Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор ХНХЯ-ныхан барилга, зам, тээвэр, боловсруулах үйлдвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийхээр төлөвлөжээ. Мөн “Эрүүл, аюулгүй ажлын байр-Бидний суурь эрх” уриатай нэг сарын аяныг өдгөө улс даяар өрнүүлж байгаа юм. Тус яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Нарангаравтай энэ талаар ярилцлаа.
-Сарын аяны хүрээнд ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ?
-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр болгохоор 2003 онд шийдвэрлэсэн. Манай улс 2012 оноос уг өдрийг тэмдэглэдэг болсон юм. Энэ оны тухайд 11 дэх жилдээ аян өрнүүлж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг жил бүрийн дөрөвдүгээр сард улсын хэмжээнд шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж хэвшсэн. Үүний хүрээнд энэ жил аюул, ослоос сэргийлэх мэдлэг, дадлага, чадварыг иргэддээ олгох зорилт тавьж, “Эрүүл, аюулгүй ажлын байр-Бидний суурь эрх” уриалга дэвшүүллээ.
-Аяныг 11 жил тогтмол өрнүүллээ. Бидний анхаарах, төвлөрөх гол асуудал нь юу вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд хэрхэн тодорхойлсон бол?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, тэр дундаа үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн дөрөвдүгээр сард анхаараад өнгөрөх зүйл биш. Ажилтан, ажил олгогч бүр шат шатандаа байнга анхаарах шаардлагатай. Дэлхий дахинд нийт ажиллах хүчний 15 хувь нь 15-24 насны залуучууд. Энэ насны залуучуудыг 25-аас дээш насны ажиллах хүчтэй харьцуулахад үйлдвэрлэлийн осолд өртөх эрсдэл нь 40 хувиар илүү байна. Иймд залууст хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны аюул, эрсдэлийн талаарх ойлголтыг сайн өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажилтнууд стандарт, шаардлага хангасан, эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах эрхээ хангуулах ёстой. Тиймээс аюул, ослоос урьдчилан сэргийлэх соёл, хандлагыг төлөвшүүлэх ажлыг бид түлхүү зохион байгуулах нь чухал.
-Хөдөлмөрийн аюулгүй байдал бол ганц салбарын асуудал биш. Олон салбарын оролцоо чухал. Тэгвэл манайд холбогдох байгууллагуудын оролцоо, идэвх хэр сайн байгаа вэ?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын улсын ерөнхий байцаагч Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх тухай албан даалгаврыг аяны хүрээнд нийт ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагад хандан гаргасан. Үүнийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооноос яамдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, аймаг, дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд хүргүүллээ. Дээрх байгууллагууд харьяа нутаг дэвсгэр, салбартаа төрийн болон төрийн бус бусад байгууллагуудтай хамтран хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Тухайлбал, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс ажиллагсдаа хамгаалах, урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилт технологийг нийтийн хүртээл болгох, сайн туршлагуудыг түгээхэд анхаарч ажиллах чиглэл өгсөн. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд салбарын яамд, төрийн байгууллага, ажил олгогчийн төлөөллийн байгууллагууд идэвх, оролцоогоо сайжруулж, манлайлан ажиллах нь чухал.
-Манайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль бий. Уг хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгаа вэ?
-Улсын хэмжээнд 2022 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нийт 395 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 30 гаруй хувиар өссөн дүн. Унах, бүдрэх, халтирах шалтгаан нийт ослын 30 орчим хувийг эзэлж байна. Шалтгаан, нөхцөлийг нь харвал, хүний хүчин зүйл 40 орчим хувийг эзэлсэн нь нэлээд өндөрт тооцогдож байгаа юм. Тухайлбал, хэт яарсан, сульдсан, анхаарал болгоомж алдсан, урьдчилан шалгасан багаж хэрэгсэл ашиглаагүй, аюулгүй ажиллагааны заавар журам мөрдөөгүй зэрэг зөрчил давамгайлсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг 2008 онд баталснаас хойш 2012, 2015 онд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад салбарын яамд, бүх шатны нутгийн удирдлагын байгууллага, Засаг дарга нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд уг асуудлыг хариуцсан ажилтан, зөвлөл байгуулах, тэдний хариуцах чиг үүргийг тодорхой болгох, тэдгээрийг хэрэгжүүлэхэд зарцуулах зардлыг нэмэх зэргийг уг хуулиар зохицуулсан юм. Тухайлбал, төсвийн байгууллага тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5, аж ахуйн нэгж эрсдэлийн түвшнээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5-аас багагүй хувийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулахаар заасан. Үүнийг л бүрэн хэрэгжүүлж ажиллах нь нэн шаардлагатай байгаа.
-Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж, чиг үүргийг нь салбарын яамд руу шилжүүлсэн. Тухайлбал, ХНХЯ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлийн үүрэг хүлээх болсон. Үүний хүрээнд ямар ажлууд гүйцэтгэж буй вэ?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт төрийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий, хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын улсын 162 байцаагч харьяа агентлаг, аймаг, нийслэл, дүүрэгт томилогдон ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлснээр бодлого тодорхойлох-хэрэгжүүлэх-хяналт тавих гэсэн цогц үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, салбарын хэмжээнд мөрдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд гарч байгаа хийдэл, зөрчил, ойлгомжгүй байдал бүрт дүгнэлт хийж, төрийн бодлогыг зөв, оновчтой тодорхойлох боломжтой. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор баталсан Хяналт шалгалт хийх нийтлэг журмын гуравдугаар зүйлд заасны дагуу 2023 онд бид гурван шалгуур үзүүлэлтээр 26 196 объектыг эрсдэлийн үнэлгээнд хамруулж, мэдээллийн сан бүрдүүлээд байна. Ажлын байрны эрүүл ахуйн шаардлагыг хангаагүйгээс үйлдвэрлэлийн аюултай орчин үүсэж, хүний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчин бий болгох зэрэг хохиролтой. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлж чадвал иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, цаашлаад гэр бүлийн амьдралын чанар, аж ахуйн нэгж, байгууллагын ашиг орлогод нөлөөлөхүйц онцгой ач холбогдолтой.