Саяхан Хятадад хийсэн айлчлалынхаа үр дүнд Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвагийн сэтгэл нэн хангалуун байлаа. Бээжингээс мордохын өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа “Бразилтай хамтран ажиллахдаа дарга Си Зиньпин хийгээд түүний сайд нар онцгой сонирхолтой буйд сэтгэл таатай байна. Бидний стратегийн хамтын ажиллагаа цаашид улам бэхэжнэ, түүнийг сайжруулахын тулд хэнтэй ч тогтоосон харилцаагаа таслах хэрэггүй” гэж хэлжээ. Түүний үгээр бол Бразилулс гадаад бодлогодоо үндэсний бизнес, нийгмийнхээ эрх ашгийг удирдлага болгож, улс төр, үзэл суртлын сонголт хийхгүй аж.
Тэрбээр төрийн айлчлалынхаа хүрээнд энэ сарын 14-нд худалдааны томоохон түнш БНХАУ-ын даргатай уулзсан байна. Энэ хоёр улс эдийн засгийн БРИКС нэгдэлд багтдаг (Бразил, Орос, Хятад, Энэтхэг, Өмнөд Африкийн БНУ) юм. Бразилын удирдагч “Хөгжиж буй орнуудыг долларын дарлалаас чөлөөлье”, технологийн салбар дахь хамтын ажиллагаа, Орос, Украины зөрчлийг зохицуулах өөрийн төлөвлөгөө гэсэн уриатайгаар энэ айлчлалыг хийв. Айлчлалынхаа дүнд харилцан ойлгоцлын 15 санамж бичигт гарын үсэг зуржээ. Улсын болон хувийн, академийн байгууллагууд хамтран судалгаа хийх, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд солилцох, CBERS-6 хиймэл дагуул бүтээх, теле харилцаа холбооны 5G, интернэт, кибер аюулгүй байдлын технологи боловсруулах, хөдөө аж ахуй, худалдааны салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ. Бразилыг теле харилцаа холбооны аварга компани болох “Huawei”-гийн 5G төхөөрөмжийг Хятадаас худалдаж авахад нь саад хийхийг Америкийн эрх баригчид урьд нь оролдож байсан юм. Тэгвэл айлчлалынхаа эхэнд энэ сарын 13-нд Ерөнхийлөгч Лула да Силва Шанхайд байх тус компанийн судалгааны төвд зочилжээ. Профессор Яна Лексютинагийн хэлснээр бол Бразилулс, “Huawei” компанийн хамтын ажиллагаа өчигдөр, өнөөдрийн түүхтэй биш аж. Тус компани Бразилын зах зээлд 2013 оноос идэвхтэй нэвтэрсэн бөгөөд сая шинээр хийсэн тохиролцоо нь хамтын ажиллагааг бэхжүүлж, гүнзгийрүүлэхэд чиглэжээ.
БРИКС-ийн Хөгжлийн банкны удирдагч Дилма Руссефф (Бразилын Ерөнхийлөгч байсан) Шанхай хотноо шинэ албаа хашиж эхлэх ёслолд оролцохдоо Лула да Силва олон улсын худалдаанд тооцоо хийх бас нэг доллартой болох нь чухал хэмээн мэдэгдэв. Тус хоёр улсын бараа эргэлт 2022 онд урьд өмнө байгаагүй 150.5 тэрбум ам.долларт хүрчээ.
Луис Инасиу Лула да Силва 1945 онд олон хүүхэдтэй тариачны гэр бүлд төрсөн байна. 10 наснаасаа эцэггүй өсжээ. Дөрөвдүгээр ангиа төгсөөд сургуулиа хаяж, сүүлд нь технологийн мэргэжлийн техникумд суралцаж, механикч болов. 14 настайдаа металл боловсруулах заводод ажиллалаа. 1969 онд үйлдвэрийнхээ Үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүнд орж, улмаар Нийгмийн хамгааллын албыг нь толгойлжээ. 1975 онд 100 мянган хүнийг нэгтгэсэн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын даргаар ажиллав. 1964-1985 онд тус улсыг цэргийн дэглэм захирч байв. Тэрүед дарангуйлагч дэглэмийн сөрөг хүчний талд орж, бослого тэмцэл удирдан нэг бус удаа баривчлагдаж байлаа. 1980 онд ажилчны үйлдвэрчний эвлэлийн байгууллагад суурилж зүүн төвийн Хөдөлмөрийн нам бий болов. 1983 онд Бразилын нэгдсэн Үйлдвэрчний эвлэлийн төвийг үүсгэн байгуулагч, цэргийн дарангуйлагч дэглэмийн эсрэг тэмцлийг зохион байгуулагчийн нэг боллоо.
1986-1990 онд Лула геополитик, нийгэм, эдийн засгийн судалгаа хийдэг Үндэсний конгресст Сан-Паулугаас депутатаар сонгогдов. 1989, 1994, 1998, 2002 онд Хөдөлмөрийн нам түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлжээ. 2002 онд сонгуулийн хоёр дахь шатанд 61 хувийн саналавч, Социал-демократ намаас өрсөлдсөн Жозе Серруг ялав. 2006 онд мөн хоёр дахь шатанд 60.8 хувийн саналаар дахин сонгогдлоо. Лула да Силва 2003 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл улс орноо удирдсан юм. Түүний үед хувьчлалын үйлявц зогсов. Тэгэхдээ нэгэнт хувьчлагдсан өмчийг улсынх болгох бодлого явуулсангүй. Ядуурал, тэгш бус байдалтай тэмцэх зорилгоор нийгмийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг дотоод бодлогынхоо үндсэн чиглэл болгожээ. Тухайлбал, орлого багатай гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, “Гэр бүлийн тэтгэмж”, хүн амынхаа ядуу давхаргыг хүнсээр хангах “Өлсгөлөнгүй”, залуучуудыг ажилтай болоход нь туслах “Анхны ажил”, хүүхдийн эндэгдэл, албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэх хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байна. Лула да Силвагийн засаглал макро эдийн засгийн тогтвортой байдал, инфляц бага, ажилгүйдэл хорогдсон үзүүлэлтээр бусдаас ялгарч байв. 2003-2010 онд инфляц 14.7 хувь байснаа тав, ажилгүйдэл 10 байснаа 7.3 хувь болж, ядуу хүмүүсийн тоо хоёр дахин цөөрчээ. 2010 оны аравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Хөдөлмөрчдийн намаас Дилма Руссеффийг нэрээ дэвшүүлж, ялалт байгуулахад Лула да Силвагийн алдар хүнд нөлөөлсөн нь эргэлзээгүй. Лула хүн амынхаа 87 хувийн дэмжлэг хүлээж байхдаа хуулийн дагуу Ерөнхийлөгчийн албаа дараагийн хүндээ шилжүүлсэн юм.
Лулаг авлига авсан, 3.7 сая реал(тухайн үеийн ханшаар 1.1 сая ам.доллар) угаасан гэж буруутган, 2016 оны есдүгээр сард шүүхийн ажиллагааг эхлүүлсэн. Мөрдөн байцаалтын материалаас үзвэлЛула да Силва рашаан сувиллын Гуаружа (Сан-Паулу мужийн) хотод тансаг харштай байсан нь төрийн мэдлийн нефтийн “Petrobras” компанийн заль мэхтэй холбоотой, барилгын OAS компаниас түүний гэр бүлд өгсөн эд байж. Тэрбээр өөрийгөө буруугүй гэж мэлзсэн ч 2017 оны зун Лула буруугаа хүлээж, 12 жил, нэг сар шоронд хоригдох ялавч, 19 жилийн хугацаанд төрийн алба хаах эрхээ хасуулав. Ингээд шоронд 580 хоноод байтал2021 оны гуравдугаар сард цагаатгажээ.
2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Лула да Силва нэрээ дэвшүүлж, улс орондоо зэвсэг арилжих журмыг чангатгах, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, татварын тогтолцоонд өөрчлөлт хийх, ажлын байрууд шинээр бий болгох, хүлэмжийн хийн хэмжээг багасгах, хээл хахууль, интернэтэд ташаа мэдээлэл цацахын эсрэг тэмцэхээр мөрийн хөтөлбөртөө тусгав. Улсынхаа томоохон үйлдвэрүүдийг хувьчлахыг эсэргүүцжээ. 2026 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүйгээ кампанит ажлынхаа үеэр зарлалаа.
2022 оны сонгуульд ялж, 2023 оны нэгдүгээр сарын 1-нд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв. Энэ өдөр тэрбээр хэд хэдэн хуульд гарын үсэг зурсны дотор өмнөх Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн хэрэгжүүлж байсан түлш, шатахууны татвараас хураамж авахаас татгалзах шийдвэрийн хугацааг сунгалаа. Түүнээс гадна галт зэвсэг эзэмших эрхийг чангалж, ой модыг хууль бусаар огтлохтой хийх тэмцлийг хурцатгав. Латин-Америкийн болон Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгт Бразил улсаа буцаан орууллаа. Тус нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцохыг нь 2020 онд түр зогсоогоод байсан юм. Жаир Болсонаругийн талынхан нэгдүгээр сарын 8-нд тэмцэл хөдөлгөөн эхлүүлж, тэр нь олныг хамарсан эмх замбараагүй явдал болж төрийн байгууллагуудыг эзэлж авав. Тэдний хөлд Үндэсний конгресс (парламент)-ын байр, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дээд шүүхийн байр өртөж, 1.2 мянган хүнийг баривчлан саатуулсан. Энэхүү барууны үзэлт Ерөнхийлөгч асан Жаир Болсонару зарим талаар Хятадын эсрэг бодлого явуулж байв. Тэгтэл“Бүс ба зам” санаачилгын хүрээнд Бээжин Бразилд хэдийнээс их хөрөнгө оруулж, эрдэмтэн Розенталийн тэмдэглэснээр хоёр тал ойрын хугацааны хийгээд ирээдүйн хөрөнгө оруулалтаа аюулгүй байлгахыг хичээж буй аж.
Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээ зогсоохыг Лула да Силва АНУ-д уриалав. Бээжинд хийсэн айлчлалынхаа үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа “АНУ дайныг өөгшүүлэх мөртлөө энхийн тухай ярьдгаа болих ёстой” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр Европын Холбоо ч “энхийн тухай ярьж эхлэх” ёстой аж. Энэ маягаар “энхийн үйлс бол бүх дэлхийн эрх ашиг юм” гэдэгт Орос, Украины удирдагчдыг олон улсын хамтын нийгэмлэг итгүүлэх боломжтой гэж Бразилын Ерөнхийлөгч үзэж байгаа юм. Урьд нь тэрбээр энхийн үйлсэд хүрэхийн тулд Украины эрх баригчид буулт хийхэд саналнэгдэх нь чухал гэж мэдэгдэж байв. Лула Францын “Le Figaro” хэвлэлийн сурвалжлагчтай ярилцахдаа “Крымийг ОХУ-д нэгтгэхийг Киев зөвшөөрч, дайны эхээр Оросын цэргүүд эзэлж авсан газар нутгийн статусыг эргэж бодох ёстой. Ерөнхийлөгч Зеленский бүгдийг хүсэж болохгүй. Дэлхий дахин энхийг шаардаж байхад шийдвэрлэх замыг эрж хайх нь чухал” гэж хэлж байсан юм. Тэгвэл Украины Гадаад хэргийн яамны төлөөлөгч Олег Николенко “Газар нутгаар наймаалцдаггүй. Бид Украины нутаг дэвсгэрээс нэг сантиметрийг ч бусдад өгөх хууль, эрх зүй, улс төрийн юм уу, ёс суртахууны шалтгаан байхгүй. Украины байр суурь өөрчлөгдөхгүй. Украинд энх тайвныг сэргээхээр тавьж буй аливаа хүчин чармайлт НҮБ-ын дүрэмд заасан тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүхэлд нь сэргээх зарчим дээр тулгуурлах ёстой” гэж байр сууриа илэрхийлсэн. Украинд Орос довтолсныг шүүмжлээгүй, ОХУ-ын эсрэг хоригт нэгдээгүй цөөн улсын нэг нь Бразил юм.
Бразилын Ерөнхийлөгчөөр нэг бус удаа сонгогдоод байгаа Луис Инасиу Лула да Силва бэлэвсэн эр бөгөөд гурван хүү, нэг охинтой. Түүнийг төвөнхийн хавдартай гэж 2011 оны аравдугаар сард оношилсон байдаг. Хэсэг хугацаанд химийн эмчилгээ хийлгээд эрүүл саруул болсон, улс төрийн үйл ажиллагаандаа эргэж орно гэж тэрбээр 2012 оны гуравдугаар сард мэдэгдэж байсан юм.