Буриад уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнг хоёр дахь удаагаа “Норфей арт” галерейд гаргаж байна. Уран зураг, уран баримал, монгол зураг, зураасан зураг төрлийн 30 гаруй бүтээлээс бүрдсэн уг үзэсгэлэнг зураач Г.Ганбаяр зохион байгуулж буй аж. Дүрслэх урлагийн дээд сургуулийн төгсөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл багшийн шавь тэрбээр өмнө нь нэг удаа бие даасан үзэсгэлэн гаргаж байжээ. Тухайн үеийн туршлагадаа тулгуурлан бусад уран бүтээлчийг урин, хамтрахаар шийдэн ийнхүү өргөн цар хүрээтэй үзэсгэлэн гаргахаар болсон байна. Үзэсгэлэнд нийслэлд төвлөрч ажилладгаас гадна Дорнод, Хэнтий, Булган, Сэлэнгэ гээд буриад зон олноор суурьшдаг аймгаас мэргэжлийн 20 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн аж. Өмнөх үзэсгэлэнд залуу уран бүтээлч ихэвчлэн оролцсон бол энэ удаа Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал, Н.Адьяабазар нарын томоохон туурвигчид нэгдсэн байна.
Буриад дээлтэй залуухан гоо бүсгүй буган хөшөө, хүн чулуун хаалганы наана алга хавсран, нүдээ аньж залбиран зогсох нь энэрэл, нигүүлсэл, орчлонгийн амар амгалангийн тухай өгүүлэх мэт. Энэ бол зураач Ц.Баатарцогийн “Залбирал” хэмээх зураг. Тэгвэл Б.Бямбажавын “Хязгааргүй” хэмээх абстракт төсөөлөл ер бусын зохиомж, өнгөтэй. Түүнийг харахад жаргал, зовлон ээлжлэн үргэлжлэх амьдралын хүрдний тухай бодолхийлэх ч шиг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргалын “Өглөө” гэж нэрийдсэн бүтээл мөн анхаарал татсан. Өглөөний цэвэр тунгалаг агаар, өвс ногооны анхилам үнэрийг үзэсгэлэн гоо буриад бүсгүйн шийдэмгий харцтай хослуулсан нь нэгийг хэлэх гэсэн мэт. Энэ мэтчилэн тус бүртээ санаа, сэдэл, сэдэв, агуулга ялгаатай бүтээлүүдийг үзэсгэлэнд толилуулжээ. Буриад уран бүтээлчдийг хооронд нь танилцуулах, бүтээл туурвилыг нь олны хүртээл болгох зорилготой уг арга хэмжээг цаашид гурван жил тутамд зохион байгуулах аж.