тав хоног хадгалах хугацаатай хүнс үйлдвэрлээд, өнөөх нь үйлдвэрээс дэлгүүрлүү тээвэрлэх хооронд л муудчихдаг байх жишээтэй. Үүнийг наанатай цаанатай ойлгодог болгохын тулд иргэдийн суурь боловсролыг сайжруулах хэрэгтэй. Ингэхдээ цэцэрлэг, сургуулиас нь эхлүүлбэл илүү үр дүнтэй.
-Энэ туйлшрал удаан хугацаанд үргэлжилбэл ямар үр дагаварт хүргэх бол?
Хүмүүс маш их айдастай болсон байна. Хийжүүлсэн ундаа уух төдийд л яс нь сийрэгжчих, кимчи идчихвэл л ходоодны хорт хавдартай болчих юм шиг боддог. БНСУ-д хорт хавдрын тохиолдол өндөр байдаг. Тэр нь кимчиний халуун ногооноос ч биш, түүнд ашигладаг давсны хэмжээг хэтрүүлснээс үүдэлтэй гэж үздэг. Монгол хүмүүсүүнийг солонгосчуудын дайтай өргөн хэрэглэдэггүй шүү дээ. Өдөр болгон кимчи иддэг айл ховор байх. Хүн мэдэхгүй зүйлээсээ л хамгийн их айдаг. Хүн болгон хүнсний мэргэжилтэн байх албагүй. Гэхдээ суурь боловсролын түвшинд ойлголт, мэдлэгтэй байх ёстой. Бүгдээрээ мэдэхгүй, чадахгүй байх тусам үйлдвэрлэл хөгжихгүй. Үйлдвэрлэл хөгжихгүй бол хэрэгцээгээ гадаадаас л хангана. Мөнхийн импортлогч орон байна. Хамгийн гол хор уршиг нь энэ. Өвчлөл, эрүүл мэндтэй холбоотой сөрөг үзүүлэлтүүдийг ч хүнстэй холбож тайлбарлах нь ихсэж.
-Хүнсний аюулгүй байдал алдагдсанаас л хүн амын дунд элдэв эмгэг , хорт хавдар ихэссэн гэдэг шүү дээ. Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүд ч ингэж ярьсан.
Мэдэхгүй учраас л ингэж ярьдаг, боддог. “Энэ сүү дэлгүүрийн лангуун дээр зургаан сар болсон юм чинь найрлагад нь ямар нэг хортой зүйл заавал бий” гэж харддаг. Сүүнд ямар ч консервант нэмэлгүй, ариун чанараар нь удаан хугацаанд хадгалах боломжтой тетрапак савлагааны технологи байдгийг хүмүүс тэр бүр мэддэгг үй шүү дээ. Хүнс бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг олон хүчин зүйлийн нэг мөн. Том хүчин зүйлүү гэвэл тийм. Гэхдээ зохистой хэрэглэж чадвал айх аюулгүй. Нийгэмд бий болсон энэ их стресс, агаар, орчны бохирдол, тэр ч бүү хэл, бидний хэрэглэж буй тавилга, эд хогшил хүртэл эрүүл мэндэд аюул заналхийлэл учруулж байдаг. Бид өөрсдөө ч мэдэхгүй маш олон хорнууд дунд амьдардаг. Тэдгээрийг харгалзалгүйгээр бүх өвчин хоол хүнснээс үүдэлтэй мэтээр үзэж болохгүй.
Муу муухай бүхнийг хүнсрүү “чихээд”, органик, органик бус гэж ялгаварлан гадуурхахаас илүү хэрэглэгчид яг юу мэдэж байх ёстой вэ гэдэгт төвлөрч, шаардлагатай мэдлэг, мэдээллийг маш системтэйгээр, төрийн бодлогын хэмжээнд өгөх хэрэгтэй. Үйлдвэрлэгчид “Манай бүтээгдэхүүн л ид шидтэй” хэмээн сурталчлахын оронд хэрэглэгчдэдээ бодитой мэдээлэл өгдөг байх ёстой. Хүмүүс аливаа бүтээгдэхүүний найрлагад “E” тэмдэглэгээтэй нэмэлт орсон байвал л хортой гэж ойлгодог. “Е300” гэсэн хүнсний нэмэлтийн код бүхий тэмдэглэгээг ШӨХТГ-ынхан нь хүртэл албан ёсны цахим хуудсандаа хортой гээд биччихсэн байсан. Гэтэл энэ нь бидний эмийн сангаас авч уудаг витамин С шүү дээ. Ийм тохиолдолд үйлдвэрлэгчид “Энэ бол амин дэм. Манай бүтээгдэхүүн тосны агууламж ихтэй учраас исэлдүүлэхгүйн тулд тус нэмэлтийг хэрэглэсэн” гээд тайлбарлачих хэрэгтэй. Хүнсний будагч бодисуудыг бас ингэж үгүйсгэдэг. Гэтэл үүний дийлэнх хэсэг нь амин дэм байдаг.
-Та хууль санаачлагчдыг мэргэжлийн бус хүмүүс учраас энэ асуудалд хөнгөн хуумгай хандаж байна гэж шүүмжилсэн . Уг нь тэр хүмүүсийн ард өчнөөн судлаач, мэргэжилтэн ажиллаж буй шүү дээ.
Мэргэжлийн хүмүүс ч багадна. Мэргэжлийн байгууллагынхныг ажиллуулах ёстой. Хуулийн төслүүдэд лобби их ордог юм шиг ажиглагддаг. Тодорхой эрх ашгийн үүднээс ханддаг гэх юм уу. Тиймээс мэргэжлийн хүмүүсээ ер сонсдоггүй. Хаана, хэн, яаж бичсэн нь тодорхойгүй хууль оруулж ирээд, өнгөц ярьж байгаад л баталчихдаг. Олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлдэггүй. Уг нь хуулийн төсөл өргөн барьсныхаа дараа иргэд, олон нийт, салбарын хүрээнд маш өргөн хүрээний хэлэлцүүлгийг нээлттэй зохион байгуулах ёстой юм.
-Та “Хоносон хоол” гэж ном бичсэн . Энэ номоор юу хэлэхийг зорьсон бэ?
Хоносон хоол хортой юу, хоргүй юу гэдгээс илүү чухал мессеж өгөхийг зорьсон. Ер нь бол манай гэрт хоол хонох ёсгүй. Хоол хонуулахгүйн тулд тааруулж хийнэ гэсэн үг. Тааруулж хийхийн тулд тэр айлын эзэгтэй, хоол хийж буй хүн өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийнхээ идэх хэмжээг, юунд дуртайг маш сайн мэддэг байх ёстой болно. Хэмжээгээ мэддэг байна гэдэг нь зохистой хооллолтын хамгийн эхний алхам. Нөгөө талдаа бүх хүнс үйлдвэрт, дэлгүүрийн лангуун дээр хонож байдаг. Тэр бүхнийг аюулгүй хадгалах аргыг нь хүнсний технологи гэдэг. Үүнийг л ойлгуулахыг зорьсон юм.