Судан дахь цуст мөргөлдөөнд хохирогчид хэдэн мянгаар тоологдох боллоо. Энэ үйл явдал дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн юм. Одоогийн байдлаар тулаан үргэлжлэхээр барахгүй улам ширүүсэж байгаа учраас Суданд байдаг гаднын хүмүүс, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудыг гаргах ажил ид өрнөж байна. Иргэдээ дайны хөлөөс холдуулах ажлыг анх Франц улс хийлээ. Жибутид аваачсан 100 орчим хүн дотор Франц, Британи, ХБНГУ, Швейцар болон Марокко, Этиоп улсын иргэд байсан аж. АНУ ЭСЯ-аа бүхэлд нь Суданы нийслэл Хартумаас гаргав. Тэднийг нисдэг тэргээр зөөхөд тусгай зориулалтын хүчин галаар хамгаалжээ. Гэхдээ Суданд олон америк хүн үлдсэн бөгөөд тэднийг аврахад ихээхэн аюултай байгаа аж. Иргэдээ тэндээс авч гарах ажиллагааг Нидерландын Гадаад хэргийн сайд Волке Хукстра “маш төвөгтэй” гэж тодорхойлсон байна. Германы Батлан хамгаалах болон Гадаад хэргийн яам ч мөн ингэж үзэж буй. Египет, Алжир, Оман, Суданд хавсран суугаа Беларуссийн Элчин сайд Сергей Терентьев тэнд байгаа бүх иргэнтэйгээ холбоотой байгаа гэж мэдэгдэв. Оросын Элчин сайд Андрей Черновол ч бас ингэж хэлжээ. “Манай хүмүүс зургаа, долоон халуун цэгт байгаа ч тэднийг аюулгүй газарт аваачиж чадсаны дотор хүүхэдтэй эмэгтэй ч байлаа. Байлдааны бүсэд байсан хүмүүсээ ЭСЯ дээрээ аваачсан” гэж сурвалжлагчтай ярилцахдаа тэрбээр хэлсэн байна. Суданд байсан хоёр монгол хүн ч аюулгүй газарт хүрч чадсан билээ. НҮБ-ын энхийг сахиулагч, дамжин явж байгаад Хартум хотод гацсан, нөгөө нь НҮБ-ын шугамаар тэнд очоод байжээ.
Энэ сарын 23-ны орой Суданд интернэтийг бараг бүрэн хаасан нь байдлыг улам хүндрүүлжээ. Суданы арми, тусгай хүчин хоёрын мөргөлдөөн энэ сарын 15-ны бямба гарагт эхэлсэн юм. Талууд харилцан биенээ буруутгаж буй. Олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж буйгаас үзвэл Ерөнхийлөгч асан Омар аль-Башир нь Копер хэмээх шоронгоос оргож, олон хоригдол дагуулан Хартум хотоос умард зүгт зугтсан байна. Энэ хүн 1989 онд цэргийн эргэлт хийж эрх мэдэлд хүрч, 30 жил уг албыг хашаад 2019 онд мөн цэргийн эргэлтийн дүнд огцорсон аж. Түүнийг засаглаж байх үед Суданы төрийн аппарат Исламын шашны нөлөөнд бүрэн автаж, Дарфур мужид үндэстэн ястны “цэвэрлэгээ” хийж дэлхийн дахины зэвүүцлийг хүргэсэн юм. Ерөнхийлөгч байсан аль-Баширыг хоморголон хядах үйлдэл хийсэнд нь буруутгаж 2008 оны долдугаар сарын 21-нд Гаагийн шүүх баривчлах шийдвэр гаргав. Ийн аль-Башир бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа олон улсын шүүхээс ял сонссон анхны Ерөнхийлөгч болж дэлхийн түүхэнд үлдсэн юм. Суданы тусгай хүчний “Twitter”-т бичсэнээр бол Омар аль-Башир болон түүний дэглэмийн хүмүүсийг эд нар мөн сулласан аж. Аль-Баширыг гадаадын валют хууль бусаар хадгалсан, мөнгө угаасан гэж бас буруутгажээ.
Суданы тусгай зориулалтын хүчнийг байнгын армитай нэгтгэх гэснээс мөргөлдөөн үүссэн гэж үзэж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 500 шахам хүний амь үрэгдээд байгаа аж. Энэ хооронд анхаарал татсан нэг мэдээлэл дуулдаж буй нь Суданы тусгай зориулалтын хүчнийг Украинд тулалдаж буй Оросын хувийн арми болох “Вагнер” зэвсгээр (пуужингаар) хангаж байгаа гэнэ. Оросын талыг баримтлагч Ливийн генерал Халиф Хафтарын хяналтад буй газар нутагт Оросын “ИЛ-76” онгоцны хөдөлгөөн идэвхэжсэн талаар мэдээлж байна. Тусгай зориулалтын хүчнийг энэ генерал дэмжиж байгаа аж. Орос “газар-агаар” ангиллын пуужингаа тус хүчний удирдагч Дагалогийн сайн дурынханд өгсөн гэж CNN мэдээллээ. Москва, Суданы цэргийн удирдлагын хооронд гүнзгий хэлхээ холбоо бийг энэ агентлаг өмнө нь ил болгож байв. Суданы цэргийн удирдлага цэрэг, улс төрийн дэмжлэг үзүүлж байгаагийн нь хариуд улсынхаа алтны баялагт гар дүрэх боломжийг Орост олгосон аж. Африкийн алтыг Өрнөдийн хоригийг гэтэлж гарах арга зам гэж 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсний дараагаас л Москва үзэх болсон юм.
Суданы арми тусгай зориулалтын хүчинтэйгээ ам хэлээрээ эв зүйгээ олох боломж байхгүй гэж үзэж байна. Армийн ерөнхий командлагч Аль-Бурханыг ардчилалд шилжих үйл явцад хаалт болж, Суданы ард түмнийг “алсан” гэж тусгай хүчний удирдагч Мохамед Хамдан Дагало үздэг бөгөөд түүнтэй яриа хэлэлцээ хийх утга учир байхгүй гэж “Al Ja¬zeer”-гийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлжээ. 2021 онд болсон төрийн эргэлтээр эрх мэдэлтэй болсон Абдель Фаттах аль-Бурхан, түүний орлогч Мохамед Хамдан Дагало гэх хоёр генералын удаан үргэлжилсэн зөрчил явсаар энэ дайнд хүргээд байгаа юм. Дагалогийн командладаг тусгай зориулалтын хүчин нь зэвсэглэсэн томоохон салбар. Тулаан нийслэл Хартум хотын төвд үргэлжилж, иргэд дэлгүүр орж, хүүхдүүдээ сургуульд хүргэж явдаг орон сууцын хороолол дунд ширүүн явцтай байна гэж Германы Фридрих Эбертийн сангийн тэргүүн Кристина Рёрс хэлжээ. Түүний хэлснээр бол хоёр генерал эрх мэдэл булаацалдсанаас Суданд олон хүний аминд хүрсэн цуст тэмцэл өрнөжээ. Цаашдаа сонгогдсон “ард” хүн улс орноо удирдах уу, эсвэл мэргэшсэн цэргийн даргын мэдэлд Судан улс очих уу, армийг хэн командлах вэ гэдэг дээр л аль-Бурхан, Хамидти нэрээр алдаршсан Дагало хоёр санал зөрөлдөөд байгаа аж. Тэрбээр “Үүний хариулт нь тэдний эрх ашигт нийцвэл генералууд 2021 оны арванхоёрдугаар сард түр Засгийн газрын эсрэг цэргийн эргэлт хийсэн шигээ хамтарч чаддаг. Одоо бол тэдний ашиг сонирхол нийцэхээ байгаад түнш байсан хүмүүс дайсан болчихоод байгаа”. Судан болон Өмнөд Суданы чуулганы дарга Марина Петерийн үзэж буйгаар аль-Бурхан, Хамидти хоёр хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхээс үхтэлээ айж буй. Аль-Бурхан нь цэргийн ажил амьдралаар өдий зэрэгт хүрсэн бол Хамидти нь Дарфурт болсон үйл явдлын үеэр Афикийн босогчид, энгийн иргэдийн эсрэг залхаан цээрлүүлэх ажиллагаанд ашигласан сайн дурынхны “Жанжавид” хэмээх хүчнийг командлагч байжээ. Энэ “Жанжавид” хожим нь Ливи, Йеменд болсон зэвсэгт сөргөлдөөнд хөлсний цэрэг болж оролцсон байна. Дээр өгүүлсэн Марина Петер “Дойче велле”-гийн сэтгүүлчтэй ярилцахдаа “Иргэний өргөн давхарга хоёр генералд хоёуланд нь хариуцлага хүлээлгэхийг шаарддаг. Дарфуртэд болсон дайны үед үйлдсэн гэмт хэргийн төлөө Дагало (Хамидти)-д, 2019 онд аль-Баширын эсрэг бослогын явцад үйлдсэн хэргийнх нь төлөө аль-Бурханд шийтгэл оноох ёстой юм. Тэд үүнээс л айж байгаа” гэж хэлсэн байдаг.
Түүнээс гадна генералууд улсынхаа эрдэс баялгийн их нөөцөд хяналт тавихын төлөө тэмцэлдэж буй юм. Африк тивдээ алт олборлолтоороо Гана, ӨАБНУ-ын дараа гуравдугаарт ордог Суданы алтны нөөц асар их, үүнийг сонирхогчдын тоонд ОХУ ч ордог. “Судан улс Африкт нэвтрэх Оросын түлхүүр болж болох юм шүү” гэж тухайн үед тус улсын Ерөнхийлөгч байсан Омар аль-Башир 2017 онд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа хэлж байсан гэдэг. Нэг жилийн дараа АНУ-ын Сангийн яам эзнийг нь “Вагнер” бүлгийг зохион байгуулагч Евгений Пригожин гэж үздэг “М-Инвест” компани Суданы ордоос ашигт малтмал олборлох эрх авсан юм. Одоо энэ ажилд Дагалогийн командалдаг тусгай зориулалтын хүчин “М-Инвест” компанитай хамтарч буй юм байна. Суданы зүүн хойд нутгийн нэгэн уурхайчин “Оросууд бүгдийг худалдаж авч байна” гэж одоогийн зөрчил тэмцэл эхлэхээс өмнө ярьсан аж. “Вагнер” бүлэг анх 2017 онд Суданд үзэгдэх болсон гэнэ. Түүнийг дарангуйлагч Омар аль-Башир урьжээ. Суданы тусгай зориулалтын хүчин тэндээс алт олборлож арилжаа хийгч оросуудыг хамгаалж байжээ. 2019 онд аль-Баширыг унагаасан Суданы ардчилалд аятай ханддаг хүчин иргэний Засгийн газар байгуулах болсноос хойш ч Оросын хөлсний дайчид Хамидтай харилцаагаа хадгалсаар байжээ. 2022 оны эхээр “Вагнер” бүлгийн хөөцөлдлөгөөгөөр Хамидти Орост ирэхдээ Москвад гулууз гулууз алттай бууж зэр зэвсгийн тусламж хүссэн аж.
Суданыг сонирхож буй өөр улс ч байгаа. Тухайлбал, улс орноо төмөр гараар захирч байсан аль-Бурханд Египетийн эрх баригчид найдвар тавьж байна. Оны эхээр Египет, Судан хоёр хамтарсан цэргийн сургуулилалт хийжээ. 2022 оны зун болсон их үерээр Каир бас Хартумд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ. Тэгвэл аль-Бурханы өрсөлдөгч Хамидти Эритрей болон Этиоптой сайн харилцаатай байх болж. Алтны ордод хамтран ажилласнаар Оростой ч дотно холбоо тогтоосон байна. Одоогийн байлдаан их хатуу ширүүн байгаа нь энэ бүх нөхцөл байдалтай холбоотой гэж Кристина Рёрс үзэж буй. Аль-Бурхан, Хамидти хоёрын аль алинд нь эрх мэдэл, нөлөө хэрэгтэй байгаа юм. 2018 оны арванхоёрдугаар сард эхэлж, улмаар аль-Баширыг “авч хаясан” олныг хамарсан эсэргүүцэл тэмцлийн явцад олон сая судан иргэд ардчиллын төлөө буйгаа илэрхийлж байсныг сайн мэдэх хоёр генерал одоо биенийхээ эсрэг тэмцлийг ард олныхоо ар хударгаар хийж байна. “Энэ бол ямраар ч үзсэн иргэний дайн биш, эрх мэдлийн төлөөх хоёр хүний тэмцэл юм. Суданы иргэд урьдын хэвээр ардчилсан өөрчлөлтийн зүгт ахиц гаргахыг хичээж, энэ зорилгоор тэмцлээ үргэлжлүүлж байна” хэмээн Марина Петер дүгнэжээ.
Суданы нийслэл Хартум хотод одоо буун дуу тачигнаж, бөмбөг дэлбэрэх, пуужин шунгинах чимээ энд тэндгүй сонсогдож байна. 500 шахам хүн амь үрэгдсэн гэх чимээ дуулдана. Нисэх онгоцны буудал нь хаалттай. Жирийн иргэд гэрээсээ толгойгоо цухуйлгаж чадахгүй, цахилгаан тасарч, тэдэнд уух ус, идэх хоол дутагдаж, эм тарианы хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдсээр. Дэлгүүр хоршоо нь онгойх боломжгүй. Хажуугаар нь дээрэм тонуул гаарч байна. Гудамжаар танк л явж харагдана. Хартум хотод таван сая хүн оршин суудаг юм.