Гудамжны самбар болон сошиал сүлжээнд 83/17 гэсэн тоо явж эхэлсэн нь нийгмийн сүлжээнд томоохон хэлэлцүүлэг өрнүүлээд буй. Хүмүүс өөр өөрийнхөөрөө эл тооны утгыг тайлах гэж таамаглал дэвшүүлсэн. Тайлбарууд өөр хоорондоо ялгаатай ч санал нэгдсэн зүйл нь хэт зөрүүтэй тоо байна гэсэн дүгнэлт юм. Тэнцвэртэй бус, шударга бус зүйл байна гэж үзсэн хэрэг. Тэгвэл энэхүү нөлөөллийн ажлыг Эмэгтэйчүүдийн Манлайллын сүлжээ, Сонгогчдын боловсрол төв ТББ, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ ТББ, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, Бүтэн бүлээн ТББ, Нийгэм, улс төрийн боловсрол ТББ, Мэргэжлийн социологичдын холбоо ТББ хамтран зохион байгуулж буй. Тэд шийдвэр гаргах түвшинд буюу УИХ-ын гишүүдийн 83 хувь нь эрчүүд, 17 хувь нь эмэгтэйчүүд байгаа учраас ийн хамтарч нөлөөллийн ажлаа эхлүүлжээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 гишүүний 63 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй. Энэ нь дэлхийн дундаж байтугай Азийн дунджаас бага үзүүлэлт болдог. Нас, хүйс хэт давамгайлж гарсан бодлого, шийдвэр нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоог хангаж чадахгүй байгаа учир олон нийтийн анхаарлыг хандуулахаар иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж уг нөлөөллийн ажлыг эхлүүлсэн гэсэн үг. Монголчууд ардчилсан Үндсэн хуулиа 1992 онд баталж "...Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй" хэмээн тунхагласнаас хойш 30 жил өнгөрчээ. Гэвч статистикаас харахад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо маш доогуур үзүүлэлттэй байна. 30 жилийн турш сонгогдсон нийт эмэгтэй гишүүдийн тоо 65 байгаа нь 76 гишүүний суудлын тоонд ч хүрэхгүй хэмжээнд байна. Өнөөдөр Монгол Улсын хүн ам 3.4 сая, үүний 49 хувь нь эрэгтэй, 51 хувь нь эмэгтэйчүүд. Хүн амын талаас илүү хувийг бүрдүүлдэг өндөр боловсролтой хүний нөөцөө бүрэн дүүрэн дайчилж чадахгүй байгаа төдийгүй төрийн бодлого, шийдвэр гаргалтад оролцоо нь хангагдахгүй байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах зайлшгүй шаардлага бий болсон.
Парламентад нас, хүйс хэт давамгайлж, тэгш оролцоо, тэгш төлөөлөл алдагдсан нь төрийн бодлого шийдвэрүүдэд ч нөлөөлж байна. Ер нь шийдвэр гаргах түвшинд нийгмийн бүх бүлгийн төлөөллийг хангах нь ардчиллын үндсэн шаардлага. Харамсалтай нь намууд хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд ахиц дэвшил гаргахгүй удсан. Уг нь улс оронд тулгарч буй олон олон асуудлыг бүрэн цогцоор шийдвэрлэхэд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн аль алиных нь оролцоо чухал юм. Монгол Улсын Их Хурлын гишүүдийн 17.1, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 27.1 хувь нь эмэгтэйчүүд. Монгол Улс жендерийн тэгш байдлын 2022 оны индексээрээ 146 орноос 70 дугаарт эрэмбэлэгдэж, улс төрийн эрх мэдэл, оролцооны байдлаар 113 дугаарт эрэмбэлэгдэж, суул мушгиж буй. Төлөөллийн тэнцвэр хангагдаж, аль нэг хүйс хэт давамгайлахгүй, эрх тэгш оролцоотой болсноор хүний эрх хангагдана, нийгэмд хүйсийн ялгаварлал арилах боломж бүрдэх давуу талтай. Одоо ид яригдаж буй УИХ-ын Сонгуулийн тухай хуульд төлөөллийн тэнцвэртэй байдлыг хэрхэн хангах, хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Эмэгтэйчүүдийн Манлайллын сүлжээ, Сонгогчдын боловсрол төв ТББ, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ ТББ, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, Бүтэн бүлээн ТББ, Нийгэм, улс төрийн боловсрол ТББ, Мэргэжлийн социологичдын холбоо ТББ хамтран дээрх тэнцвэртэй байдлыг хангуулахад нөлөөлөхөөр ажиллаж байна.