Жил бүр Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертыг хэн найруулах талаар өргөн хэлэлцүүлэг болдог. Мөн найруулагчийн ур ухаан, чадал чансаа хэр байсан талаар шүүмжлэл хөвөрдөг. Тийм хэдий ч өнгөрсөн жилүүдэд Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертыг дэглэсэн найруулагчид нэг нь нөгөөгөөсөө ялгарсан, гоцгойрсон зүйлгүй байсан. Өөрөөр хэлбэл, олон зуун саяыг зарлагадаж төр ёсны баяраа тэмдэглэдэг ч наадмын найруулга хүлээлтэд хүрээгүй гэсэн үг.
Тэгвэл өнөө жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертыг найруулах найруулагчийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. Тодорхой хэлбэл, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг билэгдсэн Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний агуулга, агуулгын үзэл санаа, утга зохиолын төрөл зүйлийн илэрхийлэл бүхий Нээлт, хаалт, Хүндэтгэлийн концертын зохиолын найруулга, найруулагчийг шалгаруулна.
Найруулагчийг шалгаруулах хугацаа 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжлэх аж. Найруулагчдын битүүмжилсэн зохиолыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтэст хүлээн авах нь.