Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа уул уурхайн бус экспортын салбарынхантай хийлээ.
Уулзалтад ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон хүнсний бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир, гоо сайхан, эм, эмийн бүтээгдэхүүн, мэдээллийн технологи, банк бус, судалгаа, маркетингийн салбарын төлөөлөл оролцлоо.
Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж 0.5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байна. Уул уурхайн бус экспортын салбарт 704 аж ахуйн нэгж ажиллаж, 55 улсад 62 бүлгийн 233 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж байна. Үүнд самнаагүй болон самнасан үс, хялгас, самар, лаазалсан махан бүтээгдэхүүн, өлөн, сүлжмэл гадуур болон дотуур хувцас, адууны мах, хөнгөн цагаан бусад багтаж байна.
Уул уурхайн бус экспортын салбарын нийт экспортод эзлэх хувь өнөөдөр бага байгаа ч нөөц боломж, эдийн засагт үзүүлэх хувь нэмэр их гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, төлбөрийн тэнцлийг үүнд дурдаж болно. Экспорт нэмэгдвэл төлбөрийн тэнцэл ашигтай гарна. Ингэснээр улсын валютын нөөц нэмэгдэж, төлбөрийн чадвар сайжирна. Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 7.3 дахин өссөн үзүүлэлт юм. Бид хамтран ажилласнаар үүнийг цаашид нэмэх боломжтой гэв.
Монгол Улсын Засгийн газраас гадаад худалдааг цахим, хүнд сурталгүй, оновчтой болгох, шинэ боломжуудыг нээх зорилго тавьж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тухайлбал, бараа бүтээгдэхүүнийг экспортлоход бичиг баримтын бүрдүүлэлт, хил дээрх үйл ажиллагаанд 302 цаг зарцуулж байгааг 16 дахин багасгахаар ажиллаж байна. Үүнээс гадна үйлчилгээний худалдааг хөгжүүлэх үүн дотор аялал жуулчлалыг үйлчилгээний экспортын тэргүүлэх салбар болгох, экспортыг төрөлжүүлэх, боловсруулалтыг нэг шат ахиулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зэрэг чиглэлийг гадаад худалдааны бодлогод баримтлан ажиллаж байна.