Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ээлжит хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагын төлөөлөл 50 гаруй хүн оролцсон.
Хэлэлцүүлэгт Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд гэр бүл, хүүхдийн байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, оролцоо сэдвээр илтгэлийг ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын шинжээч М.Цолмон нар хэлэлцүүлэв.
Оролцогчид хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, хуулийн судалгааг сайн хийх, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй зарим онцлог асуудлыг судалж хуулийн зохицуулалт бий болгох, гэрлэлт цуцлалтаас өмнө эвлэрүүлэн зуучлах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, сэтгэл зүйч ажиллуулах, хуулийг сайн сурталчлах, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох зэрэг үйл ажиллагаанд ахмадын байгууллагатай хамтран ажиллах зэрэг үр дүнтэй саналууд гаргалаа. Саналыг ажлын хэсэг анхааран судалж хуулийн төсөлд тусгах, хуулийн төслийн хэлэлцүүлгийг дахин өргөн хүрээгээр хийхээр боллоо.