Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан сумын нутгийг дамнан оршдог Баянцагааны талын байгалийн нөөц газарт хамгаалалтын дотоод бүсчлэл тогтоохоор болжээ. Тухайн бүс нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар 2014 онд улсын тусгай хамгаалалтад авсан ч бэлчээрийн хэт ашиглалтын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд ихээхэн талхлагдаж доройтсон байна. Шарилж, лууль зэрэг хөл газрын ургамал зонхилсноос хөрсний үржил шим алдагдаж, цагаан зээр нутаглах боломжгүйд хүрчээ. Иймд орон нутгаас менежментийн төлөвлөгөөг нь шинэчилж, дотоод бүсчлэл тогтоохоор шийдвэрлэсэн аж. Баянцагааны тал нь хялганат хээрийн экосистемийн чухал бүрдэл хэсэгт тооцогддог учир дээрх хоёр сумаас гадна Дорнодын Хөлөнбуйрын төлөөллийг багтаан хамтын менежментийн зөвлөл байгуулахаар болжээ. Мөн хамгаалалтын захиргаа байгуулж, дээрх гурван сум тус бүрт байгаль хамгаалагч ажиллуулахаар санал нэгдсэн байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл