“Улаанбаатар палас”-ын концертын танхимд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Концерт, хурал, цуглаан, УИХ-ын гишүүд тойргийн сонгогчдоо хүлээж авч, баярлуулах өдөрлөг гээд дурдаж болно. Тэрхүү тайзнаа зөвхөн бүжгээс бүрдүүлсэн, тайзыг ч, танхимыг ч давлагаалуулах мэт эзэмдсэн тоглолт анх удаа үзлээ.
Энэ нь бүжигчин, бүжиг дэглээч, найруулагч, судлаач, урлаг судлалын ухааны доктор М.Мөнгөнцэцэгийн “Тэнгри бүжи” хэмээн нэрийдсэн тоглолт юм. Үзсэн хүмүүс баяр цэнгэлд умбасны сацуу урлагийн бүжиг хэмээх төрлийн талаар багагүй бодоход хүрсэн болов уу. Тэр үдэш тайзнаа нүдэн баримжаагаар 200 гаруй бүжигчин гарсан. Тэдний 60-70 хувь нь М.Мөнгөнцэцэг багшийн шавь юм билээ. СУИС-ийн багш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Соёмбо” чуулгын багш тэрбээр 1979 онд бүжгийн урлагт хөл тавьсан цагаас өнөөг хүртэл энэ талбарт юу хийж бүтээснээ өөрөө дүгнэж, өрөөлд үзүүлэхийг хүсжээ. Тэнгри гэдэг нь эртний монгол хэлээр тэнгэр гэсэн үг. Бүжи гэдэг нь мөн л тухайн үед хэрэглэж байсан бүжиг гэсэн үг юм байна. Бүжиг нь цаг хугацаа, орон зайд баригддаггүй, ур чадвар, мэдрэмж ихээхэн шаарддаг, олуул, хамтаар гүйцэлдүүлдэг урлаг юм гэдгийг мөн хэлэхийг хүссэн аж.
Тоглолт гурван цаг үргэлжилсэн ч хэн ч танхимыг орхин гараагүй. Өндөрлөх мөч ойртох тусам үзэгчид уран бүтээлчидтэй улам нягтарч, бүжиг хэмээх агаараар нэгдэж, бүжигчнийг улам бүр хайрлаж байх шиг санагдав. М.Мөнгөнцэцэг багш “Тэнгри бүжи” тоглолтоо эртний, сурвалжит, бий биелгээ, орчин үеийн гэсэн дөрвөн хэсгээс бүрдүүлсэн байлаа. Эхний хэсэгт тухайлбал, мянган жилийн өмнө монголчууд яаж бүжиглэж байсан талаар мэдээлэл өгсөн. Харин төгсгөлийн хэсэгт өнөөдөр монголчууд яаж бүжиглэж байгааг спорт бүжгийн ДАШТ-ий дэд байрын шагналт “Moon dance” хамтлагийн үзүүлбэрээр танилцуулсан нь гэнэтийн бэлэг байлаа. Тус хамтлагийн бүжигчдийн 60 гаруй хувь М.Мөнгөнцэцэг багшийн шавь бөгөөд бүгд л багшдаа хүндэтгэл үзүүлж, хүрэлцэн ирж, уран чадварлаг тоглолтоо үзэгч олонд өргөн барьсан нь тэр байв.
“Тэнгри бүжи” нь байдаг нэгэн тоглолт бус, эрдэмтэн уран бүтээлчийн олон жилийн судалгааны ажлын биет, хөдөлгөөнт үзүүлэн мэт санагдаж байв. Өмнө нь хэдэнтээ дурдаж байсан тамганы бүжиг, тамган биелгээнүүдийг нь харлаа. Монголчуудын түүх, соёлын өв дундаршгүй, илүү судлууштай, хүн төрөлхтөнд тухай бүрт нь тунхаглан зарлууштай болохыг улам бүр ойлгов. Ийм нэгэн шинжлэх ухаанч гэж тодорхойлж болох тоглолт үзсэнээ уншигчидтайгаа хуваалцлаа.