Аргентины тэргүүн хамба байсан Хорхе Марио Бергольо 2013 оны гуравдугаар сарын 13-нд Ромын хамба, Ватикан хэмээх хот-улсын тэргүүн болсон. Ингэснээр Шинэ ертөнцөөс энэ албанд сонгогдсон анхны, 1200 гаруй жилийн хугацаанд III Григорийгоос хойш Европоос өөр бүс нутгаас төрсөн анхны хамба болсон юм. Тэрбээр 1936 онд Буэнос-Айрес хотноо Италийн цагаач, төмөр замын ажилчны гэрт таван хүүхдийн отгон нь болон мэндэлжээ. Химийн технологичийн үнэмлэх авсан ч цааш үргэлжлүүлэн коллежид сурч, философийн зэрэгтэй болж Буэнос-Айресийн гурван ч коллежид багшилж, уран зохиол, философи, шашны сургаал заах болов. Хажуугаар нь испаниас гадна итали, герман, хэлээр чөлөөтэй ярьдаг болсон байна. Тэгсэн хэрнээ шөнийн клубт ажиллаж, цэвэрлэгч, лаборант ч хийж явж. Тэгснээ 1980 онд гэгээн иосифийн семинарын захирлаар томилогдож ч үзэв. Энэ ажлыг 1986 он хүртэл эрхэлжээ. Дараа нь Германд эрдмийн цол хамгаалж, эх орондоо эргэж ирээд номлогч болов.
1992 онд Буэнос-Айресийн тэргүүн хамбын туслахаар томилогдлоо. Тэргүүн хамба нь албан үүргээ гүйцэтгэхээ больсноор 1997 онд түүний өвийг залгамжлах эрхтэй болжээ. Тэргүүн хамба 1998 оны эхээр өөд болж Хорхе Марио Бергольо Буэнос-Айресийн шашны тэргүүний суудалд залрав.
Ромын хамба байсан II Иоанн Павел 2001 онд түүнийг Ватиканы ширээт лам нарын бүрэлдэхүүнд дэвшүүллээ. Ингэснээр Ромын дээд зиндаанд хэд хэдэн чухал албыг хаших болсон байна. Түүнчлэн Латин Америкийн болон Тэргүүн хамбын гэр бүлийн асуудлаарх зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.
Тэрбээр их даруу, нийгмийн шударга ёсонд үнэнчээрээ бусдаас ялгардаг нэгэн аж. Тун энгийн боргил амьдардаг байсан нь түүний нэр хүнд өсөхөд тодорхой нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Ийм албаны хүнийх гэхээргүй жижиг сууцад амьдарч, тусдаа унаа, жолоочтой байхаас татгалзаж, нийтийн тээврээр зорчдог, зарим мэдээллээр бол хоолоо өөрөө хийдэг байж. Тэгтэл 1976 онд иезуитийн хоёр санваартныг хулгайлахад цэргийн хунттай хуйвалдсан хэмээн 2005 оны гуравдугаар сард түүнд эрүүгийн хэрэг үүсгэв. Уг хэргийг мөрдөн шалгаж байсан Аргентины шүүгч Херман Кастелли 2013 оны гуравдугаар сард “La Na¬cion” сонины сурвалжлагчтай ярилцахдаа “Ромын хамба Франциск тэдгээр ламыг хунтынханд “өгсөн” гэх мэдээлэл огт худал байсан. Бид бүгдийг шинжилж, хардлага сэрдлэгийн талаар мэдүүлэг авч, баримт материалыг хянаж үзээд тухайн тохиолдолд түүний хийсэн үйлдэл хууль, эрх зүйн хувьд хамтран оролцсон хэрэг биш гэж дүгнэсэн” хэмээсэн байдаг.
Ромын тэргүүн II Иоанн Павел амьсгал хурааж, 2005 онд түүний оронд Йозеф Ратцингерийг сонголоо. Хамба нарын зөвлөлийн энэ хуралд оролцсон нэгний нэр усгүй тэмдэглэл хэвлэлд гарсан бөгөөд жинхэнэ эх мөн биш нь тогтоогдоогүй. Түүнд өгүүлснээр бол Ратцингерийн гол өрсөлдөгч нь Бергольо байжээ. Гурав дахь удаагаа санал хураахад тэрбээр 40 хүний дэмжлэг авсан байснаа дөрөв дэх шийдвэрлэх даваанд уг тоо 26 болжээ.
2013 оны гуравдугаар сарын 13-нд болсон сонгуулиар Хорхе Марио Бергольо Ромын тэргүүн хамба ламаар сонгогдож, зургаан хоногийн дараагаас Франциск гэх сахилын нэрээр албаа хашиж эхлэв. Нэг жил хагас орчмын дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа өөрөөс нь өмнө энэ өндөр сэнтийд заларч байсан хүний адилаар эрүүл мэндээс бусад шалтгаанаар суудлаасаа буухгүй гэж хэлсэн байдаг. Гэр бүл салах үйл явцыг хялбаршуулсан өөрчлөлтийг 2015 онд түүний удирдлагаар хийв. Гэр бүлийн асуудал, орчин цагт түүний эзлэх байр суурийн талаар өгүүлсэн сургаалаа “Хайрын баяр баясгалан” нэрээр 2016 онд хэвлүүлжээ.
Шашны үйл хэргийн хүрээлэн буюу Ватиканы Төвбанк түүхэндээ анх удаа 2013 оны аравдугаар сард нэг жилийн тайлангаа олны сонорт хүргэв. 2014 онд тэргүүн хамбын шийдвэрээр авлигатай тэмцэх ажлын хүрээнд тус банкны удирдлагыг солилоо. 2015 оны эцсээр мөн түүний шийдвэр гарч Ватиканы санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн шалгалт хийжээ. Франциск 2018 онд цаазын ялыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, Америкт хүн амынхаа тоогоор дөрөвдүгээрт ордог Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо үүнийг дэмжсэн хуулийн төсөл өргөн барьсан нь тэргүүн хамбын санаачилгын практик ач холбогдлыг харуулсан байна.
2014 оны аравдугаар сарын 29-нд тэргүүн хамба Франциск Шинжлэх ухааны академи дээр мэдэгдэхдээ “Бид бурхныг шидэт дохиурын тусламжаар хүссэнээ бий болгодог увдистай мэтээр төсөөлдөг. Тийм биш шүү” гэж хэлжээ.
Франциск ламтан 2010 онд Аргентины Засгийн газар хүчин төгөлдөр болгосноос хойш ижил хүйстнүүд гэрлэхийг зөвшөөрсөн хууль тогтоомжийг шийдвэртэй эсэргүүцэж ирсэн. Буэнос-Айресийн сүм хийдүүдэд хандаж бичсэн захидалдаа “Гэнэн байхаа больцгооё. Бид улс төрийн жирийн тэмцэл, жирийн хуулийн төслийн тухай биш, бурхны үр садыг будилуулж, хуурахыг эрмэлзэж буй заль мэхийн тухай ярьж буй юм шүү” гэж бичсэн аж. 2013 онд сэтгүүлчтэй ярилцахдаа “Хүйсийн чиг баримжаа өөр ч сайхан сэтгэлтэй, бурханд сүсэгтэй хүн байвал би түүнийг шүүх хэн юм бэ” гэж хэлж байжээ.
Гэхдээ Ромын тэргүүн хамба хоёрдмол хандлагатай хүн гэгддэг. Тухайлбал, ижил хүйстнүүдийг шүүмжлэх хэрнээ тэднийг гэрлэхийг дэмждэг либерал үзэлт хамбуудын талд ордог байлаа. 2016 оны зун “Ромын католик сүм хийд, жирийн христос шашинтнууд ижил хүйстнүүдэд урьд нь хэрхэн хандаж байсныхаа төлөө тэднээс уучлалт хүсэх ёстой” гэж мэдэгдэж байв. Түүний бодлоор бэлгийн цөөнхөд хүндэтгэлтэй хандаж, тэднийг ялгаварлан гадуурхах ёсгүй аж. Найруулагч Евгений Афинеевскийн бүтээсэн “Франческо” гэдэг баримтат кинонд Франциск “хүйсийн ялгаваргүй бэлгийн харилцаанд ордог хүмүүс гэр бүлтэй болох эрхтэй. Тэд чинь бурхны үр сад. Тэдний эрхийг хамгаалах иргэний хууль бидэнд хэрэгтэй байгаа юм” гэж хэлсэн байдаг. Ватиканы эх сурвалжаас үзвэл тэргүүн хамба “ханилах”, “гэр бүл” гэсэн үгийг хэрэглэдэггүй”, “иргэний хамтын амьдрал” хэмээдэг гэнэ. Ядуу хүмүүст өршөөл энэрэлтэй хандахыг ямагт номлодог мөртлөө нийгмийн шударга ёсны асуудалд төдийлөн анхаардаггүйд нь зарим ажиглагч урам муутай байдаг аж. Тэрбээр чөлөөт зах зээлийн бодлого шударга гэдэгт эргэлздэгээ олны өмнө илэрхийлж байв. Эцэггүй хүүхдүүдийг загалмайлахаас дургүйцдэг лам нарыг Франциск шүүмжилж, үр хөндүүлэлгүйгээр хүүхдэдээ амьдрал бэлэглэсэн ганц бие хүүхнүүдийг ихэд үнэлдэг.
Францискийг Аргентины дарангуйлагч асан Хуан Пероны үзлийг баримтлагч хэмээн хэсэг сэтгүүлч, улстөрч үзэж байсан цаг бий. Огцорсон Ерөнхийлөгчийг албан тушаалд нь эргүүлж авчрах зорилготой хүмүүсийн “Төмөр гварди” нэртэй нууц байгууллагатай багшилж байх үеэсээ холбогдсон гэж сэтгүүлч Орасио Вербитски үзэж байв. 2016 оны эцсээр Ватиканы төвд байх Гэгээн Петрийн талбайд очих үед нь нэгэн эмэгтэй хамбын гараас татаж өөртөө ойртуулахад нь Франциск дургүйцэж түүний гар луу цохиод авчээ. Үүний фото зураг хэвлэл, нийгмийн сүлжээгээр тархаж, олон түмэн үүнд шүүмжлэлтэй хандсан байна. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд уламжлалт мөргөл үйлдэх үедээ Ромын тэргүүн хамба “тэвчээр алдсаныхаа” төлөө уучлал гуйв.
Украины эсрэг Орост үйлдэж буй түрэмгийлэлд Франциск эрс шүүмжлэлтэй ханддаг. Украин руу Орос довтолсны дараахан 2022 оны гуравдугаар сард Ватиканд суугаа ОХУ-ын ЭСЯ-нд морилсон нь үлгэр жишээ авахуйц алхам болов. Тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, харамслаа илэрхийлээд “яриа хэлэлцээр хийх орон зай” олохыг Ватикан хичээх болно гэж мэдэгдсэн юм. Түүгээр ч барахгүй Украинд туслуулахаар өндөр албаны хоёр санваартнаа илгээсэн нь Ватиканы хувьд дипломатын онцгой алхам гэгдэх болжээ.
2022 оны гуравдугаар сарын 6-нд “Украинд цус, нулимс гол шиг урсаж байна. Энэ бол цэргийн зүгээр нэг тусгай ажиллагаа биш, үхэл, сүйрэл, уй гуниг тарьсан дайн юм” гэж хэлсэн. 2022 оны тавдугаар сарын 3-нд сурвалжлагчийн асуултад хариулахдаа 2016 оны хоёрдугаар сард Гавана хотноо Оросын үнэн алдартны шашны тэргүүн Кириллтэй уулзаж, ОХУ-ын түрэмгий үйлдлийн шалтгааны талаар “лекц” сонссоноо дурсаад “энх тайванд хүрэх замыг хамтдаа хайхыг” түүнд уриалсан байна. Украин дахь дайн зөвхөн Оросын төдийгүй хэд хэдэн “эзэнт улсын” эрх ашиг мөргөлдсөнөөс үүссэн гэж үздэгээ, дэлхийн III дайны эхлэл ч байж болзошгүй хэмээн дүгнэж буйгаа Франциск энэ оны гуравдугаар сард илэрхийлсэн юм.
Ташрамд дурдахад, тэргүүн хамба Франциск ирэх есдүгээр сард Монгол Улсад айлчлахаа илэрхийлээд буй билээ.