Соёл урлагийн салбарынхан, тэр дундаа мэргэжлийн урлагийн байгууллагынхан цалингаа нэмүүлэх талаар төр, засагт шаардлага тавьж эхэллээ. Ингэхдээ тэд Үйлдвэрчний эвлэлийн хороодоороо дамжуулан дуу хоолойгоо илэрхийлсэн. Өмнө нь орон нутгийнхан суулт хийж байсан удаатай. Тухайлбал, Дархан-Уул аймгийн соёлын байгууллагынхныг дурдаж болно. Тэгвэл энэ удаагийн арга хэмжээ нэлээд өргөн хүрээг хамрах шинжтэй байна. УДЭТ-ын ҮЭХ-ны дарга, Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар “Манай салбарыг төр, засагт төлөөлж буй сайд цалин нэмүүлж чадахгүй нь. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээж, огцрох ёстой. Театр, чуулгууд ажиллах хүний нөөцгүй боллоо. Эхнээсээ БНСУ-д ажиллахаар явсан. Үнэндээ цалингаараа амьдрах аргагүй шүү дээ. Соёлын яам бид бүхний шаардлагад нааштай хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихэд бэлэн” гэсэн.
Тэмцлийн дараагийн хэлбэр юу байх талаар тодруулахыг оролдлоо. Театр, чуулгынхны дунд эхний ээлжид ажил хаяна, болохгүй бол ирэх зун төрийн концерт, наадмын нээлт зэргийг тасалдуулна гэсэн яриа байна.
Уран бүтээлчид яагаад үүндээ тулав. Тэдний цалин үнэхээр бага уу. Дуурийн театр, Улсын филармони, Үндэсний урлагийн их театрт ажилладаг хөгжимчдийн зарим нь ТҮСУ ангиллаар сард 766 480, харин нөгөө хэсэг нь 895 945 төгрөгийн цалин авдаг аж. Сар бүрийн 10-нд 400 мянга орчмыг, харин 25-нд 300 гаруй мянган төгрөг гар дээр нь ирдэг байна. Энэ мөнгө тэдний нүүр будалт, үс засалтад ч хүрдэггүй. Тийм учраас хөгжимчид эхнэр, нөхрийн, эсвэл эцэг, эх, эмээ, өвөөгийн цалин, орлого, тэтгэвэр зэргээс хумслагчид, тэднээр тэжээлгэгчид болдог гэнэ.
Оркестрын хөгжимчдөд бусадтай адил “халтуур” хийх боломж тэр бүр гардаггүй болохоор цалингаас цалингийн хооронд өр тавьдаг. Хэрвээ төлж чадахгүй бол өрийн дарамтад орж, сэтгэл санаагаар унан, хийж бүтээх хүсэл эрмэлзэлгүй болдог байна. Гэсэн хэдий ч эзэмшсэн мэргэжил нь энэ, тэгээд ч мэргэжилдээ, ажилдаа дуртай болохоор үүндээ эзэн байх гээд, түүндээ хөтлөгдөн амьдарчих гээд зүтгэсээр байдаг ажгуу. Зарим нь яах аргагүй амьдралд хүрэлцэхүйц цалинтай ажил хайж, мэргэжлээ, ажлаа орхидог аж. Үүнээс үүдэн манай улсын үндсэн гурван оркестр хүний нөөцийн хомсдолд орж эхэлжээ.
ДБЭТ, Улсын филармони, ҮУИТ-ын оркестрт ажиллах уран бүтээлч жил ирэх тусам цөөрсөөр. Нэгэн үед 72 хөгжимчинтэй болон өргөжсөн Филармонийн оркестрынхон өдгөө 48-уул болжээ. Тэтгэвэрт гарсан гурваа дуудсанаар 51-үүл тоглож буй аж. Томоохон уран бүтээл хийх болохоороо гаднаас хөгжимчид залж суулгадаг байна. Саяхан болсон С.Рахманиновын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан сонгодог хөгжмийн тоглолтоор гэхэд гаднаас 17 хөгжимчин авчирч байж сая оркестрын дуугаралтыг зохих түвшнийх болгожээ. Энэ тухай оркестрын дарга М.Энхтөр ярьсан юм.
Дуурийн театрын оркестрт өдгөө 56 хөгжимчин тоглож байгаагийн 48 нь үндсэн буюу орон тооных. Бусад нь гэрээт. Эднийд үндсэн орон тоонд ажилладаг нарийн бүрээч байхгүй. Фагот хөгжимчин хоёр байхаас ганцтай. Контрбассчид гурвуул байтал нэг нь саяхан гадаадад амьдрахаар явжээ. Консерваторт энэ мэргэжлээр сурч буй цөөн хэдэн оюутнаас сонгож тоглуулъя гэхээр нас, бие хаа, ур чадвар нь хүрдэггүй гэнэ. Тус сургуулийн утсан хөгжмийн ангид суралцаж буй оюутнуудаас мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажиллах түвшнийх болж өсөж хөгжих хүсэл тэмүүлэлтэй нь бий, эсэхэд эргэлздэг гэж театрын хөгжим ангийн дарга нь ярив. Төгсөгчид цалин голоод ирдэггүй гэнэ. Тэднийг мэргэжлийн сургуульд суралцаж төгссөн хэрнээ ажиллахгүй, ахиу цалин, орлого хайгаад явлаа гэж буруутгах аргагүй тухай ангийн дарга залуу ярьж, санаа алдаж байсан юм.
Мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажиллагсдын цалин муу байна, нэмэгдүүлэх шаардлагатай талаар Үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан төр, засагт удаа дараа сануулсаар ирсэн ч хэзээ ч, хэн ч хүлээж авч байгаагүй аж. Асуудал болгож, шийдвэрлүүлэх талаар санаа тавьж байгаагүйд гомдох бага хэрэг, цаашид эвлэрч суухгүй гэцгээж байна.
Цалин хөлс багын сацуу сүүлийн үед Соёлын яамны хандлага мэргэжлийн урлагийн байгууллагынхны ундууцлыг төрүүлсээр байгаа тухай ам өрсөн ярьцгааж байна. Дуурийн театрын хөгжим ангийн дарга С.Хүлэгбаатар “Соёлын яамнаас манай театрыг ирэх зургадугаар сарын 10-наар ажлаа зогсоо гэсэн. Бид төлөвлөгөөт ажлуудаа хийхгүй нь. “Тамгагүй төр” жүжгийг дахин тоглохтой холбоотойгоор ингэж зохицуул гэжээ. Тэгэхээр “Тамгагүй төр” л тоглож байвал бусад нь буюу дуурь, балет, хөгжим, театр байгуулагдсаны ой тэмдэглэх зэрэг ажил хамаагүй болж таарч байна. Арай чингэж болохгүй санагдаад байгаа юм” хэмээлээ.
ҮУИТ-ын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар хэвлэлд өгсөн ярицлгадаа мөн энэ талаар дурдаж, шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Түүнээс юу болсон талаар тодруулахад “Өмнө нь “Херо” ХХК-ийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг бид Соёлын яамнаас ирүүлсэн бичгийн дагуу бүхий л боломжоороо дэмжсэн. Бүхий л бүжигчдээ гэрэл, тайз, үйлчилгээний ажилчдын хамт өгч, хүн хүчээр хангасан. Өөрсдөө гадуур байр түрээслэн байж тоглолтоо хийх замаар тайзаа гаргаж өгсөн. Ээлжийн амралтдаа хүртэл өөрчлөлт оруулсан. Гэтэл одоо дахиад тоглох гэнэ. Соёлын яам тоглуулах гээд байгаа ч юм уу. Үүнтэй холбоотойгоор Драмын театр, манайх хоёр байрладаг байрны засварыг хойшлуулах юм байна. Дээврээсээ ус гоожиж, өрөөнүүд усанд автахад хүрдэг болсон ийм байрыг цаг алдалгүй засахын оронд хойшлуулах юм гэнэ. “Тамгагүй төр” жүжгийн бэлтгэл сургуулилалтыг хийлгэж, тоглуулж л байвал мэргэжлийн урлагийн гурван том байгууллагын ажил хамаагүй юм байх” хэмээн уцаарлангуй ярив.
Соёлын яамнаас лав ҮУИТ-т бас нэгэн даалгавар өгчээ. “Соёлын сэргэлт-23” аяныг 21 аймаг, 330 сумд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулах талаар Ч.Номинсайд өнгөрсөн сарын сүүлчээр тушаал гаргажээ. Аяныг орон нутагт соёл урлагаар үйлчлэх, соёлын боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор явуулах юм байна. Буруу гэхээргүй. Гэтэл мөн л тус театрын төлөвлөгөөт ажлуудыг юман чинээ тоохгүй, “Тэг, ингэ” гэж лүндэн буулгасан байх юм. ҮУИТ-т Говь-Алтай аймгийг хуваарилж өгчээ. Нэгэнт салбар хариуцсан сайд ийм даалгавар өгсөн болохоор биелүүлэхээс аргагүй бөгөөд тус театрын зүгээс нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй багийг Говь-Алтай аймагт илгээх бололтой. Тэдний дунд соён гэгээрүүлэх лекц унших хүн явах ёстой юм байна. Тэр хүн Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар тайлбарлаж явах юм байх. Эндээс харахад өнөөгийн эрх баригчид, Засгийн газар урьдын адил нийгмийн бүхий л салбарын салаа мөчир бүрийг УИХ-ын сонгууль угтуулж олон нийтийн санаа бодлыг эзэмдэх, урвуулахад дайчилж ирсэн туршлага, практик хэвээр гэдэг нь ойлгогдож байна. Мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид үүнд илүүтэй бухимдаж байгаагаа хэлсэн.
Үнэндээ соёл, урлагийнхныг төр, засгийн зүгээс нохойд барьдаг мод мэт санан, ингэж зоргоор дарамталж байсныг санахгүй юм байна. Салбарын яамтай байхын давуу тал гэж байна уу гэхээс биш, ийм хор уршиг тарих юм гэж бодож байсангүй.
Эрх баригч намын зүгээс салбарын сайдад олон нийтийн санаа бодлыг урлагийнхны тусламжтайгаар барьж, тогтоох тухай даалгавар өгч дээ гэж харж байна. Соёл урлагийн салбарыг, мэргэжлийн урлагийн байгууллагуудыг, уран бүтээлчдийг ингэж улс төрд ашиглах ерөндөг болгож байх эрх мэдэл өнөөгийн Засгийн газар, сайдад л байдаг гэлтэй. Өмнө нь түүхэнд ийм завхрал байсангүй. Энэ өнцгөөс авч үзэхэд урлагийн байгууллагуудад ажиллагсдын ажил хаяна, улсын баяр наадам, төрийн концертыг тасалдуулна гэж бухимдаж байгаатай санал нийлэхгүй байхын аргагүй.
Төрийн, тэр дундаа соёл урлагийн байгууллагынхан гэхээрээ төрд дураар тийчлэгчдийн дохиурын үзүүрт бөнжигнөж байх өөрийн ухаангүй хүмүүс биш билээ.