Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан Түнш байгууллагуудын уулзалтыг Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Засгийн Газар, хувийн хэвшил болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Олон улсын хөгжлийн түнш байгууллагуудын төлөөллүүд оролцож, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх 2023-2027 оны Улс орны хөтөлбөр болон хамтын ажиллагааны стратегийн талаар хэлэлцэж, түнш байгууллагуудын үүрэг оролцооны талаар зөвлөлдсөн.
Бага насны хүүхдийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хамгаалал, өсвөр үе залуус зэрэг Монгол Улсад хүүхдийн эрхийг хангаж, хүүхдийн хөгжлийг дэмжихэд тулгарч буй үндсэн 5 чиглэлээр хэлэлцүүлэг өрнөсөн. Дээрх асуудлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хүүхэд хамгааллын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон талт хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ.